logo
 Монгол Улсын 2012 оны төсвийг баталлаа

Монгол Улсын 2012 оны төсвийг баталлаа

2011/12/01
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийн баталлаа. 
УИХ-ын дарга эхлээд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн зүйл, заалтыг нэгбүрчлэн уншиж, санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсан юм. Санал хураалт явуулахад гишүүдийн 94,5 хувийн саналаар Төсвийн тухай хууль батлагдав. 
Монгол Улсын төсөвт 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,630,707,0 төгрөгөөр, Монгол Улсын төсвөөс 2012 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 4,865,904,2 сая төгрөгөөр баталлаа. 
Үүний дараа Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж заалт нэг бүрээр явуулсан санал хураалтыг гишүүд дэмжлээ. Ингээд хуралдаанд оролцсон гишүүд Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуулийг 94,6 хувийн саналаар, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийг 87,7 хувийн саналаар тус тус батлав. 
Төсвийн тухай хуулийг дагалдан гарч буй хуулиудын редакцийг сайтар нягталж, хянахыг УИХ-ын дарга үүрэг болгов. Мөн тэрбээр, Монгол Улсын 2012 оны төсөв 4 хувиас 1 хувь болтол буурсан үзүүлэлттэйгээр батлагдаж байгааг онцлон тэмдэглэж төсвийг батлахад хүчин чармайлт гаргаж ажилласан УИХ-ын гишүүдэд баяр хүргэв. Төсөв батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд товч үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, хамтарсан Засгийн газрын үйл ажилларааны мөрийн хөтөлбөрийн сүүлийн хэсгийн чухал зүйл болох төсөв, түүнийг дагалдах хуулиуд, мөнгөний бодлого батлагдлаа. Энэ төсөв урьдах төсвөөс хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, сонгуулийн амлалт болох 1,5 сая төгрөг, хувь хишгийн амлалтыг шийдвэрлэх, цалин, тэтгэврийн мөнгийг төсөвт суулгаж буйгаараа чухал юм. Иймд энэхүү чухал хуулийг батлан гаргасан УИХ-ын гишүүдэд баяр хүргэе. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд оны эхнээс төсвийн ерөнхийлөн захирагч нар чармайн ажиллах хэрэгтэй гэдгийг хэллээ.
Мөн чуулганы хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын Эдийн засгийн байнгын хорооноос оруулсан саналын дагуу анхны хэлэлцүүлгээр баталлаа. 
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш