logo
Сэиф Аль-Исламыг газарчин нь барьж өгчээ

Сэиф Аль-Исламыг газарчин нь барьж өгчээ

2011/11/30
Их удирдагч Муаммар Каддафигийн залгамжлагч гэгдэж байсан Сэиф Ал-Ислам Каддафи баривчлагдаж шүүх хурлаа хүлээн нууц газар хоригдож байгаа талаар бид мэдээлж байсан. Сэиф Ал-Ислам Нигер рүү оргон зайлах гэж байгаад Ливийн өмнөд хэсгийн элсэн цөлөөс баригдсан. Түүнийг хэрхэн яаж баригдсан талаар мэдээлэл бага байсан. Харин  эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүнийг цөлөөр газарчилж явсан хөтөч нь зэвсэгт дайчдад барьж өгчээ. Нүүдэлчэн омгуудын амьдардаг элсэн цөлийн газарчин хар алчуураар толгойгоо ороосон Юусеф Аль-Хотмани олон нийтэд Сэиф Ал-Исламыг хэрхэн барьсан тухайгаа зарласан байна. Бага зэрэг шархдаад байсан Сэиф Ал-Ислам Нигер улс руу гаргаж өгсний хариуд Юусеф Аль-Хотманид 1 сая евро өгөхөөр амлаад байжээ. Түүний ярьж байгаагаар Хотмани цөлийн дунд хэсгийн зурваст Сэифийг саатуулахаар өөрийн болон зэвсэгт дайчидтай нууцаар тохиролцсон байжээ. Тэрээр урд талын машин буюу Сэиф Ал-Исламын хамгаалагчийн машинд сууж явжээ. Харин Зинтан хотын хувьсгалт дайчдын командлагч болон Хотманигийн омгийн хүмүүс тэднийг шөнө элсэн цөлд отож байсан байна. Бие хамгаалагч сууж явсан эхний машинд занганд орж ирмэгц буудаж эхлэн, түвэггүйхэн саатуулж, хүмүүсийг баривчилсан байна. Харин Сэиф Ал-Исламыг суулгаж явсан 2 дахь машин урд машинаас 3 км-ийн зайтай явж байсан нь мөрөө баллах, дайчид зохион байгуулагдах боломж олгожээ. Сэифийн машин гарч ирмэгц машин руу нь буудаж, гэмтээн цааш зугтах боломжгүй болгожээ. Сэиф машинаасаа буун цөл дундуур зугтсан боловч удалгүй дайчдад баривчлагджээ. Хотманид хэдийгээр Сэиф 1 сая евро амласан ч замдаа ширхэг пенни ч өгөөгүй тул Хотмани сэжиг авчээ. Түүнийг Нигерийн хил гарангуутаа егүүтгэх нь гэж таамагласан Хотмани нутгийн дайчидтай сэмхэн хэл авалцсан байна. Зэвсэгт дайчид  Сэиф Ал-Исламын 2 машиныг нэгжиж ердөө 5 мянга долларыг л олж хураасан нь түүний таамгийг бататгасан байна. Гэхдээ Хотмани хэрхэн яаж, хэзээ нүүдэлчид, дайчидтай холбоо тогтоосоноо хэлээгүй, нууцлаг үлдсэн байна. Түүнийг мэдээлэл хийсний дараа ҮШЗ-ийн дайчид Хотманиг баатар хэмээн өргөмжилсөн байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш