logo
Монгол Улс авлигын үзүүлэлтээр 183 орноос 120-д жагсчээ

Монгол Улс авлигын үзүүлэлтээр 183 орноос 120-д жагсчээ

2011/12/05
Берлин хотод байрладаг Олон улсын Transparency International ТББ-аас шинэчлэн гаргасан илтгэлээ өчигдөр нийтийн хүртээл болгожээ. Энэхүү шинэчилсэн жагсаалтад 183 орон багтсанаас Монгол Улс 2.7 оноотойгоор 120-р байранд жагссан байна. Уг илтгэл манай сонин хэвлэлд нийтлэгдсэн энэ өдөр (12-р сарын 2-ны Баасан гараг) УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар авлигатай тэмцэх чиглэлээр боловcруулсан шинэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлсэн юм.
Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 9 гишүүний өргөн мэдүүлсэн “Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн энэхүү төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хуульзүйн Байнгын хорооны санал, дүгнэлтийг сийрүүлбэл:
-Дээрх төсөлтэй холбогдуулж Олон нийтийн зөвлөл нь авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх эрх хэмжээг хэрэгжүүлэх үүднээс Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажил болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг хуулийн төсөлд тусгах, Албан тушаалтан 6 сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзэн холбогдох хариуцлага хүлээлгэх, Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албан тушаал бууруулах, хэрэв бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалынх нь цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох, шүүгч хууль бусаар олсон эд хөрөнгийг хураах буюу давуу эрхийг хүчингүй болгох зэрэг хариуцлагын зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах, мөн "нийтийн алба" гэсэн нэр томъёог ард түмэндээ үйлчилгээ үзүүлэх алба гэж ойлгож хэрэглэж хэвших, эсэхүл "төрийн болон түүнтэй адилтгах алба" гэсэн утгаар өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн гэжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулж олон гишүүн асуулт тавин үг хэлсний дотор Л.Гүндалай гишүүн “Дэлхийн хамгийн нэр хүндтэй байгууллагаас жил бүр гаргадаг энэ жагсаалтанд манай улс 2005 онд 85-р байранд жагсаж байсан бол 99, 102, 116-р байр руу ухарсаар 120-т орсон нь олон улсын хэмжээнд Монголын нэр хүнд, эдийн засгийн хөгжилд муугаар нөлөөлнө. Авлига гэдэг дээрээсээ эхэлдэг. Төрийн албанд “чөмгөө дундартал” зүтгээд маш их баяжиж байгаа хүмүүс энэ хуульд хамаарах уу, тэдэнтэй хариуцлага тооцох уу? Төрийн албаны томчууд маш их хөрөнгөтэй байгаа нь тэдний авч байсан цалинтай яагаад ч дүйхгүй байгаа талаар судалгаа хийх үү? Манай олигархиуд хөрөнгө орлогоо 100, 1000 дахин бууруулж худал мэдүүлээд байхад АТГ толгойг нь илсээр байх уу” гэж АТГ-ын шинээр томилогдсон удирдлагаас асууж байв.
Мөн Н.Ганбямба гишүүн “Улс хөгжихгүй, баян, ядуугийн ялгаа ихсээд байгаагийн учир энэ чухал хуулийн төслийн хэлэлцүүгийн явцад гарч ирэх байх. АТГ байгуулагдаал үр дүнд хүрдэггүйн учир тэд төрийн өндөр албан тушаалтнуулыг биш жижиг албан тушаалтнууд, “жараахайнуудыг” л шалгадаг. Төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах механиизмыг энэ хуулиндаа ямар байдлаар суулгах вэ? Албан тушаалаа бизнес болгон ашиглаж байгаа олигархийн сүлжээ бүр бүлэглэлийн зохион байгуулалтанд орсон болохоор ямар механизмаар энэ тогтолцоог эвдэх вэ? ” гэж асуусан юм.
Харин “Төрийн өндөр албан тушаалтнууд авлигын үүр уурхай болж байна” гэдэг ойлголттой санал нийлэхгүй байгаагаа Р.Гончигдорж гишүүн илэрхийлж:
-Энэ хууль бол авлигаас урьдчилан сэргийлэх, авлига гарах эрсдэлийг бууруулах, авлига үүсдэг цэгийг онож хараалах зорилготой юм. "Төрийн өндөр албан тушаалтан - авлигын үүр уурхай" гэдэг ойлголт бол нийгмийн сэтгэлзүйд нэн хортой ойлголт. Үнэндээ тэднийг авлигын үүр уурхай биш, авлига гарах эрсдэлийн цэг гэж үзэх нь зүйд илүү нийцнэ гэсэн юм. Мөн О.Чулуунбат гишүүн “Миний бодлоор бол бид өөрсдөө, УИХ, Засгийн газар маань бизнесийн асуудлыг зохицуулахдаа авлигын эх үндэс болсон журмуудыг гаргаад байна. Төрийн зохицуулалт бүгд дарамтлах эрхтэй, ийм эрх бүхий 5000 хүн байгаа нь авлига авах эх үүсвэр болж байна. Гэтэл одоо бүх юмы буцаагаад төрд оруулах гээд байгааг яаж зохицуулах вэ? Уг нь энэ эх үүсвэрийг л устгах хэрэгтэй юм гэлээ.
Хууль санаачлагчийн хувьд Х.Тэмүжин гишүүн эдээр асуултанд хариу болгож “Тул, жараахай 2-ын алиныг нь тороороо шүүх нь АТГ-ын шинэ удирдлагын хүсэл зоригоос хамаарна..Өмнөх хуульд хариуцлагын заалт сул, “огцруулж болно” л гэсэн заалт байгаа. Одоо харин түүнийг тодруулж эхлээд цалин бууруулна, давтан асуудал гаравал төрийн албанаас зайлуулна гэж байгаа. Ер нь энэ хуулийн заалт ганц төрийн албан хаагч бус, төрийн өмчид түшиглэн бизнес хийдэг, Монгол Улсын эрх ашигтай холбоотой өргөн цар хүрээтэй албан тушаалтнуудад хамаарна” гэсэн юм.
Олны анхаарал татсан энэ асуудлыг УИХ үргэлжлүүлэн хэлэлцэх бөгөөд уг хуулийн заалтуудаар АТГ-ын саналыг ч авахаар албан бичиг явуулаад байгаа аж.
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хурлдаанаар хэлэлцсэн өөр нэг асуудал бол Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байсан.
Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тодорхой болгох, эрчим хүний тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн харилцааг зохицуулж буй эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор түлшний аюулгүйн нөөц бий болгох эрхзүйн орчин бүрдүүлэх зэрэг шаардлагын үүднээс боловсруулсан уг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Тлейхан танилцуулсан юм.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад уг төсөл дэх “Эрчим хүчний зохицуулах зөвлөл (ЭХЗЗ)” гэдгийг “Зохицуулах хороо” гэж өөрчлөх, Эрчим хүчний зохицуулах хороо нь (ЭХЗХ) хэрэглэгчид ирэх ачааллыг зохистой хэмжээнд хөнгөлөх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд эрчим хүчний үнэ тарифын алдагдалтай холбоотой татаасыг улсын төсвөөс олгох асуудлыг Засгийн газарт тавих зэрэг заалт нэмэх, зарим заалтыг хасах, зарим зүйл, заалтыг бүхэлд нь өөрчлөн найруулах, нэгтгэх зэрэг саналыг Байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжсэн байна.
Харин олонхийн дэмжлэг авсан “аймаг, нийслэлийн зохицуулах хороо нь нийт 3 гишүүний бүрэлдэхүүнтэй, тэдний нг нь орон тооны байна. Зохицуулах хорооны ажиллах болон түүний гишүүнийг томилох журмыг Зохицуулах хороо тогтооно” гэсэн санал дээр С.Бямбацогт гишүүн цөөнх болжээ.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Су.Батболд, Н.Ганбямба нар төрийн өмчөөр буй болгосон эрчим хүчийг хувийн компани түгээн борлуулдгийн учир, ер нь эрчим хүч түгээх сүлжээг хувьчилснаар ямар үр дүнд хүрсэн талаар асуулт тавихад ЭБЭХ-ий дэд сайд Т.Энхтайван “Энэ бол зах зээлийн харилцаанд шилжсэнтэй холбоотойгоор төрийн өмчийг хувийн өмчид шилжүүлэх төр, засгийн бодлогын хүрээнд хийгдсэн ажил, олон улсын жишигт ч эрчим хүч түгээх ажлыг хувийн компаниуд гүйцэтгэдэг” гэж хариулав. Харин С.Бямбацогт гишүүн “Зохицуулах хорооны 3 гишүүний нэг нь орон тооны байна” гэсэн санал сүүлийн үед 2 дахин олширч, 220 мянгад хүрсэн төрийн албан хаагчдын эгнээг тэлэхэд хүргэж буйг сануулаад “ЭХЗЗ харьцангуй сайн ажиллаж байгаа, бүсийн нэмэгдэл буюу үнийн зөрүүг зохицуулж чадаж байгаа шигээ бензин, шатахууны үнийг ч хот хөдөөгүй адилхан болгох ауудлыг судлаач. Энэ талын зохицуулалт хийх чиг үүрийг тус байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд нэмж оруулах нь зүйтэй юм” гэсэн санал хэлсэн юм.
“Зөвлөл”-ийг “Хороо” болгох саналын хувьд УИХ-ын дэргэдэх Судалгааны төв энэ чиглэлээр судалгаа хийхэд түүнд хамрагдсан 62 орны 30-ийнх нь ижил төстэй байгууллагууд “Хороо”, 21 нь “Газар”, нэг нь л “Зөвлөл” гэсэн нэртэй байсан тул “Хороо” гэхээр болсноо Х.Тлейхан гишүүн тайлбарлахад Су.Батболд гишүүн “Адил чиг үүрэг гүйцэттэдэг байгууллагууд нь үндэсний хэмжээнд “Зөвлөл” гэсэн нэртэй байхад гадаадад ямар байх нь чухал биш гэсэн саналтай байв. Эрчим хүчний асуудал эрхэлсэн байгууллагын нэр болон Зохицуулах хорооны 3 гишүүүний асуудлыг эцсийн хэлэлцүүлийн үеэр дахин сайн нягтлахаар болж, тус Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 18 саналын томьёоллоор нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дунд санал хураалт явуулсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш