logo
Гурван тонн хог хаягдлын талаас илүүг нь ашиглаж болно

Гурван тонн хог хаягдлын талаас илүүг нь ашиглаж болно

2011/12/07
Өнөө цагийн нэгэн содон өнгө төрх бол хүмүүс өөрийнхөө эзэмшсэн, гаршсан ажил мэргэжлээрээ бус харин сэтгэлийнхээ дуудлагаар ч гэх үү дээ огт мэдэхгүй салбарт хүчээ үзэж, өөрийгөө сорих болсон явдал гэж хэлж болох байх аа. Хоёр гурван жилийн өмнө олон жил уулзалдаагүй нэгэн сайн танил эмч бүсгүйтэйгээ гудамжинд санамсаргүй тааралдаад хэрэндээ хөөрцөглөж билээ. «За чи юу хийж байна даа» хэмээвэл нөгөөх маань «Би ч өөр ажил төрөлтэй болсон шүү дээ» гэнэ. Тэр үед Саранцэцэг багш энэ тэр гээд л бясалгал их моодонд орж, зурагтаар байнга цацдаг байсан тул «За тэгвэл бясалгалчин болсон уу» гэвэл «Үгүй ээ» гээд инээх юм. «Аан тэгвэл буяны байгууллагад эсвэл олон улсын байгууллагад ороо юу» гэвэл бүүр хөхрөөд «Үгүй ээ» гээд байх. Тэгээд эцэст эмч бүсгүй маань «Би чинь геологийн компанийн бараг босс нь болсон шүү дээ» гэх нь тэр ээ...
Өөрөөр хэлбэл гэр бүлийнхээ үүсгэсэн бизнесийг тасалдуулахгүйн тулд өр зөөлөн эмч мэргэжилтэй дээр нь бүсгүй хүний үр геологи хэмээх хатуу чанга бизнест хөл тавин, өрсөлдөөний ертөнцөд хөлөг онгоцоо хөмрүүлчихгүйн тулд эрвийж дэрвийж яваа нь гарцаагүй билээ. Ер нь хэн хүн нэг ажил мэргэжлээр 7 жилээс илүүгүй ажиллах нь зохистой гэсэн «изм» ч байдаг юм билээ.
Гэтэл өөр нэгэн бас эмч бүсгүй мөн өөр «бизнест» хөл тавин зүтгэж явна. Энэ талаар «хэргийн эзэн» Н.Оюунтай уулзан хөөрөлдлөө. 20 илүү жил шүдний эмчээр ажилласан туршлагатай тэрбээр өдгөө «Түгээлэн-Ундарга» нийгэмд үйлчлэх ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна. Тус ТББ-аас Дүрслэх урлагийн музейд нэгэн шинэ үзэсгэлэн нээжээ.
-Эмч бүсгүй хүн огт өөр салбарт хүчээ үзэх болсон нь хачирхалтай санагдана. Та яагаад нийгэм рүүгээ хандсан ТББ-ыг сонирхох болсон юм бэ?
-Бага залуугаасаа миний бие нийгэм улс төрийн байдлыг ажиглах дуртай нэгэн байсан бол зах зээлд шилжсэнээс хойш шүүн ярилцах сонирхолтой болж, улмаар 1990-ээд оны сүүлчээс улс төрд ормоор ч юм шиг, шөнө босоод л хаа ч нийтлэгдээгүй хэд хэдэн нийтлэл бичиж ч явлаа. Харин энэ оны 6 дугаар сарын 11-нд байгуулагдсан манай «Түгээлэн-Ундарга» НҮ ТББ нь нийгэм рүү чиглэсэн хэд хэдэн үйл ажиллагаа явуулах санаатай.
Энэ удаагийн анхны үзэсгэлэн­гийн маань гол зорилго бол үндэс­ний үйлдвэрлэлээ, шинэ бүтээлч санаачилгатай хүмүүс, байгууллагыг аль болох дэмжих, нийгэмд хамгийн их хэрэгцээтэй, дутагдаж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, энэ чиглэлд бодитой бүтээл гаргаж ажиллаж байгаа Монголдоо анхдагч болоод байгаа эдгээр хүмүүсийг дэмжих явдал юм. Дээрх хайгуулын үед «Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв» НӨУҮГ биднийг халуунаар дэмжиж хамтран ажилласанд талархаж байгаагаа илэрхийлэе.Тавьсан зорилгоо ч биелүүлсэндээ баяртай байна.
Бид олон бүтээлч хувь хүн, бай­гууллагуудаас сонголт хийснээр 10 гаруйнхувь хүн, байгууллагыг үзэсгэлэндээ урьж оролцууллаа. Харамсалтай нь зарим нь ирж амж­сангүй.
Манайхны сайн мэддэг гоём­сог жаазтай ханын гоёл чимэг­лэл бүтээдэг Цэдэндорж гуай бүтээг­дэхүүнээрээ оролцлоо. Мөн шоко­лад­ны анхны үйлдвэр болох «Есөн од фүүд» компани бүтээгдэхүүний­хээ дээжсийг сурталчлав. Тус үйлд­вэр нь 30 гаруй төрлийн шоколад захиалгаар үйлдвэрлэдэг юм байна. «БМ» компани өөрийн хийсэн гу­тал цүнхээ, Толгойтод амьдардаг 5 гэр бүлийн үүсгэсэн «Ирээдүй» бүлэг оёдол, нэхмэл, шүр сувдан сувенир, сурагчийн дүрэмт хувцас, гэрийн бүрээс, үртэсний зуух, бүүр сул­хирын гурилан тэжээл зэрэг олон бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан.
Манай үзэсгэлэнд оролцож бай­гаа «Сан Оргиу» компани нь гялгар уут, хуванцар хог хаягдал ашиглан бүтээгдэхүүн үйлдвэр­лэдэг. 2005 онд байгуулагдсан тус ХХК нь өнгөрсөн 5 жилд 1280 гаруй тонн хаягдал гялгар уут, хуванцарыг дахин боловсруулснаар сандал ширээ, хашаа хайс, хүүхдийн тал­байн тоглоом зэрэг 30 гаруй нэр төр­­лийн бүтээгдэхүүн үйлдвэр­лээд байгаа юм. Тус үйлд­вэрийн технологи нь Монгол Улсын Зас­гийн газраас батлагдсан оюуны өм­чийн 1632 дугаар бүхий патенттай.
Одоогоор Монголд хогийн үйлд­­вэр ганцхан байгаа. Тиймээс дээрх компанийг дэмжээд өгвөл ийм хоёр дахь үйлдвэртэй болсноор нийслэлийн маань хог хаягдал 3 дахин багасах боломжтой гэнэ.
Дараагийн оролцогч нь бүх төр­лийн гялгар уут, цаасан хайрцаг, цаасан уут, скоч, нэг удаагийн хоол­ны аяга, сав зэргийг таны хүссэн хэмжээ, өнгө, загварын дагуу үйлд­вэрлэдэг «БЭСАИСИ» ХХК. Түүнч­лэн уран бүтээл хийдэг зарим хүмүүсийн бүтээлүүд, ханын чимэг­лэл, бэлэг дурсгал, уран зураг тавигдсан байгаа. Тухайлбал, ваа­ран эдлэл хийж мэдэхгүй, ямар ч дадал туршлагагүй хүүхэд бага­чууд эдгээр вааран эдлэлийг хий­сэн байгаа юм шүү дээ. Нэг кг нь 3000 төгрөгийн үнэтэй солонгос шаврыг бүтээл болгож, дүрсийг нь гар­гаад 1500 төгрөг төлж чануулс­наар дээрх бүтээлүүд мэндэлдэг бай­на. Өөрийн хүссэн өнгө, загвараар бүтээгдэхүүнээ хийж чаддаг бол­гох энэ сургалтыг А.Наранбаяр гүй­цэтгэх захиралтай «Керамик ур­лалын студи» явуулдаг юм хэмээн дэлгэрэнгүй танилцуулаа. Үзэсгэлэнд бүтээлүүдээ дэл­­гэн тавьсан «Цуурай» ком­панийн дэргэдэх «POWER MUSIC» ком­панийн захирал Д.Цэрэн­дорж гуай­тай уулзвал «Манай компани 2008 оноос эхлэн эдгээр «Мянган булаг» хэмээх цувралыг хийж бүтээж ирлээ.
Эдгээр төхөөрөмж нь бүгдээрээ 12 вольтоор ажиллах чадвартай, хөдөө орон нутаг болон олон хүн цугларсан танхим, задгай талбай зэрэгт лекц яриа, сурталчилгаа хийхэд зориулагдсан зүйлс юм. Хамгийн чухал бүтээгдэхүүн бо­лох 400 ваттын хүчин чадалтай энэхүү өсгөгч нь хамгийн сүүлийн үеийн шаардлага хангасан, 4 тал­даа 4 тийшээ харсан яригч бүхий, дотроо өсгөгч нь байрласан, мөн алсын зайн микрофонтой, флаш унш­даг сайн талтай. Ялангуяа гадаа гудамж талбайд 300-400 хүний голд нь байрлуулаад хурал цуг­лаан зохиож болох давуу тал­тай юм. Мөн дороо дугуйтай тул ачаа­ны машины тэвшин дээр байрлуу­лах бүрэн боломжтой, зөөвөрлөхөд маш авсаархан, 40-өөд кг жин татдаг. Энэ бүхнийг бид захиалгаар хийж гүйцэтгэдэг.
Түүнчлэн хурлын индрүүд хийж байна. Энэ нь бүрэн төхөө­рөмж­тэй буюу 6-7 төхөөрөмж болох яригч, өсгөгч зэрэг нь индэр дотроо байрласан, батарей болон цахил­гаанаар ажиллах боломж­той эд. Хамгийн цол нь цахил­гаан хэрэглэлгүйгээр ажиллах чад­вар­тай. Өөрөөр хэлбэл 12 вольтийн аккумлятор байхад хаана ч ашиг­лаж болно. Монголчуудынхаа за­хиал­гаар монгол хүн хийж бүтээж байгаа учраас амьдрах хугацаа урттай, хэрэглэхэд хялбар. Үнэ нь 380 мянган төгрөг. Анх хөдөөгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хуралд зориулан бүтээсэн бөгөөд одоогоор 20-иод сум захиалж аваад байгаа. Мөн ийм төхөөрөмжгүй өөр индрийг ч телевизүүд нэлээд авдаг. Үнэ нь 180 мянган төгрөг бөгөөд захиалагчийн хүссэн өнгө, загвараар нь бүтээж өгч байгаа хэмээн өгүүллээ.
Та уншигчиддаа хандаж юу хэлэх вэ хэмээн үзэсгэлэнг зохион байгуулсан Н.Оюунаас асуухад
-Үзэсгэлэнгийн явцад манайх хөдөлмөр эрхлэл­тийг дэмжих зо­хих бай­гуул­лагын зөвлөмж, мөн сур­талчилгааны материа­луудаас гадна зарим эрүүл ахуйн зөвлөмж ч тараалаа. Хог хаягдлын мэнэж­ментийн талаар гэвэл зарим хэлэх үг байна. Онцлог зүйлийг нь хэлэхэд цэвэр хаягдлыг хогтой бүү холиоч ээ гэж л хүсэх байна.
Хүмүүст хандаж хэлэхэд хуван­цар саваа битгий таглаж хаяач ээ. Яагаад гэвэл дотор нь чийг үл­дэх учраас элдэв бактери үүсэх боломж­той байдаг. Нийслэлийн Захирагчийн албанаас гурван ч дүүрэгт хог хаягдлыг цэгцлэх, уут­лаж савлуулах ажлыг зохион байгуулаад явж байна. Ерөөсөө цэвэр хаягдал маань жинхэнэ бохир хогтой хутгалдсанаас өөрөө хог болон хувирдаг байна. Гурван тонн хог хаягдал байна гэхэд түү­ний 2 тонн нь ашиглаж болох хаягдал байдаг аж. Өөрөөр хэлбэл 30 тонн хог хаягдлаас түүхий эд болгон ашиглаж болох 20 тонныг нь бид ямар ч үргүй хаячихаж байна.
Иймээс бүх хаягдлыг хогийг нэг машинд хамтад нь ачаалах шаардлагагүй. Манай зүгээс гаргаж буй шинэ санаачилга бол хогоо хаяхдаа өөр өөр уутанд ангилан хийдэг болвол хэрэгтэй зүйлсийг нь хожим эргүүлэн ашиглах боломж бүрэлдэх юм.
С.Энх-Амар
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш