logo
Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлал гуйна

Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлал гуйна

2011/12/07
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл байлаа. Уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд үзсэн. 2008 оны долдугаар сарын нэгний өдөр болсон үйл явдал дээр хийсэн дүгнэлттэй холбогдуулан  хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааг улам боловсронгуй болгох, гарсан зөрчлийг арилгах үүднээс ХЭҮК-аас санал зөвлөмжийг гаргасан билээ. Хүний эрхийн талаар авах Зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд дээрх санал зөвлөмжийг тусгасан бөгөөд эрхэм гишүүдийн анхаарлыг татаж байсан зүйл нь ХЭҮК-ын 2008 оны илтгэлд дурдсан Төрийн хууль бус халдлагад өртөж, ойр дотны хүнийхээ амь насаар хохирч, хагацал үзсэн хохирогчдоос Монгол Улсын Ерөнхийлөгч уучлалт гуйх тухай заалт байлаа.
Зарим гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх рүү ингэж халдах нь зохимжтой эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Харин ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжингийн тайлбарласнаар Төрийн нэрийн өмнөөс уучлал гуйх тухай асуудлаар Хууль зүйн байнгын хорооны даалгавраар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцсан юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн, мөн ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ хувьд төрийн нэрийн өмнөөс уучлал гуйхад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн аж.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Эрдэнэ нар зөвхөн хохирогчдоос ч бус ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Төрийн алдаатай бодлогын уршгаар нийгэмд айдас бий болж, хүний алтан амь эрсэдсэнд учир байгаа юм хэмээн тэд тайлбарласан. Гишүүд зарчмын хувьд дэмжин, утга, найруулгын хувьд дахин нягтлахаар болсон бөгөөд уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш