Шинэ хамтрагчид бизнесийн төлөө хундага өргөж байна. Мозамбик, Зимбабве, Өмнөд Африк, Этиоп, Судан, Танзан зэрэг улсуудад оруулж байгаа Хятадын хөрөнгө оруулалт гэрлийн хурдаар өсч байна. Өдөр ирэх тутам гадаад валютын нөөц нь нэмэгдэж байгаа Дундад улс Европчуудын орхиод гарсан байгалийн баялаг ихтэй Африк тивийг түүхий эдийн гол нөөц гэж үзэж олон тэрбум долларын хөрөнгө орууллат хийж эхлээд байгаа. Хятад улс Африк дахь хөрөнгө оруулалтаараа барууны орнуудыг аль хэдий нь гүйцэж, хамгийн том худалдааны түнш нь болоод авчээ. Өөрөөр хэлбэл барууны улсууд ардчилалаар бамбай барьж энд тэнд жижиг улс орнуудыг төвхнүүлж явах хоорондуур Дундадчууд Африкийг чимээгүйхэн колончилж байна. Барууны улсууд Африкийн улсуудыг эхлээд хөгжиж, ардчилсан орон болсны дараа тусламжийн гараа сунгана гэдэг бол Хятадууд хэн хэндээ л ашигтай байвал ямар систем, ямар үзэл сурталтай байх нь хамаагүй гэсэн бодлогыг баримталж байна. Их Британийн найруулагчийн бүтээсэн “Хятад улс Африк тивтэй танилцахад” гэдэг нэртэй баримтат кино 2007 онд нээлтээ хийж олны хүртээл болсон. Кинонд Дундад улсын 2 бизнесмэн Замби улсын худалдааны сайдтай уулзаж, 2 улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх эхлэл тавьж байгаа тухай гардаг. Киноны хамгийн гол агуулга нь дэлхийн эдийн засгийн хүчний төв баруунаас зүүн рүү шилжиж байгаа тухай гардаг байна. Хятадын хөрөнгө оруулагчид орлого багатай тариаланчдад ажил олгож, тэдний амьдрал ахуйг өөд татаж байна. 1960-аад онд дэлхийд колончлолын эсрэг хувьсгал гарч Африкт шинэ тулгар улсууд үүсч эхэлсэн. Түүнээс хойш Африк тивийн ихэнх улсууд иргэний дайны хөлд нэрвэгдэж, өөдлөсөн нь үгүй. Барууны хуучин колончлогчдыг цаг нь болоогүй байхад Африкийг орхиж явсан. Загас барихыг нь зааж өгөөгүй байж хаяад явсан гэж шүүмжилж байсан. Харин одоо гадаад валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байгаа Дундад улс тэдний авралын элч болон хувираад байна. Баримтат кино бүтээгчдийн ажиглаж, судалснаар Африкчууд Европыг колончлогч, дээрэнгүй хандагчид гэж хүлээн авах хандлага, сэтгэхүй байсаар байгаа бол Хятадуудыг колончлогч биш, хөгжиж байгаа орон гэдэг утгаар нь арай найрсаг хүлээн авч байгаа нь Хятадад бас давуу тал олгож байгаа юм байна. Мөн Европ төдийгүй АНУ-ын аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүнүүд Хятадад хямдаар үйлдвэрлэгдэж байгаа. Хятадад дэлхийн хамгийн хямд бөгөөд чанартай бүтээгдэхүүн байгаа нь хямд зардлаар Африкт үйл ажиллагаа явуулахад нь давуу тал олгож байгаа юм байна. Европын хүчирхэг гүрнүүд Хятадын нөлөө Африкт эрс нэмэгдэж байгааг анзаарч, эсрэг арга хэмжээ авах хүсэлтэй байгаа нь анзаарагддаг. Британийн Ерөнхий сайд Камерун Алжирт айлчлахдаа, Хиллари Клинтон Замби улсад айлчлах үеэрээ Хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөнөөс болгоомжлохыг нутгийн эрх баригчдад сануулсан. Гэсэн ч барууны улсууд эдийн засгийн хувьд хүнд байгаа. Мөн Евробүсийн өрийн хямралыг даван туулахын тулд Хятадаас ихээхэн хэмжээний зээл тусламж авахаар болоод байгаа тул амаа үдүүлж, бодит байдал дээр Хятадын нөлөөг тогтоон барьж чадахгүйд хүрээд байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn