logo
Уушиггүй болох уу Утаагүй болох уу

Уушиггүй болох уу Утаагүй болох уу

2011/12/12
Удахгүй шинэ он гарна. Бид шинэ оноо дахиад л утаатай угтаж байна. Учир нь энэ жил нийслэлийн утааг бууруулахаар гадаадаас авчирсан өндөр үнэтэй зуух тараах, цахилгаанаар шалнаас халаах, шахмал түлш хэрэглэх зэрэг янз янзын арга хэрэглэж байгаа ч үр дүнд хүрэхгүй л байна. Нөгөө л хоолой ам гашуу оргиулсан хар утаа хаа сайгүй суунаглаж холыг бүү хэл ойрыг ч харах аргагүй болж нүд хорсгоно. Өглөө, оройн цагаар агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, хоолой ам сэрвэгнүүлж, нүднээс нулимс гоожих юу ч биш. Жилийн жилд утаа, хог болон усны бохирдлын талаар хэлэлцэж хэрэлдсээр байгаад манайхан дээр доргүй бүр дөжирч гүйцсэн мэт.

Арга ч үгүй биз төр, засгийнхны ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг хойно. Эх орон маань цэвэр агаар, цэнгэг ус, онгон байгалиараа дэлхийд гайхагддаг байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх боллоо. Мөн хамгийн бохир нийслэлтэй улсуудын тоонд ч толгой цохиж яваа. Ийн бодохоор аймшигтай агаад хүний амьд явах эрх ноцтой зөрчигдөж байгаа юм. Ирээдүй хойчийнхоо тухай төсөөлөхөд ч бэрх. Агаарыг бохирдуулж буй гол хүчин зүйл нь 177 мянган гэр хорооллын айл өрхийн хэрэглэж буй зуух.

Түүний араас дулааны цахилгаан станцууд, 182 мянган авто тээврийн хэрэгсэл, 1.4 мянган бага болон дунд оврын нам даралтын хапаалтын зуух бусад эх үүсвэр болох шороон зам, барьж буй барилга байгууламж орно. Дулааны цахилгаан станц, нам даралтын зуух, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд жилдээ 5.9 орчим сая тонн түүхий нүүрс, 237195.8 шоо метр модыг шатааж агаарт 260 , мянган тонн хорт бодис цацдаг. Энэ нь хотын нэг оршин суугчид 343.6 кг хорт бодис ногдож байгаа гэсэн үг. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжээ байнга өссөөр байна. Өвлийн улиралд цахилгаан станцууд болон хувийн орон сууц, гэр хорооллын халаалт, галлагаатай холбоотойгоор агаар дахь эдгээр хийн агууламж ихэсдэг. Угаарын хий, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл зэрэг хорт бодисын хэмжээг энэ улиралд зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй 10 дахин их байгааг тогтоожээ. Тухайлбал, энэ сарын 7-ны нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр XIII хороолол орчим хүхэрлэг хийн агууламж агаарын чанарын стандартаас 7.1 дахин, том ширхэглэгт тоосонцрын хэм¬жээ 5.7 дахин, азотын давхар ислийн агууламж 3.1 дахин их буюу аюултай төвшинд хүрсэн байжээ.

Мөн 100 айл орчим том ширхэглэгт тоосонцрын хэмжээ 14.2 дахин, хүхэрлэг хийн агууламж ес дахин их буюу мөн адил аюултай төвшинд хүрчээ. Энэ мэт байдлаас үүдэн олон хүүхэд хорвоог орхиж томчууд халдварт өвчинд нэрвэгдэж буйг хүн бүхэн л хэлдэг, мэддэг. Энэ нь бараг онц байдал зарлах хэмжээнд хүрсэн гэхэд хилсдэхгүй.

Ер нь утааг багасгана гэж шоудах нөхдүүд улстөрд чамгүй олон. Ард түмний эрүүл мэндтэй холбоотой энэ асуудал дарга нарын нэр хүндээ өсгөх талбар болоод байх шиг. Агаарын бохирдлыг бууруулбал тэгнэ, тийм үйлдвэр барилаа, ийм ч технологи нэвтрүүллээ гэж өрсөлдөн талцах нь энүүхэнд. Нийслэлийн нийт өрхийн талаас илүү нь гэр хороололд суурьшиж байна. Муу нэртэй нүүрс түлдгээр нь агаарын бохирдлын гол буруутан нь тэднийг гэдэг. Энэ нь ч үнэн. Ирэх жилүүдэд нийслэлийн агаарын бохирдлыг 30-35 хувиар бууруулж бараг утаагүй болгох ажлыг Агаарын бохирдлын эсрэг үндэсний хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөлтэй хамтран эхлүүлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Гэтэл нийслэлд утаа сийрч гялайлгасан зүйл харагдахгүй л юм. Хэн бүхний нүдний өмнө саарал хөшиг татуулах утааг ямар ч хүн хараад багасч байна гэж хэлэхгүй байх. Нийслэлд 200 мянга орчим өрх гэр хороололд амьдардаг. Өөрөөр хэлбэл, бараг 200 мянга гаруй яндангаас түүхий нүүрсний хорт утаа ялгардаг гэсэн үг.

