-Ноён Бондгор гэх дуучин гарч ирээд багахан хугацаанд олонд танигдлаа. Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Би уран бүтээл хийгээд хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд хоёр дахь цомгоо гаргах гэж байна. Ирэх оны гуравдугаар сард тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа. Би чинь Монгол Улсын эх үрсийн элч дуучин. Тэгэхээр гуравдугаар сарын 8-н, зургаадугаар сарын 1-н, есдүгээр сарын 1-н бол чухал миний хувьд чухал өдрүүд. Миний үндсэн мэргэжил программист л дээ.
-Урлагийн тогоонд орсон түүхээсээ яривал…?
-Би янз бүрийн дуулаачийн сургууль төгсөөгүй. Зүгээр өөрийнхөө мэдрэмж, байгалиас заяасан авьяасаараа л дуулж гарч ирсэн. Хүмүүст хүрч буй найз нөхөд, ээж аав, хайрын дуунуудыг би дуулах л гэж төрсөн хүн гэж өөрийгөө дүгнэдэг.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Одоогоор шинэ жилийн захиалга ирж байна уу?
-Тун удахгүй миний хоёр дахь цомог гарна. Бас шинэ жилийн захиалга эхнээсээ ирчихлээ. Өчигдрийн байдлаар 24 байгууллагын захиалга ирсэн. Дээр нь хурим, тоглолтын гээд л.
-Та ямар ханшаар дуулах вэ?
-Тогтсон ханштай. Нэг дууг нэг сая төгрөгөөр дуулдаг.
-Хоёр дахь цомогт тань хэчнээн дуу багтсан, ямар, ямар уран бүтээлчидтэй хамтарч ажилласан бол?
-Хоёроос гурван хүнтэй хамтарсан байгаа. Түүнийг одоохондоо нууц хэвээр байлгамаар байна. Он гарахаас өмнө цомгоо гаргах гээд л үзээд байна.
-Таньд хөгжмийн зохиолч, дуучин Ч.Мөнхжаргал нэг дуу өгөхөөр амалсан гэсэн?
-Монголын нэгэн сайхан хүний үр удам болох Ч.Мөнхжаргал эгч надад “Чиний хоолой их гоё чадалтай юм. Эгч нь нэг дуу өгье гээд “Хайрын сарнай” гэдэг дууг өгсөн. Тэр дуу нь одоо хийгдээд явж байгаа. Ч.Алтанцэцэг эгч бас нэг дуу өгнө гэж амалсан.
-Дуунуудаа ам барьдаг уу, амьдаар дуулдаг уу?
-Бусад шиг дуугаа тавьчихаад амаа хөдөлгөж хүн хуурахыг хүсдэггүй. Яагаад гэхээр хүн чаддаг юм аа чаддаг л биз дээ. Гэхдээ зарим үед зайлшгүй панограмм тавихаас өөр аргагүй үе байдаг. Хэцүү хөгжимтэй, чимээ ихтэй газар, эсвэл микрофон нь таг бөглүү ч юм уу тийм газар дуулахад л ам барьдаг.
-Таны нэр их содон л доо. Уг нь бүтэн нэр чинь Амарбаяр. Гэтэл хүмүүс таныг ноён Бондгор гэдгээр тань сайн мэддэг?
-Арын хамт олон гэж байдаг даа. Ер нь миний чиглүүлэгч, продюссер гэж хэлж болохоор хүн бол МУГЖ С.Жавхлан ах. Надад энэ нэрийг өгөөд, ямар дуу дуулах уу, яаж дуулах уу зэрэг бүх чиг зүгийг зааж байдаг. Өөрөөр хэлбэл, надтай холбоотой бүх юм тэр хүнтэй холбоотой гэж ойлгож болно.
-Хүмүүсийн дундах эргэлзээ үүнтэй холбоотой байх нь ээ?
-Төрсөн дүү, уран бүтээлийн хуурай ах дүүс гээд аль нь ч байж болно. Бид нэг нутгийн, төрөл садангийн хүүхдүүд. Жавхаа ах надад бүх талын дэмжлэг туслалцаа хүргэдэг. Чиний тэр чинь тийм ийм байна, ингэвэл болмоор байна гээд л.
-Та гэр бүлийнхээ тухай яриач. Эхнэр, хүүхэдтэй юу?
-Байхгүй ээ. “Соронз”, “Гранд” сэтгүүлүүд дээр миний зургийг нэг охинтой эвлүүлж тавьчихаад “ноён Бондгор” эхнэр авч, баахан фен охидуудаа гомдоожээ гээд л гаргасан байсан. Дараа нь дахиад бас нэг өөр охины зураг тавиад нөгөө охиноосоо салаад энэ охинтой суужээ гээд бичсэн байсан. Үнэндээ бол надад тэгж хольж солиод яваад байх хүн байдаггүй. Над руу охидууд ярих асуудал зөндөө л байдаг. Тэглээ гээд би түүнд нь ач холбогдол өгдөггүй. Өөрийнхөө хийх ёстой юмаа хийгээд л явдаг. Мэдрэмжтэй, хатан ухаантай эмэгтэй хүн гэж байдаг даа. Тийм хүн тааралдтал би юмаа уран бүтээлээ туурвиад байж л байна.
-Та шүлэг бичдэг үү. Дуулах дуугаа хэрхэн сонгодог вэ?
-Ер нь олон хүнээс шүлэг авдаг. Тэгээд чиглүүлэгчтэйгээ хамт шүүж, шигшээд шалгарсан шүлгээ хөгжмийн зохиолчдод өгч ая хийлгээд тэндээс сонсч байгаад хамгийн чихэнд наалдацтай, амьдралтай ойрхоныг нь дуулдаг. Амьдрал дээр мэдлэгтэй хүнээс мэдрэмжтэй хүн нь илүү байдаг. Тэгэхээр Соёл урлагийн их сургуулийг төгссөн хүн заавал дуучин болдоггүй юм гэж хэлмээр байна. Тухайлбал, би. Гэхдээ СУИС-ийг төгссөн ямар ч дуучнаас дутахааргүй дуулж чадна гэж бардам хэлнэ. Шүлгийн хувьд олон шүлэг бичсэн. Эхнийхээ цомогт орсон “Шохоорхол уу хайр уу” гэж дууныхаа шүлгийг бичсэн. Мөн хоёр дахь цомогт орсон 2-3 дууныхаа шүлгийг ч тэрлэсэн.
-Таны дуунууд ихэвчлэн хайр сэтгэл, найз нөхөрлөлийн сэдэвтэй байдаг. Тэгвэл таниас эсрэгээр дуулаад явж байгаа жишээлбэл, дуучин Т.Мөнх-Эрдэнэ буюу рэппэр Жи-гийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Жи бол үнэхээр шилийн сайн эр гэдэг шиг сайн дуучин. Бид сайхан найзууд. Бие биетэйгээ нэгдэж чаддаг, дэмжиж чаддаг уран бүтээлийн найзууд. Түүнээс шүлэг бол зүгээр л урсдаг.
-Сүүлийн үед телевизийн шоунаас олон хамтлаг төрөн гарч байна. Саяхан “Anemone” гэдэг охидын хамтлаг гарсан. Араас нь “X-Tessy” гарлаа. Үүнд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Ерөнхийдөө залуу уран бүтээлчдийн хувьд ганц хоёр дуу гаргаад л “Өө, бид ёстой баллаж байна” гэцгээдэг болж. Хэрвээ урлагт байя, дуулъя, урлагийн хүн болъё гэж байгаа бол хэзээ ч бусдыг бүү дуурай. Тэр шинэ залуу хамтлаг дуучид гарч ирээд ганц нэг дуу хүчээр нүдэж хийчихээд “одоо бид балласан”. “Бид сайн байсан” гэж бодож байгаа бол зүгээр “Уучлаарай” гэж хэлмээр байна. Эцсийн эцэст өнөөдөр хөдөө хонь хариулаад явж байгаа бацааныг караокед авч ирээд мэргэжлийн арван дуучинтай хамт оруулахад нөгөө дуучид маань шившгээ тарьдаг байхгүй юу. Үнэн шүү.
-Тэгвэл өөрийгөө уран бүтээлч хүний хувьд дүгнээч гэвэл?
-“Миний найз” дуу хитийг яг арван сарын турш тэргүүллээ. Рок попоор ч тэр нийтийн дуугаар ч тэр. Араас нь “Хайрын солонго” дуу маань сар гаруйн хугацаанд тэргүүлсэн. Сэтгэл зүрхнээс гарсан дуу сэтгэл зүрхэнд л очдог. Өнгөрсөн жил “UBS Music video awards”-т миний дуулсан “Миний найз” дуу дөрөв таван номинацид өрсөлдсөн. Тэнд Монголын урлагийн заяа гомдож байна лээ. 300 дуучинд урилга өгчихөөд ердөө л дөрвөн дуучныг шагнаад л. Тэр 300 дуучны цаана 600 студийн хүн ирчихээд байхад ердөө л гуравхан студи хоорондоо өрсөлдүүлж байсан. Тийм тэнэг, мэдрэмжгүй байж болохгүй ээ. Бөөн луйвар хийчхээд түүнийгээ урлагийн наадам гэж байгаа нь хөөрхийлөлтэй. Монгол ийм л хөөрхийлөлтэй болчихож. Тэгэхээр манай залуу дуучид хоорондоо ярилцаад удахгүй болох цагаан сараар жинхэнэ баяр гэж юу байдгийг үзүүлэхээр тохирсон байгаа.
-Анх дуугаа “FM”, радиогоор сонсоход ямар санагдав. Бас дуучин болоод амьдрал тань хэр өөрчлөгдсөн бэ?
-Мэдээж өөрийнхөө дууг анх сонсоход гоё байсан. Бас “Карлосон” дууны дараа гудмаар явж байхад хүүхдүүд “Карло ахаа” гээд л. Араас нь “Тавтай нойрсоорой” дуу маань бүх хүүхдийн зуслангуудаар яваад л мангар үнэтэй дуучин болж хувирсан. Гэхдээ миний амьдрал хэвэндээ л байна.
Н.Оюундалай