logo
Гэр бүлийн хүчирхийлэл, дайн хоёр тархинд адилхан нөлөөлдөг

Гэр бүлийн хүчирхийлэл, дайн хоёр тархинд адилхан нөлөөлдөг

2011/12/09
Гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл ба дайн нь хүүхэд болон цэрэг хүний тархинд адилхан нөлөө үзүүлдэг байна. Нүдэн дээр нь болж буй хүчирхийлэл тархины ажиллагаанд өөрчлөлт орж, сэтгэцийн өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Ийм судалгааг Лондоны их сургуулийн эрдэмтэд хийснийг «Current Biology» сэтгүүлийн 12 дугаар сарын 5-ны дугаарт бичжээ.
Судалгаанд гэр бүлийн хүчирхийллийн золиос бас гэрч болсон 12 орчим насны Лондоны 20 хүүхэд оролцсон байна. Хүүхдүүдийн тархины янз бүрийн хэсгийн идэвхжилийг томографиар судалжээ. Хүүхдийг уг аппаратад орсон үед гунигтай, бодлогоширсон, түрэмгий төрхтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дүр төрхийг харуулсан байна. Тархины идэвхжилийн үзүүлэлтүүдийг гэр орондоо тайван нөхцөлд аж төрдөг 23 хүүхдийнхтэй харьцуулжээ.
Тайван орчинд байдаг хүүхдүүдтэй харьцуулахад тайван бус орчинд байдаг хүүхдүүдийн тархи түрэмгий дүр төрхийг хүчтэй хүлээн авч түүнд хариу үйлдэл үзүүлэхтэй холбоотойгоор тархины хоёр хэсэг эрс идэвхжсэн байна.
Үүнээс өмнө ийм судалгаанд байлдааны ажиллагаанд оролцсон цэргүүдийг хамруулахад мөн адил идэвхжилийг харуулж байжээ.
Нүдээр харсан хүчирхийлэл, харгислал нь тархийг учирч болзошгүй аюулд хэт мэдрэг болгодог гэсэн дүгнэлтийг судлаачид хийхэд хүргэсэн байна.
Эрдэмтдийн багийн ахлагч, доктор Имон МакКрорийн үзэж буйгаар, хүүхдийн тархины идэвхжил аюултай орчны мэдрэмж төрүүлдэг. Тэгвэл тийм хүүхдүүд том болсон хойноо сэтгэцийн янз бүрийн эмгэгтэй болох, тухайлбал, түгших, бачимдах, сэтгэл санааны хямралд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш