logo
Энэ өдрүүдэд...

Энэ өдрүүдэд...

2011/12/07
Энэ Өдрүүдэд УИХ ирэх жилийн­хээ төсвийг баталлаа. УИХ дахь намын бүлгүүд наана цаа­на болж нэлээдгүй эргэж буц­саны дараа өмнөх оны төс­вүүдээ бодвол харьцангүй болом­жийн төсөв баталчих шиг боллоо. Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн орлогыг 600 тэрбум төгрөгөөр бууруулж 5.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 36.1, зарлагыг 900 тэрбум төгрөгөөр бууруулж 6.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцэхээр батлав.
Мэдээж иргэдийн хувьд төсвөөс надад юу ногдох вэ гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Үүгээр бол тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчийн цалинг 53 хувиар нэмэх нь. Гэхдээ анх төсвийн төслөөр орж ирж байсан шигээ 3-р сарын нэгэн, 5-р сард биш, 4-р сар болон 10-р сарын 1 гэсэн 2 үе шаттайгаар нэмнэ гэнэ.
Дээр нь нэмээд улсаас иргэдэд эх орны хишиг гэж хэд гурван төгрөг сар бүр өгч байгаагаа оны эхний хагас жил хүртэл өгөх нь. Их дээд сургуульд суралцагчид 500.000 төгрөгөө авах нь. Мөн 1 сая төгрөгийн хувьцааг иргэдэд олгоод хэрвээ тухайн иргэн хувьцаагаа мөнгө болгоноо гэвэл Засгийн газар 1 сая төгрөгөөр нь худалдаж авна гэнэ. Ирэх жилд л гэхэд иргэдэд олгосон хувьцааныхаа 15-16 хувийг мөнгөөр нь авчих хэмжээний мөн­гийг төсөвт суулгажээ. Дээрх тараа­сан хувьцааныхаа 15-16 хувийг мөн­гөжүүлнэ гээд байгаа нь үнд­сэн­дээ ахмадуудын хувь бололтой. Нэг хэсэг ахмадуудад бэлэн нэг сая төгрөг сон­гуулийн өмнө өгнө гэж засгийн эрх барьж байгаа намууд зарлаад байсан нь ийнхүү өнгөө хувиргасан аж.
Ирэх жил энгийн иргэдэд бол хэтэрхий үрэлгэн харагдаад байдаг албан конторын барилга барих, хөшөө цогцолбор энд тэндгүй босгодог явдал багасах шинжтэй. Тэгээд ч өнгөрсөн хэдэн жил ба­раг бүх аймаг, дүүргийн дарга нар нүсэр гоё ордонтой болоод ав­сан. Дээр нь аймаг дүүрэг болгон элдэв бэлгэдлийн хөшөө босгосон. Энэ утгаараа бол дээрх зардал угаасаа ирэх жилийн төсөвт нэг их жин дарахгүй, хэрэггүй байсан болов уу. Төрийн албан хаагчдын захиргааны зардлыг бас овоо царцааж төсвөө баталлаа. Нэг их олон хүн төрийн албанд авахгүй юм байх. Ингэхээр орон тоогоо дагаад нэмэгддэг тоног төхөөрөмж, компьютер техник хэрэгсэл, бичиг хэрэг, машин унааны зардал ч өмнөх жилүүдээ бодвол 50 хувь хүртэл буурч байгаа ажээ.
Төсвийн зарлагийг 900 тэрбум төгрөгөөр хассан учраас ирэх жил инфляци хяналтаас гарах нь гэж сандралдаад байсан Монгол­банк­ныхан түр ч болов амсхийж байх шиг байна. Ирэх жил инфляцийг 10 хувьд тогтоох найдлага төрсөн гэнэ. Гэхдээ л тэд ирэх жил мөнгөний бодлогыг өнөөгийнхөөс сулруулах боломжгүй хэмээв. Мөнгөний бод­лого сулрахгүй учраас зээлийн хүү энэ тэр өнөөгийнхөөсөө буурах­гүй нь мэдээж. Монголбанк бод­логоо сулруулах нь яахав, бүү л чан­галаасай билээ.
•Энэ ӨдрҮҮдэд иргэд, олон ний­тийн анхаарлын төвд байгаа өөр нэгэн гол асуудал бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль. Хаврын чуулганаас хойш л УИХ дахь МАН, АН-ын бүлгийн толхилцоо­ны учиг болж, УИХ-ын чуулганыг хүртэл гацаанд оруулж байсан уг хуу­лийг өнгөрсөн долоо хоногт тө­сөв­тэй зэрэгцээд батлах нээ гэсэн мэдээллүүд гарч байв. Хоёр гол нам 48:28 мажоритар, пропорциональ гэсэн хувилбараа удаан ярилцсаны эцэст тохиролцсон, тэр байтугай бас нэгэн хэрүүлийн алим болоод байсан 48 тойргоо томруулах уу жижиглэх үү, хот, хөдөөд хэдэн тойрог байх вэ гэдгээ үндсэндээ тогтлоо гэж зарласан нь Сонгуулийн хуулийг гацаанаас гарлаа, одоо батлагдах нь хэмээсэн яриа гарахад хүргэсэн болов уу?
Гэтэл үгүй байжээ. Өнгөрсөн 7 хоногийн ажлын хамгийн сүүл­чийн өдөр УИХ-ын чуулганаар эц­сийн хэлэлцүүлэг хийгдэх байсан хуулийн төсөл дахин гацаанд байгаа нь тодорхой болов. Сонгуулийн хуу­лийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Н.Энхболд ч үүнийг хүлээн зөвшөөрч 12-р сарын 15 гэ­хэд хуулийг батлах бололцоотой. Одоо намуудын босго хувь, эмэгтэй нэр дэвшигчдийн квот, мажори­тар элементээр намуудын санал авсан хувийг пропорциональд хэрхэн хувилж тооцох, зэрэг хам­гийн эгзэгтэй асуудлууд тунаж үл­дээд байна гэж мэдэгдэв. Энэ нь ч өчиг­дөр тодорхой боллоо. УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хур­лаас бүлгийн дарга Ө.Энхтүвшингээ дахин АН-ын бүлэг рүү элч болгон илгээж хэлэлцээний ширээнд суух урилга дайжээ.
Хэлэлцээний ширээний ард суух асуудал нь сонгуулийн 48:28 тогтолцоо дотроо сонгууль бол­соны дараа шилжилтийг хэрхэн хийх тухай. Хоёр намын бүлэг шил­жилт хийе гэдэг дээр бол санал нэгджээ. Харин АН-ын бүлэг болохоор сонгуулийн дараа зөв­хөн мажоритараар нэр дэвш­сэн 48-аасаа порпорциональ хувил­ба­раар орж ирэх суудал руугаа 100 хувь шилжүүлье гэсэн байна. Өө­рөөр хэлбэл АН мажоритар тог­толцоогоор УИХ-д нэр дэвшсэн 48 хүнээсээ сонгогдож чадаагүйг нь 100 хувь намын нэрээр олдох мандат руугаа авсан саналын эрэмбээр жишээд шилжүүлье гэжээ.
МАН-ынхан болохоор шил­жүүлж болж байнаа. Гэхдээ тодорхой хувь тогтоож өгье. Нэгэнт намаа­саа нэр дэвших эрх аваад сонгуульд өр­сөлдөөд ялагдсан хүмүүсийг 100 хувь намын нэрээр УИХ-ын гишүүн болох квот руу шилжүүлнэ гэдэг шударга бус байна. Хэрвээ ингэхийн бол пропорионалын 28 суудал гэж хуульд тусгах шаардлагагүй. Тий­мээс зөвшилцье. Дундын хувилбар ольё гэжээ. Тэгээд л АН-ынханд хэ­лэлцээний ширээний ард дахин суух урилга илгээжээ. Нөгөө эмэг­тэйчүүдийн квот, намуудын босго хувь тогтоох энэ тэр бол зүгээр л тохиролцож чадах­гүй байгаагаа халхлах гэсэн халхавч бололтой.
Хэлэлцээ хэрхэн явагдах нь өнөөд­рөөс тодорхой болох байх. Эрх­биш иргэддээ амласан юм байна, МАН, АН тохиролцож хуулиа хуга­цаанд нь батлах байх хэмээн найдна.
УИХ, орон нутгийн сонгуулийг цуг явуулна, салгаж явуулна гэсэн нэг маргаан хоёр намын дунд байгаа. Энэ мэт дээрээ дахин зөвшилцье гээд шинэ онтой золгочихгүй л бол?
•Энэ ӨдрҮҮдэд УИХ-ын сонгуу­лийн тухай хууль шинэчлэгдэн батлагдвал Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан дэгдэж магадгүй нь. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн хориннэгдүгээр зүйлийн 2-т «Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно» гэж заажээ. Энэ заалтыг бариад Үндсэн хуулийн цэц рүү гүйж мэдэх яриа хэдийнэ дуулдаж эхэлжээ. УИХ-ын гишүүд ч үүнийг үгүйсгэхгүй байгаа. Тэгвэл мажоритар хувилбараар сонгууль явуулах сонирхолтой хүмүүс уухайлаад сууж мэдэх л юм. Гэхдээ асуудал арай босоогүй байна...
Ш.Батболд
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш