logo
Ерөнхийлөгч Бан Ги Мунтай уулзжээ

Ерөнхийлөгч Бан Ги Мунтай уулзжээ

2011/12/13
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нар өчигдөр Катарын нийслэл Доха хотноо уулзжээ. Уулзалтаар Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойших 50 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжлийн үр дүнд сэтгэл ханамжтай байдгаа Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нар харилцан илэрхийлсэн байна. Мөн Монгол Улс, НҮБ хамтран  Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвийг Улаанбаатар хотноо нээх талаар харилцан тохирсон бөгөөд энэхүү  үйл ажиллагааг эхлүүлэх талаар  ажиллаж байгаа тухайгаа ярьсан аж. “Энэ оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганы үеэр манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүрээнд ардчиллын боловсролыг дэмжих, авлигыг үл тэвчих чиглэлээр олон улсын хэмжээний санаачилгууд гаргаад байгаагаа мэдэгдэж байсан. Эдгээр санаачилгыг ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэхийг эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга танаас хүсэж байна” хэмээн Ерөнхийлөгч хэлсэн байна. Харин ноён Бан Ги Мун “Ерөнхийлөгч таны ардчиллын боловсролыг бэхжүүлэх хүрээнд гаргасан санаачилгууд бусад улс орны төр засгийн тэргүүн нараас дэмжлэг авч байгаад би талархаж байна. Өнөөдөр таны энэхүү хурлын индэр дээрээс хэлсэнчлэн боловсролоор дамжуулж үл ойлголцлыг байхгүй болгох санаа маш чухал юм” гэжээ.
Уулзалтаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлаар хоёр тал харилцан санал солилцжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш