logo
Ерөнхий сайдад Эх нялхсын эмнэлэгт хишиг өдөр тааруулъя

Ерөнхий сайдад Эх нялхсын эмнэлэгт хишиг өдөр тааруулъя

2011/12/02
Хэвлэл мэдээллийнхэн бид ажил, ажил гэж гүйсээр гэр бүлдээ тавих анхаарлаа сулруулах нь элбэг. Түүнээс ч болсон уу яасан хоёр хүүхэд маань зэрэг өвдөж, бидний хэлж заншсанаар “Эх нялхас”-т хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн салбарын өнөөгийн өнгө төрхийг өнгөтөөр мэдэрсэн юм. Арав хоног хүүхдээ сахин үйлчлүүлэхдээ харсан үзсэн, мэдэрснээ уншигч, бас эрүүл мэндийн салбарын үйлчлүүлэгч, бодлого барьдаг эрхмүүдэд дуулгах үгтэйгээ хамт хүргэж байна.

Эрүүл мэндийн даатгалаар авдаг үйлчилгээ
Миний охин одоо дөрвөн настай, дархлаа суларсан үед нүдэн дээр нь юм гараад байдаг нэг асуудалтай юм. Мэдээж энэ өвчин агаарын бохирдол, хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс тодорхойлдог юм билээ. Энэ удаагийн өвдөлт нэлээд ноцтой байсан учир хэвтэж эмчлүүлэх шаардлага гарч, 13-р маягт, хүүхдийн өвчний түүх, эрүүл мэндийн даатгал гэх бичиг цаасаа бэлдээд Эх нялхсын эмнэлгийг зорив. Ор дэрний нэг их асуудалгүй, эмнэлгийнхний хэллэгээр “истори” нээлгээд нүдний мэс заслын тасагт хэвтэв. Мэдээж хүүхдээ болоод өөрийгөө тав алдуулахгүй, олон хүүхэдтэй бужигнуулж нэмэлт өвчин авахгүй гэсэндээ төлбөртэй өөрөө сураглахад ашгүй байж таарав. Тэрхүү өрөө хоногийн 6500 төгрөгийн өртөгтэй бөгөөд хоёр хүүхдийн ор, нэг жижиг телевизор, хөргөгч, ширээ, нэг хүүхдийн сандал, нэг “түмбүүчик”-тэй. Ус буцалгагч нь ажилладаггүй, зөвхөн үзүүлэнгийн журмаар ашиглана. За тэгээд энэ өрөөнд хүүхдээ эрүүл болтол амьдрах боллоо. Эхний өдөр болохоор эмчилгээ энэ тэр нь нэлээд оройтох янзтай. Эмнэлгийн хоол бол эхний өдөр хэвтсэн хүнд олгогдохгүй. За энэ ч яахав гэхэд асрагч, сувилагч нарын үзүүлэх үйлчилгээ бол жаахан тийм санагдаж байгаа нь сэтгэл өвтгөсөн. Би тодорхой хэмжээний найрсаг зан гаргахгүй бол хэцүүднэ гэдгээ ч ойлгоод байлаа. Эхний өдрийг тэгсгээд өнгөрөөж, хүүхдийнхээ эмчилгээг өөрөө асууж, сураглаж байж хичээл зүтгэлээрээ хийлгэж эхэлсэн. Энэ бол эрүүл мэндийн даатгалаар олгогддог эмчилгээ, үйлчилгээ.

Амнаас унадаг “кааш”
Хоёр дахь өдрийн өглөө 8 цагт босоод ээлж солигдохыг хүлээлээ. Үүний дараа эмч нар үзэж, эмчилгээ эрчимжэх учиртай юм. Эмнэлгийн өглөөний цай гэж амнаас унах гээд байдаг “кааш”, Солонгос печень өгч байна. Олон хүний хоол унд хийх хэцүү ч нэгэнт хийж байгаа бол ядахдаа давс, сахрыг нь тааруулж болох л байх гэж бодогдсон. Харин печений хувьд бол амттай юм билээ. Гол нь яагаад үндэсний үйлдвэрлэгчтэйгээ хамтардаггүй юм бол гэх сэжиг төрж байгаа юм. Магадгүй тэд өндөр үнэ хэлдэг, чанарын тал дээр асуудал гаргаад байдаг болов уу гэж эмнэлгийнхнийг өмөөрөх маягтай байна. Гэхдээ үүнийг судлах л хэрэгтэй байх. Аль нэг даргын шахааны бизнес ч юм бил үү. За энэ ч яахав. Эмч нарын үзлэг болоод өнгөрлөө. Эмчилгээний цаг арай л оройтоод байх шиг. Гэтэл ажлын хувцастай хүн орж ирээд ойртох л юм бол тавцан нь унадаг ширээнд маань хулдаас зүсэж тааруулаад гарч одов. Тэгээд нэг л жиг ургаад байгааг ойлгон чих сураг тавьтал, Магадлан итгэмжлэх шалгалт ирэх гээд бөөн бужигнаан болж байгааг мэдэв. Тэгээд ч ээлж, цаг үл хамааран эмнэлэг даяараа илүү цагаар ажиллаж, хогийн сав, ширээний бүтээлэг, их цэвэрлэгээ гээд ухаантай хүн цөөн болчихжээ. Шалгалтанд бэлтгэх завсар нь хүүхдийнхээ эмчилгээг тойглосоор байж хийлгээд л байлаа. Тэгээд өвчтэй зовлонтой хүмүүстэй ноцолддог салбарынхныг өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрж байгаа юм чинь. Чадлаараа туслахаар шийдэн, маскны уут гээч дээр нь хонин холбоогоор бичиг оёж тус боллоо. Хүний тус ямар багадах биш. За тэгээд шалгалт ирэх хүртэл дуусашгүй ажил өрнөсөөр байгааг харсаар үдээс хойш болов.

Хариуцлага өндөрсөх тусам үйлчилгээ сайжирна
Үдийн хойно аавтайгаа үлдсэн хоёр настай хүү маань өндөр халуураад, эмчид үзүүлэхэд хатгалгаа болсон гэх оноштойгоор араас хүрээд ирэв. Бодвол тэр хоёр маань дураараа нэлээд дургиж, бага зэргийн цор цор ханиадыг хатгалгаа болгосон бололтой. Ингээд бид гэр бүлээрээ эрүүл мэндийн салбарын үйлчлүүлэгчид боллоо. Мэдээж охиноо аавтай нь үлдээгээд хүүгээ Дотрын эрчимт эмчилгээний тасагт авч хэвтэв. Тэнд харин шалгалт шүүлгийг эмчилгээ үйлчилгээтэйгээ хамт харин ч нэг гялалзуулж байна. Эм тариаг нь өрөөнд хийж өгч, байнга асууж лавлаж, дүгнэлт бичнэ. Эмийн эмчилгээний заримыг гаднаас авчирч таардаг, энэ нь ч одоо төсөв хөрөнгөнөөс хамаардаг л байх. Бас хажуугаар нь магадлах гээд байгаа шалгалтад бэлтгэж байна. Тасгийн эрхлэгч эмчээс учрыг асуухад “Таван жилд нэг удаа тогтмол ирдэг шалгалт. Байрны ашиглалт муудсан гээд хайнга хандаж болохгүй. Амьсгалын дутагдалтай, өвчтэй олон хүүхэд хэцүүднэ” гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл шалгалтанд тэнцэхгүй бол үйл ажиллагааг нь зогсоох юм байх, өнөөх магадлагчид. Тэгвэл өвдсөн хүүхдээ тэвэрсэн ээж аавууд хохирч таарна. Цаашлаад хэдхэн төгрөгөөр цалинжиж, амьдралаа залгуулдаг эмнэлгийн ажилтан албан хаагчид асуудалд орох нягууртай аж. Эрчимт эмчилгээний тасаг гэдэг утгаараа эмчилгээ үйлчилгээ сайтай, хамгийн гол нь ааш зан, эмчилж байгаа хүнийхээ ар гэртэй нягт хамтарч, сэтгэлзүйд нь ихээхэн нөлөөлдөг нь ямар ч эмчилгээнээс илүү санагдаж байгаа юм. Хэнд ч тал засаж, аргадах шаардлага гараагүй. Тэрхүү тасагт хэвтэх хооронд өнөөх дуулиантай шалгалт нь ирнэ билээ. Тэр мөчид харьцангүй сайжирсан хүүгээ аваад дараагийн тасаг буюу Дотрын-1 гэдэг тасагт шилжсэн.

Дотрын-1-тэй танилцсан минь...
Эрчимт эмчилгээнээс буугаад нэг давхарт байрлах Дотрын тасагт буухад сайхан ааш зантай сувилагч Билгээ гэх эмэгтэй хүлээн авч, хүүхдийн халуун, зүрхний цохилт зэргийг шалгаад хэвтэх газарт маань аваачив. Ачаалал ихтэй, зай завсар бүрийг ашигласан тус тасаг А, Б, В гэсэн гурван хэсэгтэй. Би хүүтэйгээ А хэсгийн коридорын орон дээр тухлав. Палат хүрэлцээгүй, ачаалал их байгаагаас тэр. Гэхдээ би харьцангуй нөхцөл сайтай, орон дээр тухалсан. Хүүхдийнхээ даатгалыг барьцаалаад хөнжил гудас авчихсан. Миний араас шинээр ирж байгаа хүүхдүүд эмнэлгийн коридорын шалан дээр зулж байна лээ. Тэгээд хүү маань тасгийн эрхлэгч Гэрэлмаа эмчийн хуваарьтай өвчтөн болов. Тэрээр төлбөртэй нэг өрөөнд ор гарч байгаа учраас тийшээ ороорой гэснээр хүү бид хоёр тун удалгүй нөхцөл байдал 100 хувь дээшлэхээр өрөөнд орсон. Тэр өрөө дотроо 00, душьтэй гэхдээ тэр нь ажилладаггүй. Зурагт, печь, кресло, ширээ, хөшиг, хөргөгч гээд тухтай амьдрах боломжтой.  Мэдээж төлбөр нь 6500 төгрөг. Энэ өрөөнд тийм төлбөрийг төлөхөд бол харамсах зүйлгүй байсан шүү. Ингээд л эмчилгээгээ хүлээгээд амьдарч эхлэв. Мэдээж тэр тасагт ч шалгалт ирэх гээд байгаа боловч тэгтлээ сүр бадруулаад байгаа юм алга. Цэвэрлэгээ тийм ч сайн биш санагдав. За тэр ч дүүрч гэж бодоод хэвтэж байлаа.

Тархины хавангаас үүдсэн өвчлөл газар авчээ

Янз бүрийн амьсгалын замын өвчтэй хүүхдүүд байх боловч ихэнх нь хатгалгаа туссан, хүчилтөрөгчийн дутмагшилд орсон хүүхдүүд зонхилно. Дээр нь тархины хавангаас үүдсэн нүд хараагүй болох, хөдөлгөөн болоод мэдрэлийн сааталд оруулдаг өвчлөл маш их болжээ. Манай өрөөний нөгөө өвчтөн маань найман сартай ч суудаггүй, нүд нь хараагүй болсон хүүхэд байсан. Харахаас хайр хүрэм тэр жаал хүчилтөрөгчийн дутагдалтай, тархины даралттай, зүрхний ховдол цоорхой төрсөн байгаа юм. Мэдээж энэ өнөөх агаарын бохирдол, утаа униараас болсон хэрэг. Өрхийн эмч нарын чадвар ер нь бол тиймхэн ш дээ. Уйлаад байгаа нь зүрхний цоорхойгоос болсон гэх өрхийн эмчийн оношоор тархины даралттай хүүхдээ хүндрүүлчихсэн гэсэн. Тэгээд тархи нь хавагнаснаас болоод нүдний болоод хөдөлгөөний мэдрэлийн судсаа дарчихсан учир тэрхүү хайр хүргэм хүү юм харахгүй, өсөлт нь зогсоход хүрчээ. Харин түүний ээж амьдрах итгэл дүүрэн, хүүгээ цоо эрүүл болно гэж найддаг сайхан сэтгэлтэй, чадалтай эмэгтэй байсан. Тэдэндээ хурдан эдгээрэй гэж ерөөе. Хүү бид хоёртой хоёр хоног хамт хэвтээд гарсан. Дараа сард дахин ирж эмчилгээ хийлгэх юм билээ.

Хүүхдийн 2-р эмнэлгийн “хохирогч”
Өмнөх өвчтөн маань гарч, оронд нь дөрвөн сартай бяцхан охин ээжийн хамт орж ирэв. Тэр охин бүтэн сар эмнэлгээр яваад засал аваагүй гэнэ. Анх хүүхдийн 2-р эмнэлэгт хэвтсэн ч сайжрахгүй буцаж хэвтээд байж. Хамгийн сүүлд “одоо эмчилж болсон гар” гэхээр нь Эх нялхсын эмнэлэгт үзүүлтэл “хатгалгаатай хүүхэд байна, хэвт” гэсэн учраас хуучин эмнэлгээсээ шууд шилжин ирсэн гэнэ. 2-р эмнэлэг гэж бас нэг хэцүүдсэн, бугшсан асуудалтай газар гэдэг нь тэрхүү ээжийн ярианаас тод мэдрэгдэж байлаа. Ямар сайндаа л хатгалгаатай хүүхдийг эрүүл боллоо гээд гаргах вэ дээ. За энэ асуудлаас хөндийрөөд тасаг руугаа эргээд оръё. Энэ тасагт ч гэсэн нөгөө амнаас унах гээд байдаг хоол, каашууд өгөгдөнө, эмчилгээ тариа хийгдэнэ. Гэхдээ үнэхээр хүндрэлтэй зүйл алхам бүр тохиолдоно. Ачааллаас шалтгаалаад шинэ хуучин хүүхдүүд холилдох бол ердийн үзэгдэл. Тиймээс өрөөнөөсөө хүүхдээ гаргахгүй байхыг сахиур эцэг эхчүүд хичээдэг. Энэ нь ч зүй ёсны үзэгдэл.

Сувилагч нэрээ дарамтлагч болгогсодтой нүүр тулав
Гэтэл сувилагч нар гэж ааш зангийн хувьд “даам гарсан” хүмүүс байх юм. Өдөр шөнийн алинд ч үл хамааран өвчтэй хүүхдүүдээ тэврээд тарианы өрөөний үүдэнд оочерлохыг тушаадаг. Унтаж байна, очоод хийгээд өгөөч гэвэл тас загнуулна гэж мэд. “Тийм зав байхгүй, авчраад хийлгэвэл хийлгэ” гэдэг хатуу тушаал буулгадаг, хүүхдээ бодоод хэрүүл зарга хийхгүй эцэг эхчүүд тэврээд л оочерлоно. Өрөөгөө цэвэрлэсэнгүй гэж сахиуруудад хилэгнэнэ. Үнэндээ аймаар дарамттай үйлчилгээ үзүүлдэг, тэд. Ажлын ачаалал их, бичиг цаас гээд олон зүйлд анхаардаг, зүсэн зүйлийн ааш зантай эцэг эхчүүд таардаг гэдэг ойлгож үзэх асуудал олонтой ч арай л биш харьцаа, үйлчилгээг тэнд өнгөтөөр үзүүлж байна. Эмч нар нь харин зөөлөн сайхан харьцаатай өвчтөнөө гэсэн сэтгэлтэй байгаа нь гэрэл гэгээ юм даа гэж бодогдсон. Сувилагч нарын цалин хэтэрхий бага, ачаалал их байдгаас ч тийм харьцаатай болдог байж болох л юм. Гэхдээ нэгэнт хийж байгаа ажлаа чанартай хийж, эерэг уур амьсгал ажил дээрээ бүрдүүлэх нь цалингаас үл хамаарах чанар байдаг болов уу. Ер нь сувилагч нарын зан харьцааны асуудал дан ганц энэ тасаг, эмнэлгийнхнээр хазаарлагдахгүй, хаа ч ийм байгаа гэдгийг хэлье. Тэгэхдээ сайн, сайхан сэтгэл гаргадаг сувилагч хүмүүсийг энд хавсайдан оруулаагүй шүү гэдгийг ч бас уламжилмаар байна.

