77 хүний аминд хүрсэн Норвегийн Андерс Бреивик Европыг лалын шашинтнуудын эсрэг загалмайтны аян дайнд уриалан дуудсан гэдэг. Бреивик халдлагаа хэрхэн зохион байгуулах болон, өөрийн үзэл бодлын талаар бичиж үлдээсэн 15 хуудас бүхий “2083 он Европын тусгаар тогтнол” гэсэн тунхаг бичиг үйлдсэн байжээ. Халдлага үйлдэж байхдаа тэрээр “Люкс Аетерна” хэмээх эх оронч, баатарлаг өнгө аястай дууг чихэвчээр сонсож явжээ. “Би бүрэн зэвсэглээд бурхандаа залбираад хотын гал дөлөн дундуур явна. Намайг зогсоох гэж оролдсон хэнийг ч би өршөөхгүй устгана! Би зорилгодоо хүрэхээс нааш тэдэнд бууж өгөхгүй” гэж тунхаг бичигтээ тэмдэглэсэн байжээ. Бреивик тунхаг бичигтээ мөн өөрийн гэр бүлийн талаар дурьдсан байна. Түүний эцэг, эх 1 настай байхад нь салжээ. Эцэг болон хойд эх нь дипломатч. Хойд эцэг нь гавьяаныхаа амралтанд гарсан цэргийн офицер бөгөөд Тайландад хамаг цагаа өнгөрүүлдэг хүүхэмсэг нэгэн. Бреивик харин өөр, өөр эцэг эхээс төрсөн дөрвөн эгч дүүтэйгээ дотно харьцаатай байж. Өсвөр насандаа бусад хүүхдийн адил хип хоп хөгжим, брейк бүжиг сонирхож өссөн. Түүний хамгийн сайн найз нь Пакистаны мусальман шашинтай нэгэн байжээ. Тэгэхээр юунаас болж Бреивик лалын шашинтнуудыг үзэн ядах болвоо гэдэг нь оньсого болж үлдэж байгаа юм. Тэрээр 1998 онд Сербэд явуулсан НАТО-гийн цэргийн ажиллагааг ихээр буруутгадаг байсан аж. Түүнийхээр бол АНУ болон барууны холбоотны хүчин загалмайн шашинт Сербийн ахан дүүсээ бөмбөгдөж, Югославаар нэг тархаад байсан Мусальманчуудыг Албани руу нь хөөж аваачих зорилготойгоор цэргийн ажиллагаа явуулсан гэж үздэг байжээ. Түүний эцэг дипломатч байсан бөгөөд одоо тэтгэвэртээ гараад Францад амьдарч байгаа. Эцгийнх нь яриагаар бол Бреивик төлөв даруу, жожигдуу хүүхэд байж. Олон хүний амь насыг авч одсон хэрцгий халдлага үйлдсэнийг одоог болтол хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гэнэ.
Shuum.mn