logo
Жинхэнэ арьс уу, аль эсвэл...

Жинхэнэ арьс уу, аль эсвэл...

2011/12/12
Гутал муут гурвын цаана гэж Монголчууд дээр үеэс ярьсаар ирсэн.  Сүүлийн үеийн моодыг дагаж гутлаа сонгодог нэг хэсэг байхад хөлд эвтэйхэн байдал, үнийг нь харж сонголтоо хийдэг хүмүүс бас бий. Худалдаж авсан гутлаа удаан хэрэглэчих юмсан гэж бүгд л боддог байх. Тэгэхээр чанарыг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй болох нь. Энэ талаар хэдэн зөвлөгөө хүргэж байна.

Тугалын, үхрийн, ямааны арьс болон гахайн ширийг гутал хийхэд ашигладаг байна.

Хамгийн удаан эдэлгээтэй, бөх бат бөгөөд зузаан арьсанд тугалын болоод үхрийн арьс тооцогддог гэнэ шүү. Энэ арьсны зузаан нь 1,8 - 2,5 мм байдаг бөгөөд ийм арьсаар хийсэн гутлыг өдөр тутам, цаг агаарын хэцүү нөхцөлд ч өмсөхөд болдог.

Харин гахайн шир бөх бат чанараараа тугал, үхрийн ширийг гүйцэхгүй, үнэ нь ч хямд. Ус чийгэнд тэсвэр муутайгаас гадна амархан хэлбэрээ алддаг. Ийм учраас гахайн ширийг ихэвчлэн гутлын улавч, гутлын дотор, түрий зэргийг хийхэд ашигладаг.

Ямааны арьсыг бид шевро гэж нэрлэдэг. 1,8 - 1,5 мм-ийн зузаантай буюу хамгийн нимгэн цэвэрхэн арьс учраас эмэгтэй хүний гоёлын гутал хийдэг байна.

Илгийг ихэвчлэн буга, хандгайн арьсаар хийдэг. Нимгэн, зөөлөн арьс. Бат бөх чанараараа шеврогоос муу ч зурагддаггүй, үзэмж байдлаа удаан хадгалдаг, тусгай бодис цацаж шингээхэд ус нэвтрэхгүй болдог зэрэг давуу талуудтай ажээ. Нэг сөрөг тал нь цэвэрлэхэд хүндрэлтэй байдаг.

Технологийн дэвшил хиймэл арьсыг ч жинхэнээс ялгахын аргагүй болгож чадаж байна. Худалдаачид ихэнх дээ л жинхэнэ арьс шүү хэмээн рекламддаг.

Хиймэл арьсыг хэрхэн ялгах вэ? Хамгийн түрүүнд гуталны шошгон дээрх дүрсийг харах хэрэгтэй. Дэлгэсэн арьсны хэлбэр бүхий зураг байвал жинхэнэ арьсаар хийснийг илэрхийлнэ. Ромбоны дүрс байвал хиймэл арьсаар хийсэн гэсэн үг. Даавуун гутал бол сүлжмэлийн дүрсээр илэрхийлдэг байна.

Италиар арьсыг vera pelle, англиар genuine leather, германаар echtleder, францаар cuir гэж бичдэг.

Гуталны цахилгааны дагуу барьж оёсон цэвэр арьсанд хууртаж болохгүй шүү. Хиймэл арьсны буруу талыг харуулахгүйн тулд ирмэгийг нь нугалж оёсон байдаг.

Арьсыг таних аргууд

Арьсыг танихын тулд гутлыг алгаараа дараад хэсэг байх ёстой гэнэ. Жинхэнэ арьс хэсэг хугацааны дараа бүлээн болдог бол хуурамч арьс сэрүү татах мэдрэмж төрүүлнэ.

Алгаа авахад хиймэл арьс бол чийг үлдсэн байна.

Үнэрээр нь ялгах бараг боломжгүй. Хиймэл арьсанд натурал үнэр шингээчихсэн байдаг. Гэртээ ирсэн хойноо гутлан дээрээ ус дусааж шалгаж болно. Хиймэл арьсан дээр усны дусал тогтдоггүй. Харин жинхэнэ арьсан дээр тогтохоор барахгүй, хэсэг хугацааны дараа арьс руу шингээд орчихно. Жинхэнэ илгэн арьсыг илэхэд тааламжтай, зөөлхөн байдаг. Барзгар байх учиргүй. Бага зэргийн нүхнүүд, зурааснууд байвал натурал чанарыг нь л илтгэнэ. Мөн гараараа илэхэд өнгө нь өөрчлөгдөх ёстой.

Чанартай арьс хэлбэрээ сайн хадгалдаг учраас гутлын хоншоор маш тод хэвтэй болсон байх учиртай. Гуталны хоншоорыг ээтийлгэн нугалахад амархан нугарч буцаж хэвэндээ орж байвал сайн гутал гэсэн үг. Хуруугаараа дараад нэг үз. Чанартай арьс бол бага зэрэг үрчийгээд хэвэндээ орно. Хуурамч болон чанаргүй арьс бол үрчийхгүй, толигор хэвээрээ үлдэнэ. Гарыг тань бохирдуулахгүй. Хуруугаа норгоод арчсан ч ямар нэгэн ул мөр үлдэхгүй. Хэрэв толбо үлдэж байвал цас бороонд өмсөлтгүй гутал байна гэсэн үг.

Заавал зөөлөн, нимгэн байх албагүй. Хэтэрхий нимгэн арьсаар хийсэн гутал хэлбэрээ амархан алдахаас гадна, түрийтэй гутал бол түрий нь доош хунираад байдаг. Оёдлын ирмэгээр харагдаж байгаа арьсны зузааныг нь 0,8 - 1,2 мм байвал зүгээр. Үүнээс зузаан бол амархан хагарал үүсэх талтай.

Гутлыг тавцан дээр тавиад хажуунаас нь харахад өсгий нь тавцантай бүх хэсгээрээ харьцаж, харин өлмий нь бага зэрэг өргөгдсөн байх ёстой. Гуталны хоншоорны хэсгийн улыг сайн хар. Ул нь хоншоорноос яльгүй илүү гарсан байвал гуталны хоншоор цохилтонд өртөх нь багасна. Үстэй дотортой гутал бол үснээс нь зулгаагаад үз. Чанаргүй гутал бол үс нь сугараад ирнэ.

Гутал арчлах бяцхан зөвлөгөөнүүд
Хэт хатсан гутланд эрэндийн тос , глицерин, вазелин зэргийг шингээгээд, дараа нь гялалзтал нь арчаарай.

Хүрэн гутлыг кофены шаараар цэвэрлэдэг.

Өнгийн гутланд бий болсон толбыг талласан сонгиноор үрж арилгана. Өнгө болон гялгар байдлыг нь хадгалахын тулд хагас стакан сүүнд нэг өндөгний хөөсрүүлсэн цагаан уургыг холиод түүгээрээ арчвал гоё болно.

Илгэн гутлыг хар талхны захаар, эсвэл баллуураар цэвэрлэнэ. Налсан үсийг нь босгохын тулд халуун ууран дээр хэдэн секунд бариад, хатуу үстэй сойзоор самнана.

Шинэ гутлыг өмсөхөөсөө өмнө ус, шавар, давснаас хамгаалах бодисыг цацна. Бодис шингэхээ больтол нь дахин дахин цацах хэрэгтэй.

Велюрэн гутлыг резинэн сойзоор цэвэрлэдэг.

/Геологи уул уурхайн мэдээ/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш