logo
Энэтхэгчүүд нүд хальтрам үзүүлбэр үзүүллээ

Энэтхэгчүүд нүд хальтрам үзүүлбэр үзүүллээ

2011/11/30
Дэлхийн улс орнуудад авъяастан шалгаруулах зорилгоор олон төрлийн тэмцээн зохион явуулдаг. Америкийн шүтээн, Авъяаслаг Британичууд гэх мэт шоунд олон мянган хүн оролцож, авъяас чадвараа олонд харуулдаг. Мөн эдгээр шоуг олон сая хүн телевизээр амтархан үздэг. Англид зохиогдсон Авъяаслаг Британичууд шоунд оролцсон монгол эмэгтэй уран нугаралтын үзүүлбэр үзүүлэн алдарт шүүгч Саймон Ковелийг бишрүүлж байсан нь саяхан. Харин Авъяаслаг Хятадууд тэмцээнд оролцсон өвөрмонгол хүү Уудам "Алсад суугаа ээж" дууг дуулж, тэмцээний шүүгчдийг төдийгүй Хятад түмнийг уяраагаад авсан. Улаанбаатарт Авъяаслаг Монголчууд тэмцээн амжилтай зохиогдож өндөрлөсөн билээ. Энэ тэмцээний үеэр сонин содон авъяастай хүмүүс шүүгчдийг бишгүй гайхашруулж байсан юм. Энэ мэт авъяастан шалгаруулах тэмцээнд оролцогчид дуулж бүжиглэхээс гадна олон янзын содон авъяасаа үзүүлдэг. Тэгвэл Энэтхэгт зохиогдсон авъяастан шалгаруулах тэмцээнд оролцогч залуус шүүгчдээ байх суух газаргүй болгожээ. Уг нь шүүгчид эхэндээ тэдний тэсвэр тэвчээр, хүч тамирын үзүүлбэрүүдийг сонирхож байсан боловч сүүлдээ нүд хальтрам үзүүлбэрүүд тэднийг алмайруулж орхисон байна. Ялангуяа нэгнийхээ толгой дээр гурван давхар тоосго тавиад хагалах, нэгнийгээ машинаар дайрч байгаад мотоциклоор толгой дээгүүр нь явж өнгөрөх зэрэг үзүүлбэрүүд эмэгтэй шүүгчийг бүр айлгаж орхижээ. Харгис ч гэмээр үзүүлбэрүүд эрэгтэй шүүгчдийг ч мөн эвгүй байдалд оруулсан байна. Харин гурван эрэгтэйг хооронд нь хадаастай тавцантайгаар давхарлан хэвтүүлж, хамгийн дээд талын эрэгтэйн бие дээр блок хагалж буй үзүүлбэрийн дараа шүүгчид болон үзэгчид алга ташсан байна. Харамсалтай нь нүд хальтрам үзүүлбэрүүддийн дараа оролцогчдын бие цусанд будагдсан байжээ.
Youtube сайтад тавигдсан энэ бичлэгийг 20.000 гаруй хүн үзсэн байна. Та бүхэнд энэхүү бичлэгийг хүргье.

Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш