Олон нийтийг хамарсан ханиад томууны дэгдэлт, амьсгалын замын өвчин төдий л амархан дарагдахгүй байгаагийн гол шалтгаан нь «Утаа» гэж Ногоон шугам төрийн бус байгууллага үзэж байна. Иймээс агаарын бохирдолтой тэмцэх явдал нь цор ганц төр засгийн томоохон төслүүдээр шийдвэрлэгдэх асуудал биш, хувь хүний амьдралын хэмнэл, ахуйн дэглэмтэй холбогдож байгаа ажээ. «Ногоон шугам» төрийн бус байгууллага болон «Дүдү Боловсрол» сангаас санаачлан хэрэгжүүлж эхэлж буй «Инээдэг маск» хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн агаарын бохирдолд хамгийн ихээр өртөж байгаа хэсгийн оршин суугчдийг хорт утаа болон халдварт өвчнөөс давхар хамгаалах зориулалттай амны хаалтаар хангах зорилго тавин ажиллаж байна. Энэ ажлынхаа эхлэл болгож 12 сарын 12-ноос цэцэрлэгийн насны 600, сургуулийн насны 1500 хүүхэд, жирэмсэн болон өндөр настан 3000 гаруй, нийт 5000 иргэнд нэг сарын турш уг амны хаалтыг тараахад бэлэн болоод байгаа ажээ. Ахуйн зориулалт бүхий эдгээр амны хаалтыг Бүгд Найрамдах Солонгос улсын «Наньжон» компанид үйлдвэрлэсэн бөгөөд, худалдан авч монголд ирүүлэхэд шаардагдах гучин сая төгрөгийг Нийслэлийн агаарын чанарын алба болон хувийн хэвшлийн байгууллагуудын хандив дэмжлэгээр босгосон байна. Хөтөлбөрийг зохион байгуулагч¬дын зүгээс ажлынхаа үр дүнг нэгтгэн, мониторинг хийж, төрийн байгууллагад хүргүүлэхийн сацуу, нийт ард иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудыг хамтран оролцохыг уриалсан юм.
Я.Баяраа
Я.Баяраа