Утааг багасгахын тулд өнгөрсөн жил Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороог утаагүй бүс болгох туршилт явуулсан. Туршилтаас тодорхой үр дүн гарсан гэж үзэн энэ жил төвийн зургаан дүүргииг шахмал, үртсэн түлш хэрэглэх бүс, бүрэн шаталттай зуух хэрэглэх бүс хэмээн хоёр хэсэгт хуваан “Цэвэр агаар” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрх жилд нэг сая гаруй тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэх тооцоо бий. Харин дээрх төсөл хэрэгжсэнээр эхний ээлжинд 500 мянга гаруй тонн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах аж. Өөрөөр хэлбэл, 80 орчим мянган өрхөд бүрэн шаталттай зуух, 20 орчим мянган өрхөд утаагүй түлшийг хямдарсан үнээр олгоод эхэлчихсэн гэсэн үг. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хялганатаас Баянгол дүүрэгт нийлүүлж буй коксжсон нүүрс, үртсэн түлш, болон иргэдийн хэлж заншсанаар “харандаа” түлшийг хэрэглэдэг. Гэтэл коксжсон нүүрс нь удаан асдаг мөн илчгүйн дээр хог хаягдал илүүтэйгээр ялгаруулдаг гээд дутагдалтай зүйл олон аж. Харин үртсэн түлш, “харандаа” түлш нь хурдан асдаг хэрэглэхэд хялбар юм байна.

Гэтэл үүнийг нь эргүүлээд бизнес болгочихжээ. Өөрөөр хэлбэл, ямар ч илчгүй, хэрэглэх боломжгүй нүүрсээ гурван шуудайг авсан тохиолдолд нэг шуудайг үнэгүй өгнө гэх мэтээр муу зүйлээ хэрхэн борлуулах арга ухаанаа олчихсон бололтой. Тиймээс дүургийн оршин суугчид хорт утаа ихээр ялгаруулдаг хар нүүрсээ түлэхэд хүрсэн байна. Ингэхлээр утаа багасна гэдэг юу л бол. Уг нь түүхий нүүрсний 50 орчим хувийг хязгаарласнаар нийслэлийн агаарын бохирдол мэдэгдэхүйц багасах байж. Гэтэл зорьсон ажил хий хоосон зүйл болж байгаа бололтой. Хэдий нийслэлийн утааг судлаад байгаа ч үр дүн нь ийм л байдалтай байна. Ер нь хор хохирлыг нь тодорхойлъё гэвэл нийслэлийнхээ иргэдийн уушгийг судалмаар санагдах юм. Ингэвэл нийслэлийн утаа ямар хэмжээнд хүрснийг хэлээд л өгнө шүү дээ. Нийслэлийн утааг гэр хорооллын айлууд бий болгож байгааг батлах гэж хэдэн саяар нь мөнгө цацаж, утааны найрлагыг тодорхойлох нь нэг талаар улстөрчдийг ажилтай болгох арга ч юм уу гэлтэй. Харамсалтай нь нөгөө халуун сэдэв, судалгааных нь бай болоод байгаа утаа нь багассан ч юмгүй бахь байдгаараа суунагласаар. Одоо хүн оршин сууж амьдрахад ч бэрх болсон. Угтаа асуудлын гол нь монголчуудын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад оршиж байгаа юм. Хорт утаа тогтсон дөрвөн уулын дундах хөндийд ирээдүй болсон хүүхэд залуус оршин сууж ажиллаж амьдарч байгаа. Уг нь түлшний үйлдвэр барих тухай асуудлыг нэг яриад өнгөрсөн. Түлшний үйлд-вэртэй болчихвол нийслэлийнхэн утаанаас салах хонх нь дуугарна биз.

Түүнээс эл үйлдвэр барих асуудал нэг тийшээ болоогүй цагт нийслэлчүүд цэвэр агаараар амьсгална гэж “хошгироод” ч яах вэ. Энэ жилийн хувьд агаар бохирддогоороо бохирдож, утаа үүсдгээрээ үүсч байна. Тэгэхдээ бүр өнгөрсөн жилээс хамаагүй их хэмжээтэй шүү. Өнөө жил 130 гаруй мянган машинтай бол¬сон тооцоо байгаа. Энэ нь утаа нэмэгдүүлэх бас нэгэн том шалтгаан. Ядаж манайханд сэтгэл л дутаад байхын.

Монголын мянганы сорилтын сан болон Засгийн газрын дэмжлэгтэйгээр утаагүй зуухыг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл зуухны үнэ харьцангуй өндөр байна хэмээн шүүмжилж үнийг хэд дахин буулгасан. Ингэснээр 350 мянган төгрөгийн үнэтэй зуух 24 мянган төгрөг болтлоо буурсан бол 500 мянган төгрөгийн үнэтэй зуух 50 мянган төгрөг болж хямдарсан. Гэтэл өөрсдөө, уушгигүй боллоо, утаа хэцүү байна гэж халаглан хэлэх нь олон хэрнээ цагаа тулахаар олон хүүхэдтэй, амьдрал хэцүү, зуух авч чадахгүй гэх мэтээр “ядуугийн зовлон”-гоо тоочдог нь дийлэнх. Жил ирэх тусам орон нутгаас шилжин ирэгсдийн тоо нэмэгдэхийн хэрээр утаа нэмэгддэг.

Тэр хэмжээгээр хүний амьсгалах орчин бохирдоно. Тиймээс энэ байдлыг хэрхэн зохицуулах вэ. Төр засаг үүнд яаж оролцох вэ. Тэднийг том том хөрөнгө оруулалт, гадаад дотоодын зах зээл гэж ярьж суух хооронд нийслэлчүүд хордсоор л байна. Нийслэлийнхэн хэн юу хийж хэрэгжүүлэхийг хүлээн энэ жилдээ хорт утаатайгаа “найзалж” хоолойгоо хорсгож, нулимсаа дуслуулан өвөлжих нь тодорхой боллоо.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш