logo
“25 мянгатын хэрэг”-ийг хэн илрүүлсэн бэ

“25 мянгатын хэрэг”-ийг хэн илрүүлсэн бэ

2011/12/10
Нийслэлийн цагдаагийн газрын офицер, алба хаагчид, ажилтнууд нэг өдрийг кино үзэж өнжжээ. Учир нь нэгэн үе Монголын цагдаад алдар, нэрээрээ гайхуулж явсан цагдаагийн хурандаа, төрийн хууль цаазны шадар зөвлөх  Ц.Жамьянсэнгээ агсны дурсгалд зориулсан кино тэдний сэтгэлийг татсан хэрэг. “Нар сарны зааг” хэмээх энэхүү адал явдалт уран сайхны киноны зохиолыг Монголын богино өгүүллэгийн нэрт мастер, зохиолч Д.Норов бичсэн бөгөөд жүжигчин О.Бат-Өлзий киноны найруулагчаар ажиллажээ. Харин киноны хөгжмийг Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноров бичиж мөн тэрээр киноны гол баатарт зориулан дуу бүтээсэн гэнэ. “Хүний хайлан” хэмээх тэрхүү дууг нь залуу дуучин Д.Отгонжаргал дуулсан хэмээн цагдаагийн хурандаа агсны гэргий С.Нарантуяа ярилаа. Ц.Жамьянсэнгээ хурандаагийн дүрийг кинонд Драмын театрын жүжигчин Л.Болд-Эрдэнэ амилуулсан бөгөөд эрүүгийн хэргийн дансанд “25 мянгат”-ын хэмээн алдаршсан цуутай, адал явдалт гэмт хэргийг  тойрч, киноны гол үйл явдал өрнөдөг аж. Тэртээ 1957 онд Төмрийн заводын ажилчдын цалинг авч явсан  хоёр хүний амийг хөнөөсөн ноцтой хэрэг гарч, цагдаагийн залуухан ажилтан Ц.Жамьянсэнгээ 25 жилийн дараа уг хэргийг илрүүлсэн бодит үйл явдлыг кинонд үзүүлсэн юм байна. Цагдаагийн хурандаа Ц.Жамьянсэнгээ агсан Нийслэлийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөс даргыг нь хүртэл олон жил ажилласан  бөгөөд ийнхүү түүний дурсгалд зориулсан цагдаагийн “детектив” киног тус газрын ажилтнууд үзэж, анхны үзэгчид нь боллоо.
Т.Гал 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш