logo
Иракийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш сая гаруй иракчууд амиа алджээ

Иракийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш сая гаруй иракчууд амиа алджээ

2011/12/02
Иракт Үй олноор хөнөөх зэвсэг байгаа нь АНУ болон барууны орнуудын Ойрхи Дорнод дахь ойрын холбоотнуудад нь аюул занал учруулна гэж үзсэн АНУ, Британи тэргүүтэй холбоотны хүчин 2003 онд Иракт цөмрөн орж, Саддам Хуссейны харгис дэглэмийг түлхэн унагаасан. Холбоотны хүчин Иракт цэргээ оруулснаас хойш даруй 9 жил өнгөрч байна. Цагаан ордны тэргүүн 2008 онд амлаж байсны дагуу энэ оны зул сарын баяраас өмнө цэргээ Иракаас гаргах шийдвэр гаргасан. Хэдийгээр Иранаар дэмжүүлсэн Шийтүүд болон Аль-Кайда бүлэгтэй хягт холбоотой ажилладаг Сунитуудын хоорондын зөрчил, тэмцэл бүрэн арилаагүй ч 4 жилийн өмнөхийг бодвол дэлбэрэлт, халдлага гарах нь эрс буурчээ. Өөрөөр хэлбэл Иракт өдөрт доод тал нь 140 гаруй удаа дэлбэрэлт болдог байсан бол одоо өдөрт дунджаар 14 халдлага гарч байгаа нь том дэвшил юм байна. Тиймээс Иракчууд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалж, улс орныхоо тогтвортой байдлыг хангах чадвартай болсон гэж Холбоотны хүчний командлагчид үзэж байгаа юм. Мөн Иракийн хөрш улсууд болох Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улсуудад байрлах Америкийн цэргийн баазуудын байлдааны техник хэрэгсэл, хүчийг нэмэгдүүлсэн учир цэрэг гарсны дараа Иракийн гадаад байдал аюулгүй гэж тэд тооцож байгаа юм. 12 сарын 15-нд холбоотны цэргүүдийг үдэх ёслолын ажиллагаа Иракт болно. Түүний дараа Нэгдсэн улсын цэргийн цуваа Иракаас гарч Кувейтэд очно. Иракийг тойроод 500 гаруй цэргийн баазууд байсыг цөөрүүлээд байгаа бөгөөд зарим баазууд Иракийн мэдэлд очих юм. 2003 цэргийн ажиллагаа эхэлснээс хойш 2300 орчим Америк цэргийн албан хаагч амь үрэгдэж, 16 мянга орчим шархадсан. Холбоотны хүчнээс 200 орчим цэргийн албан хаагч амь үрэгдсэний тал орчим нь Их Британий цэргүүд юм. Хэдийгээр Холбоотны хүчин Саддамын харгис дэглэмээс Иракийн ард түмнийг аврах, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд Иракийг сулруулж, Саддам Хусейныг засгийн эрхнээс унагаах зорилготойгоор цэргийн ажиллагаа эхлүүлсэн ч  сая гаруй Иракийн иргэн амиа алдаж 3 сая орчим Иракчууд хөрш орнуудад дүрвээд байгаа гэхээр үнэхээр Иракийн ард түмэнд аз жаргал, эрх чөлөө авчирсан уу гэдэг нь асуулт болж байгаа юм. Цаг хугацаа л цэргийн ажиллагаа зөв байсан эсэхийг харуулна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш