logo
Думын сонгуулийн эргэн тойронд....

Думын сонгуулийн эргэн тойронд....

2011/12/07
ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын парламентын доод танхим болох Думын депутатуудыг сонгох сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн Төв комисс даваа гарагт москвагийн цагаар өглөөний 11 цагт танилцууллаа. Нийт саналын хуудасны 95.1 хувийг тоолсны дараа эрх баригч «Нэгдмэл Орос» нам сонгогчдын 49.54 хувийн санал авчээ. Коммунист нам 19.16%, «Шударга Орос» нам 13.22 хувь, Либерал-Ардчилсан нам 11.66%, «Яблоко» нам 3.30%, «Оросын эх орончид» нам-0.97 хувь, «Зөв үйл хэрэг» нам 0.59 хувийн санал тус тус аваад байна.
Нийт сонгогчдын 60.2 хувь нь санал хураалтад оролцсон болохыг ОХУ-ын Сонгуулийн төв комиссын /СТК/ дарга Владимир Чуров мэдээллээ. Түүний хэлснээр «энэ нь 2007 онд болсон парламентын сонгуулийн ирцээс 3 хувиар буурсан үзүүлэлт» гэнэ.
Анхнаасаа ялах нь тодорхой байсан «Нэгдмэл Орос» нам судалгааны таамагт дурдсан үзүүлэлтээс бараг 4 хувиар цөөн санал авлаа. Тус намыг 53.8 хувиар ялалт байгуулна гэж олон нийтийн санаа бодлыг судлах ВЦИОМ төв 10 гаруй хоногийн өмнө таамаглаж байсан билээ. Дөрвөн хувийн зөрүү гэдэг бол нэлээд их тоо. Тус төв сонгогчдын ирцийг 56 хувьтай байна гэж мэдэгдэж байсан, энэ удаад мөн л дөрвөн хувийн зөрүүтэй тооцсон байна. Думын сонгуультай зэрэг орон нутгийн парламентын сонгууль ОХУ-ын 27 субъектэд болсон ба сонгогчдын ирц өмнөх сонгуулийнхаас даруй 10 хувиар илүү байсныг СТК-ийн орлогч дарга Леонид Ивлев мэдээллээ.
Сонгуулийн дүнгээс харвал, «Нэгдмэл Орос» нам зургаа дахь удаагаа сонгогдож буй Төрийн Думд үндсэн хуулийн олонхыг бүрдүүлж чадахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Одоогийн парламентад ийм олонх байснаараа тус нам  бусад намуудын саналыг харгалзахгүйгээр хуулийн төслүүдийг батлах эрх эдэлдэг байсан юм.
Төрийн Думын 450 суудлын 300 суудлыг эзэлдэг «Нэгдмэл Орос» нам энэ удаад нэлээд хэдэн суудлаа алдсан ч тус намын нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг тэргүүлж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев санал хураалтын дүнд сэтгэл хангалуун байна. Тэрбээр нам нь сонгуульд боломжийн амжилт гаргасныг дурдаад «Нэгдмэл Орос» нам Дум дахь хамгийн хүчирхэг тэргүүлэгч улс төрийн хүчин гэдгээ дахин нотоллоо» гэж онцлон тэмдэглэжээ. Харин Оросын шийдвэр гаргагчдын дотор хамгийн нөлөө бүхий хүнд тооцогддог Ерөнхий сайд В.Путин эдийн засгийн хямралтай, хүнд бэрх энэ цаг үед итгэл хүлээлгэсэн сонгогчдод талархлаа илэрхийлэв. Тэрбээр «Бид энэ амжилтдаа тулгуурлан улс орондоо тогтвортой хөгжлийг бий болгоно» гэжээ.
Түүний сацуу, Төрийн Думын дарга Б.Грызлов огцорно гэсэн хэвлэлүүдэд гарсныг «Нэгдмэл Орос» намын удирдлага тайлбарлахаас татгалзлаа.
Хэдийгээр өмнөх сонгуульд бараг 64 хувийн санал авч байсан «Нэгдмэл Орос»-ын чансаа огцом гэмээр буурсан ч энэ нь Ерөнхий сайд Путин ирэх оны хавар болох сонгуульд ялалт байгуулахад садаа болохгүй гэж барууны хэвлэлүүд дүгнэж байна.
Сонгуулийн дүн Кремльд түгшүүр төрүүлж болзошгүй гэж Дейли Телеграф сонинд бичжээ. «Путины чансаа унасан» гэж «Нэгдмэл Орос»-ын төлөө саналаа өгсөн өндөр настан Елена Орлова ярьсныг тус сонин иш татав. Тэр эмэгтэй ярихдаа «намын нэр хүнд буурахад тус улсад гарсан авлигатай холбоотой дуулиан шуугиан нөлөөлсөн, гэсэн хэдий ч Путин урьдын адил хамгийн чадварлаг улстөрч хэвээр байна» гэжээ.
Фокс ньюс сувгийн мэдээлснээр, В.Путин «Нэгдмэл Орос» намын төв байранд дэмжигчдийнхээ өмнө хэлсэн үгээ хоёр гуравхан өгүүлбэрээр хязгаарласан бөгөөд нэлээд баргар царайтай байсан аж.
БИ-БИ-СИ корпорацийн сурвалжлагч Дэниэл Сэндфорд ярихдаа «сонгуулийн өдөр Москва хотод эх оронч үзэл, ноомой гөлгөр байдал, айдас түгшүүр холилдсон хачирхам уур амьсгал бүрэлдсэн байлаа» гэж дүгнэжээ.
«Парламентын сонгуулийн дүн гарсны дараа Оросын улс төрийн амьдралын хуудас эргэж магадгүй» гэж Францын «Фигаро» сонин үзэж байна.
«Энэ бол ялалт, гэхдээ ялгуусан баяр биш» гэсэн үгээр Францын телевизийн TF1 суваг сонгуультай холбоотой мэдээллээ эхэлжээ. «Энэ удаагийн сонгууль нь ирэх онд Ерөнхийлөгчийн албан тушаалд буцаж очих гэж буй В.Путины хувьд сорилт боллоо» гэж тус суваг дүгнэсэн байна.
Францын телевизийн «France TV» сувгийн дүгнэж байгаагаар, 2012 оны Ерөнхийлөгчийн дүнд эргэлзэх хэрэггүй ажээ.
Б.Адъяахүү
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш