logo
Зян Зэминийг

Зян Зэминийг "хөдөөлүүлсэн" сувгийг торгожээ

2011/12/09
Хонконгийн эрх баригчид Хятадын удирдагч асан Зян Зэминийг нас нөгчсөн хэмээн худал мэдээлэл цацсан телевизийн Эй-ТИ-ВИ /ATV-Asia Television/ сувагт их хэмжээний мөнгөн торгууль ногдуулжээ. Тус суваг ийм мэдээлэл цацсаныхаа төлөө 300 мянган хонконг доллар буюу 39 мянган ам.долларын торгууль хүлээсэн байна. Энэ тухай Олон нийтийн харилцаа холбоо, телевиз, радиогийн нэвтрүүлэгт хяналт тавьдаг засгийн газрын алба мэдэгджээ.
Хятадын хуучин удирдагч, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга асан өдгөө 85 настай Зян Зэминийг таалал төгссөн гэх дуулиант мэдээг Хонконгийн суваг өнгөрөгч долдугаар сарын 6-нд баттай бус эх сурвалжаас иш татан цацсан нь дэлхийн хэвлэлүүдэд томоохон шуугиан тарьсан аж. Зян Зэминий эрүүл мэнд эрс дордсон тухай цуу яриа гарсны дараа тэрбээр Хятадын Коммунист намын 90 жилийн ойн баярт оролцсон билээ. Энэ чухал арга хэмжээнд намын олон ахмад гишүүд оролцсон юм. Тухайн үед Хятадын Синьхуа агентлаг Зян даргыг таалал төгсөн гэх мэдээллийг албан ёсоор няцааж байсан.
Зян Зэминийг «хөдөөлүүлсэн» Хонконгийн суваг албан ёсоор уучлалт хүссэн боловч хэтэрхий оройтсон байв. Тус суваг торгуулж, харин ерөнхий редактор болон дэд ерөнхийлөгч нь албан тушаалаа орхихоос аргагүйд хүрчээ.
Д.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш