logo
Интернэтийн хайлтын систем тухайн улсын дэвшлийг илэрхийлдэг

Интернэтийн хайлтын систем тухайн улсын дэвшлийг илэрхийлдэг

2011/05/26
Мэдээлэл шуудан, харилцаа холбоо технологийн салбар 90 жилийн ойгоо угтаж үндэсний зөвлөлгөөнийг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулж байна.  1967 онд ийм зөвлөлгөөнийг хийснээс хойш тэд ийн цугларч,  салбарын асуудлаа хамтран ярилцаж байгаагүй ажээ. Зөвлөлгөөнийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ улсын анхдугаар зөвлөлгөөнөөс хойш 40 жилийн дараа энэ салбарын үндсэн сүлжээг аналоги технологиос тоон технологид шилжүүлэх ажил эрчимтэй хийгдэж, суурин телефоны холболт, хот хоорондын дамжуулах системүүд, хотын кабель шугамын байгууламжуудыг иж бүрэн шинэчилжээ гэдгийг тэмдэглээд, өнөө үед харилцаа холбооны салбарыг либералчлах асуудал зайлшгүй тавигдаж байгааг онцолсон юм. Өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээний хувьд дэлхийн дунджаас манай улс доогуур орж буй ч амжилт бахархал энэ салбарт  олон байгааг  Засгийн газрын тэргүүн дурьдлаа. Түүнчлэн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд “Сүүлийн үед мэдээлэлжсэн нийгэм, хавтгай дэлхий гэж их ярих боллоо. Өөрөөр хэлбэл, бидний аж амьдрал, мэдээллийн хүртээмж нь  хайлтын системийг хэрхэн бүрэн  дүүрэн, зөв ашиглаж байгаагаас их хамаарч байна.  Улс төрийн дэглэм нь ямар байхаас үл хамааран улс орнууд өөрсдийн хайлтын системийг зориуд дэмжин ажиллаж байгааг бид анхааралтай ажиглах, давуу боломжуудыг нэвтрүүлэн бэхжүүлэх хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэвэл манай хоёр хөрш маань Coogle-ийг бус өөрийн хайлтын системийг түлхүү ашиглаж байгааг анхаарахгүй байхын аргагүй. Интернэтийн хайлтын систем нь тухайн улсын шинжлэх ухааны ололт дэвшлийн нэг томоохон илрэл юм. Энэ хандлагыг та бүхэн ойлгож бодлого шийдвэртээ тусган гэдэгт итгэж байна. Монголын залуучууд нийгмийн сүлжээ буюу Facebook, Twitter зэргийг өргөнөөр хэрэглэдэг боллоо. Би ч гэсэн Facebook, Twitter-ийг өөрийн бодлого үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх, ард түмнийхээ санал бодлыг сонсох, залуусынхаа хүсэл эрмэлзлийг ойлгох гүүр болгон ашигладаг. Нийгмийн сүлжээ нь манай улс оронд иргэний сэтгүүл зүй, ардчиллыг, олон ургальч үзэл бодлыг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой ” хэмээн тэмдэглэн хэлжээ.
Түүнчлэн манай мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар, түүний хамт олны өмнө хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологид тулгуурласан үйлчилгээг бусад салбарт нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэх, уялдуулах, салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөдөө орон нутагт үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлж ижил тэгш болгох зэрэг олон чухал зорилтууд тавигдаж байгааг сануулаад, бодлогоо зөв тодорхойлж гарцаа олж амжилттай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаагаа зөвлөлгөөнд оролцогсдод хэлсэн байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш