Орон нутгийн 2011 оны төсвийн нэгтгэл, төсвийн хууль зөрчсөн шийдвэрүүдийн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдаагүй төсвөөс гадуур зардал гаргахгүй байх, Төсвийн жилийн сүүлийн сард төсөвтөө тодотгол хийхгүй байх, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд урсгал зарлага тусгахгүй байх, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 2011 оны төлөвлөгөөнд батлагдсан урсгал зарлагыг зориулалтын ангилалд шилжүүлэн батлуулах, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 2011 оны төлөвлөгөөнд хувийн хэвшилд олгохоор батлагдсан хөрөнгө оруулалтыг залруулах, Төсвийн орлого, зарлагаа нэмэгдүүлснээр төлөвлөгдсөн орлого тасарсан нь улсын төсөвт хуульчлагдсан орлогын төлөвлөгөөг таслах үндэслэл болохгүй тул орлогыг бүрэн төвлөрүүлэх, Улсын төсөвт хуульчлагдсан орлогын төлөвлөгөөг бууруулж батлахгүй байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Зөрчил гаргасан Засаг даргын жилийн үйл ажиллагааны үнэлгээнд төсвийн хууль зөрчсөн дээрх үйлдлийг судлан үзэж, холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын хуралдаанаас мөн даалгасан байна. Улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр УИХ-аас баталсан дүнгээс Өмнөговь аймаг 16.4 тэрбум төгрөг, Өвөрхангай 1.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжгүй гэж үзсэн нь төсвийн орлогыг 18 тэрбумаар бууруулан, төсвийн алдагдлыг Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.8 хувь болгон нэмэгдүүлэх төлөвтэй байна. Зарим аймаг хөрөнгө оруулалтад тооцогдсон хөрөнгөөс урсгал зарлага санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал Төв аймагт 705.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тооцогдсон байсан ч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа 80.8 сая төгрөгийг урсгал арга хэмжээнд шилжүүлэн баталсан байна. Сүхбаатар аймаг 83.2, Ховд аймаг 75, Улаанбаатар хот 200 сая төгрөгийн урсгал зарлагыг хөрөнгө оруулалтын зарлагадаа оруулан санхүүжүүлэхээр зарлагын зүйл ангиа буруу батлуулсан. Баян-Өлгий аймаг 47 сая төгрөгийг хувийн хэвшлийн байгууллагад шууд хөрөнгө оруулалтад олгохоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баталж хууль зөрчжээ. Бүх аймгийн орлого давж биелсэн боловч орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэхээр батлагдсан 11.2 тэрбум төгрөгийг Булган, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг төвлөрүүлээгүй байна. Аймгуудад хийсэн аудитын шалгалтаар хууль биелүүлэхгүй байх зөрчил удаа дараа гарсаар байгаа нь илэрчээ. Баянхонгор аймаг 2010 оны төсвийн тодотголыг 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцүүлэн 120 сая төгрөг, 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр мөн 2010 оны давсан орлого 109 сая төгрөгийг хуваарилах шийдвэр гаргасан байна. Энэ нь санхүүгийн жил дуусгавар болсон байхад төсөв хуваарилуулсан нь батлагдсан төсвийн төлөвлөгөөнөөс гадуур зардал гаргаж хууль зөрчсөн хэрэг болжээ.