Нүглийн нүдийг гурилаар хууралцах

За нэг иймэрхүү нөхцөлд хүүхдээ сахиад тус эмнэлэгт 10 хоног хэвтлээ. Гэрэл гэгээтэй зүйл ховор ч зориод ирсэн өвчтөнг эдгэрүүлээд гаргаж байгаа буянтнуудын талаар сайн үгийг бас харамгүй зориулах юмсан гэж бодогдож байна.
Магадлан итгэмжлэх шалгалт гэж байшин барилга, ширээний бүтээлгээс авахуулаад эмч, сувилагч гээд эмнэлгийн ажилтнуудын мэдргэжлийн чадвар, үйлчилгээ үзүүлэх стандарт зэргийг шалган, цаашид үйл ажиллагаа явуулах үүргийг баталгаажуулдаг ажил аж. Гэхдээ энэ шалгалтынх нь үрээр эмнэлэг даяараа хөдөлгөөнд орж, өвчтөнд тавих анхаарал сулрах, мэргэжлийн бус ажилд цагаа зарцуулах байдлыг үүсгэж байгаа нь тун тоогүй санагдсан. Төр засаг өмчөө тордохгүй, доройтуулчихаад дотор нь ажиллаж байгаа эмч сувилагч нарт дарамт үзүүлэн шалгах гээд байгаа нь үнэхээр утгагүй. Нэгэнт насжилт нь дуусаад байгаа байшинг тордоод тордоод шинэчлэгдэхгүй нь тодорхой байгаа юм. Хөөрхий эмнэлгийн ажилтан бүр л эрвийх дэрвийхээрээ тэрхүү төрийн өмчийг додомдож, шалгуулж байх юм. Мараалын элэгдэлд ороод асахаасаа өнгөрсөн чийдэнд ээлжийн эмч анхаарал хандуулж, гэрээсээ чийдэн авчирч хийх гээд асахгүй бүтэлгүйтэж байгаа дүр зураг юу бодуулах билээ. Нэг даргын шахаагаар хийсэн вакуум цонх цантаж ус нь гоожоод байгааг асрагч шалгалтанд тэнцүүлэх гэж өдөржин харж, хянаж, арчиж зогсох ямар утгатай билээ. Үүнд эмнэлгийн дарга ч гэсэн бас юм бодох хэрэгтэй л санагдсан.

Сахиурын гачлан буюу хүний эрх шалан дээр хөглөрдөг газар

Эрчимт эмчилгээний, сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй өвчтөний сахиур гэж үйлээ барсан хүмүүс байдаг. Тэдэнд бие засах газар олдох нь ховор, сүүжээ тавиад амраах ор дэр санах ч хэрэггүй, суух сандал ч байхгүй. Хүний хөл тасрахгүй коридорт шавхайтай хутгалдсан шалан дээр тухална. Энэ нь сахиж буй хүний өвчтөний биеийн байдал хэр хурдан наашлахаас хамаарна. Олон хоносон нэгэн нь туршлагажиж, цонхны тавцантай буланд гэрээсээ хөнжил гудсаа авчраад шалаар нэг хэвтэж үзэгдэнэ. Энэ бол ердийн үзэгдэл. Эцсийн эцэст Монголын эрүүл мэндийн салбарын төсөв, бодлогод сахиурт зориулсан үг үсэг, цэг таслал ч байхгүй. Тиймдээ ч хүний эрх нь эмнэлгийн шалан дээр хөглөрч, эрүүл Монгол хүн өвчтэй Монголоо сахин эмнэлгийн хана түшин зогсоогоороо амьдрах “ялтай” аж. Тансаг өрөөнд тухлуулдаггүй юм гэхэд суух сандал, арав хориороо ч хамаагүй ороод суух нэг өрөө гаргаж болохгүй л юм шиг байгаа юм. Хөөрхий сахиурууд хүнээ л эдгээж байвал тэр шалан дээр арав хонох бол юу ч биш санагддаг гэсэн.  

Шийдвэр гаргагчдад хандах үг

Дарга нар хүүхдээ, гэр бүлийн гишүүнээ өвдөхөд онгоцонд суугаад л аваад явж өгдөг. Тэр бүү хэл вакцин хийлгэх гээд гадаадыг зорьдог томчуул эмнэлгийн бодит байдлыг яаж мэдрэх билээ дээ. Хэзээ ч өөрийнх нь хүмүүс тэнд хэвтэхгүй болохоор төсөв хуваарилахад тэгтлээ сэтгэлээ чилээнэ гэж юу байхав гэж бодогдсон. УИХ-ын гишүүний туслах ч өнөөдөр сарын 200 мянган төгрөгийн цалин авдаггүй л байхгүй юу. Гэтэл өдөр шөнөгүй өвчтөнтэй цагаа бардаг, амь нас эрүүл мэндэд анхаарлаа тавьдаг эмч, сувилагч нар тийм л мөнгөөр амьдралаа залгуулж байна. Тиймээс ч ааш зан нь эвдэрдэг, ажлаасаа авах таашаал гэж үгүй байдаг бололтой. Дээр нь ажиллах нөхцлийг сайжруулахад нь хэзээ ч хангалттай төсөв хуваарилагдаж байсан түүх алга, жаахан хуваарилсан нь шахааны бизнестэй хутгалдаад бодит өөрчлөлт болж чаддаггүй нь ил. Тиймээс ч эмнэлгийн ажилчид цөөхөн хэдэн төгрөгийн цалингаасаа хумслан хогийн сав, ширээний бүтээлэг, чийдэнгийн гэрэл авч эмнэлгээ өөд татах гэж зүдэрч байна цаана чинь. Эцэст нь гэхэд ганц Эх нялхас ийм байгаа юм биш. Төрийн өмчийн сэтэртэй эмнэлэг бүр нэг иймэрхүү дүр төрхтэй байгаа. Мэдээж хариуцаж байгаа эмнэлгийн даргаас их зүйл шалтгаалдаг ч дийлэнхдээ л нэг иймэрхүү тарчиг байдалд Монголын ард түмэн эрүүл мэндийн үйлчилгээ авч байна. Тиймээс “Танайд хоноё” нэвтрүүлгийн Г.Алтантүрүүд хагас бүтэн сайн тааруулаад тус эмнэлэгт нэг удаа хонож, бодит байдлыг харуулаач гэж хэлмээр байна. Бас эрхэм Ерөнхий сайдыг дагуулаад тэрхүү орчинд нэг хонуулаач гэж “Шууд” телевизийн “Ард түмэнтэй хамт” нэвтрүүлгийн хамт олонд дамжуулмаар байна. Эрүүл мэндийн сайдыг эмнэлгийн шалан дээр нэг хонуулж үзүүлээч гэж хүсмээр байна. Төсөв хуваарилдаг эрхэм Сангийн сайдыг нэг өдөр тэнд соймоор байна, ер нь бол.
Дээр нь тэр магадлан итгэмжлэх шалгалт гэж ард түмнээ доромжилсон ажлаа чанаржуулж, бодит хөрсөн дээр, бодит зүйлийг хянадаг болго гэж Төр засгийнханд дуулгамаар байна. Мөн хамгийн чухал зүйл болох эмч сувилагч нарын өвчтөнтэй харьцах харилцаанд анхаарал хандуулж үүн дээр нь харин магадладаг болгох хэрэгтэй юм биш үү гэдгийг хариуцлагатай алба хашигчдад сонордуулмаар байна. Малаа индексжүүлж болж байгаа бол эмнэлгийн эмч, ажилтанг коджуулаад тухайн ажилтны кодоор өвчтөн, сахиурууд бодитой дүгнэлт өгдөг, түүн дээр нь үндэслээд нэг ажилтанд гурав болон түүнээс дээш бодитой гомдол ирсэн тохиолдолд торгох, сануулах гээд шат дараатай арга хэмжээ авдаг болбол ард иргэддээ үзүүлэх төрийн бодитой дэмжлэг болох мэт.  Эцэст нь Монголын үрс маш олон, эрүүл чийрэг төрөх болтугай, эрүүл Монгол хүн олон болох болтугай, эрүүл мэндийн салбарт ахиц гарах болтугай гэдэг үгээр энэхүү тэмдэглэлээ өндөрлүүлье. Сэтгэл эмзэглүүлсэн олон асуудал цаана нь дурдагдаагүй үлдсэн шүү гэдгийг бас дуулгая.
Тэмдэглэсэн Э.Болор
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш