logo
Б.Тулгыг өмөөрөн хяналтын прокурорыг чирч гулдарчээ

Б.Тулгыг өмөөрөн хяналтын прокурорыг чирч гулдарчээ

2011/12/08
МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгын Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр хэлэлцээд түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн үзэн батлан даалтад гаргажээ.  Харин Нийслэлийн прокурорын газраас уг шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Тиймээс Б.Тулгыг үргэлжлүүлэн хорих ёстой гэсэн албан бичгийг дүүргийн шүүхэд өгсөн гэнэ.
Мэдээж энэ бичиг Б.Тулгыг өмөөрөгчдөд яаж таалагдахав. Нийслэлийн прокурорын газрын гадаа эсэргүүцлээ илэрхийлэн жагссан байна. Тэд Б.Тулгыг бүр суллаж, мөрдөн байцаалтын ажиллагаагааа зогсоохыг шаардаж, мөн уг хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, чирч гулдарчээ.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсай өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, прокурорын байгууллагын зүгээс  Б.Тулгыг хуулийн хүрээнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэтэл иргэдийн зүгээс хууль бус шаардлага тавьж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байна. Тиймээс энэхүү үйлдлээ нэн  даруй зогсоохыг жагсагчдаас хүсэж байна гэлээ.
Түүнчлэн тэрбээр, аливаа хэргийг шалгахад мөрдөн байцаалтын нууц гэж бий. Тэр нууцыг задруулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Б.Тулгад холбоотой хэргийн мөрдөн  шалгах ажиллагаа дуусаагүй учир энэ талаар мэдээлэх боломжгүй болохыг мэдэгдлээ. Мөн, “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтэн яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээг авах төрлөөр нь тодорхой заасан. Үүний нэг төрөл нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ юм. Сэжигтэн Б.Тулгыг Эрүүгийн  байцаан шийтгэх хуулинд заасны дагуу үргэлжлүүлэн хорих ёстой гэж үзсэн. Энэ үндэслэлээ Сүхбаатар дүүргийн шүүхэд албан ёсоор өгсөн” гэлээ. Сүхбаатар дүүргийн шүүх прокурорын байгууллагаас ирүүлсэн эсэргүүцлийг маргааш хэлэлцээд, Б.Тулгыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх юм байна.
Shuum.mn 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш