-Ирэх оны төсвийн төсөлд хоёр намын бүлгийн ажлын хэсэг санал нэгдэхгүй байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хэрхэн нэмэгдүүлэх дээр санал нийлэхгүй байгаа гэсэн үү?
-Манай намаас ирэх оны төсвийн зарим урсгал зардлыг царцаах бодлого барьж байна. Тухайлбал, маш олон конторын барилгыг шинээр барихаар төсөвт оруулжээ. Мөн ач холбогдлоороо бага авто замуудыг барих ажлыг хойшлуулах хэрэгтэй. Энэ мэт мөнгөний эх үүсвэрээр иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нөгөө талаас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхдээ нэг асуудлыг анхаарах нь зөв . Тэр нь юу гэвэл улсаас цалин, тэтгэвэр авахгүйгээр амьдрал ахуйгаа залгуулдаг иргэдэд хүндрэл учруулахгүй байх. Ингэхийн тулд үнийн өсөлтийг барих хэрэгтэй болж байгаа юм. Харин хэрхэн, ямар аргаар гэдэг нь асуудал болоод байна.
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ирэх оны нэг эсвэл гуравдугаар сараас нэмнэ гэж яриад байна. Яг хэзээнээс нэмэх гэж байна вэ?
-Улс оронд төсвийн хөрөнгө төвлөрөх цикль гэж байна. Үнэнийг хэлэхэд нэгдүгээр сарын нэгэнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх эх үүсвэр төвлөрөхгүй байх вий гэсэн болгоомжлол байна. Тэрнээс бус нэг улирал цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй байя гэсэн бодлого байхгүй. Тиймээс оны сүүлчээр төсвийн орлогыг бүрэн төвлөрүүлэх, нэгдүгээр сарын нэгнээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх ямар боломж байгааг ярьж байна.
-Сонгуулийн тухай хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллагад ногдуулах хариуцлагын асуудал хурцаар тавигдаж байгаа. Хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг цалингийн доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох гэнэ. Ерөнхийлөгч үүнийг эсэргүүцсэн. Харин таны байр суурийг сонсмоор байна?
-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн хэсгийн ажлын хэсэгт би байгаа. Хариуцлагын асуудалд эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй л дээ. Гэхдээ эдийн засгийн хөшүүргийн хэмжээ хэтэрхий их байх юм бол биелдэггүй юм. Цалингийн доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгуулийг төлж чадах уу гэсэн асуудал гарна.
-Ирэх оны төсөв, Сонгуулийн тухай хуулийг батлах цаг хугацаа нь дөхөөд байна?
-Хуультай, хугацаатай болохоор ирэх оны төсвөө өнөө, маргаашдаа багтаан хэлэлцэж дуусгах байх. Дараа нь Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ.
-Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Үүнийг зогсоох талаар судалж байна гэлээ. Инфляцийг тогтвортой байлгах арга байгаа юу?
-Хамгийн хэцүү зүйл чинь энэ байгаа юм. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх сургаар үнийн хөөрөгдөл бий болдог. Хөдөө орон нутагт ажиллаж байхад нэг өвгөн хэлж байсан. Тэтгэвэр нэмэгдээгүй байхад ах нь хоёр шуудай гурил авдаг байсан. Харин нэмэгдсэн чинь нэг шуудай, хагастай гурил авдаг болсон. Тэтгэврээ нэмэхгүй байсан нь дээр юм биш үү гэж байна. Энэ бол амьд жишээ. Тиймээс төрийн мөнгөний зөв бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа юм.
-Сонгуулийн тухай хуулийн төсөлд архи, тамхины бизнес эрхэлж байгаа хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт яригдаж байсан?
-Наадах чинь хүний эрхийн асуудал. Монгол улсын Үндсэн хууль зөрчигдөнө. Хүний хийж байгаа ажил хуулийн хүрээнд байх юм бол түүгээр нь хязгаарлаж болохгүй. Тухайн хүнийг сонгох, үгүй нь ард түмний шийдвэр. Тэгээд ч УИХ-д хэнийг ямар бизнес эрхэлж байгаагаар нь эрхийг нь хязгаарлах бодлого байхгүй. Үүнийг санаачилсан хүмүүс цаанаа ах, дүү нарынхаа нэр дээр ямар нэгэн бизнес эрхэлж л байгаа шүү дээ. Энэ асуултыг надад зориулж асууж байгаа байх. Би бол “АПУ” компанийн хувьцаа эзэмшигч биш.
Ш.Ундармаа
Үндэсний мэдээ сонин