Ерөнхийлөгч Х.Баттулгын улс орны хаан болох, нэг хүний хязрааргүй эрх мэдлийн төлөөх тэмцэл, өс хонзон дуусахгүй нь. Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвших боломжгүй болох үеэс төлбөртэй жагсаал зохион байгуулж, цар тахалтай тэмцэж байсан Засгийн газрыг кабинетаар нь огцруулсан. Мухардалд орсон тэрбээр Н.Алтанхуягийг өөрийнхөө оронд Ерөнхийлөгчийн сонгуульд илгээж, СЕХ-г хууль зөрчихийг шаардан 7 хоног талбай дээр АН-ын буюу Ерөнхийлөгч өөрийнхөө “халаасны” хэдэн гишүүдээрээ өлсгөлөн зарлуулсан. Ард түмэн цөөн хэдэн хүний эрх мэдлийн төлөөх өлсгөлөнд нэгдээгүй, АН хоорондоо маргалдсаар, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгтэй зөвшилцсөн нэр бариад өлсгөлөнгөө зогсоосон.
Харин өнөөдөр Ерөнхийлөгчийн МоАХ-ныхон мэдээлэл хийлээ. МоАХ бол ардчиллыг ард түмэнд авчирсан гэж өөрсдөөрөө овоглодог. Гэтэл тэд иргэн аль намыг дэмжиж, нэгдэх эрхэнд халдаж, улс төрийн намыг тараах тухай ярилаа. Энэ ардчилсан үг, үйлдэл мөн үү. Тэднийхээр бол одоогийн Ерөнхийлөгч л дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох ёстой мэт ардчилллын эсрэг зүйл ярьж явна. Харин эсэргээрээ ардчилалгүй МоАХ-г тараах ёстой ч юм шиг.
Дэмжээд байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга нь АН-аас сонгогдсон тухайгаа саяхан өлсгөлөн зарлаж байсан АН-ын гишүүд дээр ирж уулзахдаа онцолсон. Тэгэхээр АН-ын жирийн гишүүд, дэмжигчид нь улс төрийн намыг тарахыг дэмжиж байгаа болж таарав уу. АН-ын дэмжигчдийг МоАХ-ны залуус төлөөлөх үү. Нам бол иргэдийн итгэл үнэмшлээр нэгдсэн улс төрийн байгууллага. Ийм байхад ардчилсан холбооны залуус яаж ингэж ярьж болох вэ. Өмнөхийн л адил ардчилалгүй энэ үйлдлээ өөгшүүлж, уухай хашгирсаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байх.
УИХ-аар удахгүй Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ. Үүнд санал өгөх гэж байгаа бол өөр хэрэг. Гэхдээ тэд эдгээр шаардлагаа хуулийн ажлын хэсэг гараад ажиллаж байхад хүргүүлж болох л байсан. Тэдний шаардлагад “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 19 дүгээр заалтын “намыг сонгуулийн өмнөх өдөр иргэдийн 1 хувиар доошгүй иргэн эвлэлдэн нэгдэн байгуулна” гэсэн заалтын үйлчилж эхлэх хугацааг 2028 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-н болгож долоон жилээр наашлуулан татах. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд шинээр эмхлэгдэн зохион байгуулагдах хугацааг долоон жилээр урагшлуулах нь үндэсний эрх ашигт нийцнэ.
Улс төрийн намын тухай хуулийг бүхэлд нь шинэчилж, намуудыг хатуу гишүүнчлэлтэй болгох, үл хөдлөх, мөнгөн хадгаламж эзэмшихийг хориглох зэрэг заалт тусгахыг шаардсан байна.
Дээрх үйлдлийг харахад АН-ынхан ардчиллыг устгаж байна. АН-ын гишүүд дэмжигчид нь нэгдэж нийлээд, ардчилсан намыг биш юм аа гэхэд, ардчиллаа авч үлдэхэд нэгдэхгүй бол, нэг хүний бүлэглэл ардчилсан үзэлтнүүдийг “самарчихлаа.”
Б.Саруул