logo
Гар утас блоклох арга

Гар утас блоклох арга

2011/05/27
Одоогоос 15 жилийн өмнө анх Монголчууд утасгүй, өвөртөө хийгээд явдаг жижигхэн ярьдаг машинтай болж байлаа. Мобиком гээч корпорацийн анхны хэрэглэгчид нь мэдээж манайдаа толгой баячууд. Жижиг ард бид чинь харж атаархаад л. Өнөөдөр 5 настай балчир ipone бариад явдаг болно гэж тэр үед зүүдлээч үгүй явсан юм чинь. Харин одоо гар утас монголчуудын хувьд хэрэглээ, зарим нэгнийх нь зэрэг дэв, зиндааг тодорхойлдог болчихож. Үүрэн холбооны таван ч оператор та биднийг хэл авалцуулж байна. Үүнийг нь дагаад гар утасны ченж, блог гаргагч энэ тэр гээд шинэ мэргэжлүүд бий болоод байгаа. Үүнд хэрэглэгч болсон бидний салан задгай байдал том үүрэгтэй билээ. Одоо харин салан задгай хүмүүсийг баярлуулах, ченжүүдийг ажилгүй болгох нэгэн зөвөлгөөг танд хүргэе. Та юу ч гэсэн туршаад үзээрэй. Өөрөөсөө харамлаж байж авсан үнэтэй утсаа таксинд бэлэглэж, суйлаачдад хандивлахыг бодохгүй байгаа бол. Үр дүнгээ өгвөл ч ётой “болоо ш дээ” тиймээ.? Танд амжилт хүсье.
Та хэзээ нэгэн цагт сарних ч юм уу, санаандгүй гар утсаа алдчихаж юуны магад гээд гар утасныхаа серийн дугаарыг мэдээд ав. Үүний тулд *#06# дар. Тэгээд дэлгэц дээр гарах 15 оронтой тоо яг одоо бичиж аваад найдвартай хадгал. Мэдээж байнга авч явдаг түрийвчэндээ бичээд хадгалсан дээр ч түрийвчээ суйлуулбал бас л эвгүй ш дээ. Тиймээс итгэл даадаг нэг хүндээ илүү нэг хувь бичиж хадгалуулбал багагүй үр дүнтэй л болов уу. За тэгээд нэг өдөр утсаа алдчихлаа гэж бодъё. Уг нь ч муу ёр л доо. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гээд л... Тэгвэл нөгөөх кодоо үүрэн холбооны операторт хэлж утсаа блоклуул. Ингэснээр таны утасны шинэ эзэн өөр сим карт хийж таны утсыг ашиглах боломжгүй болчихдог байна. Хүн бүр ингээд дадчихвал гар утасны хулгай монголд зогсдоггүй юмаа гэхэд багасах найдвар бол байна. Техник технологи хөгжсөн гадаад оронд гар утасны хулгай ийм байдлаар эхэлж, одоо бүрэн зогсож байгаа гэсэн шүү. Гэхдээ манайхан чинь монголчлоод ямар нэг блок гаргах арга олчихдог л юм. Үүрэн холбооны операторуудаа авилгадаад авчих гэх мэт. Гэхдээ л танаас гарлага гарах юм биш кодоо хадгалаад явахад юуны хохиролтой билээ. Нэгэнт гар утсаа алдаад хохирсон ч өөр нэг нь ашиглаж чадахгүй гэж бодохоор сэтгэл жоохон ч гэсэн өег болж л таараа. Ямар ч байсан монголчлох арга гарах хүртэл та утсаа алдахгүй, алдвал буцаагаад олох найдварыг өөртөө нээж өгөөрэй.
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш