Европын удирдагчид эдийн засгийн хямралаас гарах арга замын талаар ярилцаж эхлээд удаж байна. Энэ 7 хоногт Европын зөвлөлийн гишүүн Олив Рен хямралаас гарах арга хэмжээ авах цагийн зүү цохилж эхэлснийг анхааруулсан. Ирэх баасан гаригт болох Европын Холбооны төрийн тэргүүнүүдийн уулзалтаас өмнө эдийн засагчид эдийн засгийн хямралаас гарах арга замын талаар өөрсдийн хувилбараа дэвшүүлж, эрх баригчиддаа тайлагнана. Бруссельд болох дээд хэмжээний уулзалтаар Европын Холбооны 27 гишүүн орны төрийн тэргүүн уулзаж, хямралыг даван туулах арга зам, гарцын талаар ярилцана. Европчуудын хувьд худалдааны бодлогыг өөрчлөхгүйгээр улсуудын Fiscal union буюу татварын бодлогыг хурдан хугацаанд өөрчилж шинэчлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Европын холбооны эдийн засгийн гол хөдөлгүүр болж байгаа 2 улс болох Франц болон Германы төрүүн тэргүүнүүд Европын эдийн засгийн өсөлт тогтмол байх ёстой гэж мэдэгдсээр байгаа боловч яг ямар арга хэмжээ авч байгаа нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй байгаа гэж шүүмжлэгдэж байгаа. Саркози ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдээд эдийн засгийн хямралыг зогсоох алхам хийхгүй байгаа. Харин Германы Канцлер Меркел Грек мэтийн орнууд ЕХ-ы эдийн засгийн өсөлтөнд тээг тушаа болж байгааг мэдсээр байж, мэдээгүй царайлж дэмий хоосон улс төр хийж байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм. Европын шилдэг эдийн засагчид шинэ татварын бодлого хямралыг зогсоож чадахгүй. Улс төрчид ч эдийн засгийн хямралыг зогсоож чадахгүй. Европчууд мөнгө санхүүгийн бодлого, тогтолцоогоо орчин нөхцөлдөө зохицуулж тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn