logo
Монголд 123 цахар ястан байдаг нь хамгийн цөөнд тооцогддог

Монголд 123 цахар ястан байдаг нь хамгийн цөөнд тооцогддог

2011/12/10
Өнгөрсөн жил Монгол Улс хүн амаа тоолсон. Тооллогын дүнг нэгтгэсэн ном гаргасныг олон хүн сонирхон үзсэн байх. Тун сонирхолтой тоо баримтууд олон байна. Түүхээс үзвэл 1789 онд албан ёсоор бичигдэж үлдсэнхүн ам ба малын  анхны тооллого одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт болж байжээ. Дараа нь 1854 онд Түшээт хан аймгийн 10 хошуу тооллого явуулсан баримт бий. Ийнхүү өдгөөг хүртэл хүн амын болон малын тооллого 80 удаа явагдсан байдаг аж. Алдаг оногхон явагддаг байсан тооллого 1935 оноос хойш ойролцоогоор 10 жил тутамд нэг удаа хийгдэж тогтмолжсон гэхэд болно. Сүүлийн үед хүн амын тооллоготойгоо зэрэгцүүлэн орон сууцаа тоолдог болсон нь ард иргэдийнхээ амьжиргааны түвшин хэрхэн өөрчлөгдөж буйг харах зорилго давхар буй нь ойлгомжтой. Өнгөрсөн жилийн тооллогоор Монголчуудынхаа яс үндсийг нарийвчлан гаргасан онцлогтой хэмээн тооллогын тайланд бичсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад маань  29 ястан угсаатан оршин суудаг юм байна. Эдгээрээс 1,9 сая  Халх, 102,9 мянган Казак, 66,7 мянган Дөрвөд, 50,8 мянган Баяд, 40,6 мянган Буриад ястан угсаатан тоогоороо эхний тавд ордог бол 303 Цаатан, 380 Узбек, 266 Харчин, 151 Элжигэн, 123 Цахар ястан хамгийн цөөн амьдардаг хэмээн тоологджээ. Эд бол Монгол Улсын албан ёсны бүртгэлтэй иргэд гэсэн үг. Харин эдгээрээс гадна Монголоос өөр үндэстэй боловч манай улсын харьяат болсон 338 иргэн байдаг ажээ. Тэрчлэн Казак угсаатнуудын тоо өмнөх тооллогоос хойш буурсан нь Казакстан улс руу шилжих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Өөр нэг сонирхолтой тоо бол Хотон, Казак ястан угсаатнуудын дотор 0-14 насны хүүхдийн эзлэх хувь хамгийн өндөр гарсан нь төрөлт нэмэгдэж цаашид хурдан өсөх хандлагатайг харуулж байна. Тэгвэл Цахар, Хамниган, Харчин ястнуудын дотор 45-аас дээш насныхан 30-аас дээш хувь эзэлж байгаа нь нэг талаар тэд урт насалдаг мэт харагдаж байвч өсөлт харьцангуй бага байгаа үзүүлэлт гэх үндэслэлтэй юм. Хамгийн олон ястан оршин суудаг аймгаар Ховд \ найман ястан угсаатан амьдардаг \ урьдын адил тодорчээ. Дашрамд дурдахад дээр дурдсан 29 угсаатан ястангууд бүгд Монгол үндэстэн хэмээн нэрлэгддэг бол бусад улс орноос шилжин ирж Монгол Улсын харьяат бологсдыг тухайн угсаагаар нь нэрлэх нь зөв бололтой юм. Тухайлбал Монгол Улсын иргэн, орос үндэстэн гэх мэт. Харин манай улсын казак иргэдийн хувьд Монгол үндэстэн казак угсаатан хэмээн нэрлэх учиртай аж.
Олхонууд ШААБАР  
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш