logo
Хөгжлийн банкинд эхний 20 сая доллар орж ирлээ

Хөгжлийн банкинд эхний 20 сая доллар орж ирлээ

2011/12/13
Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргалтай  ярилцлаа.
-Улсын төсөв даахааргүй их мөнгө шаардсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкийг байгуулсан. Гэтэл эдгээр хөтөлбөрүүд хэрэгжихгүй удааширсан нь Хөгжлийн банкинд мөнгө байхгүйтэй холбон тайлбарлах болсон. Чухам яагаад ийм асуудал яригдахад хүрэв ээ? 

- Үүнд хэд хэдэн шалтгаан бий л дээ. Ер нь УИХ-аас баталсан бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд наад зах нь 30 орчим их наяд төгрөг хэрэгтэй. Энэ их мөнгийг төсвөөс гаргана гэвэл төсвийн алдагдал 200 хувиас ч давах  биз. Аль ч улс орон хөгжлийг түргэвчлэх бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаа төсвөөсөө гадуур зохицуулдаг. Тиймээс хөгжлийн банк байгуулах замаар Засгийн газрын баталгаатай зээл авах нөхцөл бий болсон. Тэрбум доллараар хэмжигдэх зээлийн асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Эрсдэл, зээлийн хүү, буцаан төлөлт гээд л олон зүйлийг нарийн тооцох ёстой. Бид энэ тооцоо, судалгааныхаа талаар нийтэд мэдээлэхгүй байснаасаа болоод Хөгжлийн банк таг чиг боллоо гэсэн шүүмжлэлд өртсөн байх. Нөгөө талаар Европын санхүүгийн хямралаас үүдэлтэй олон улсын зах зээл дэх бондын хүү өндөр болсон нь Хөгжлийн банкны бонд гаргах ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахад хүргэсэн тал байгаа.

- Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банк 600 сая долларын өрийн  бичгийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэхээр болсон. Тэгэхээр олон улсын зах дээрх бондын хүү буураагүй хэвээр байхад яагаад гэнэтхэн тийм гэрээнд гарын үсэг зурчихав?

-  Хэдийгээр олон улсын хөрөнгийн зах зээл тааламжгүй байгаа ч гадны хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол улсын санхүүгийн шингээх чадварыг Итали, Грек зэрэг орнуудаас илүү гэж үзсэн. Тиймээс маш сайн нөхцөлтэй зээл буюу харьцангуй бага хүүтэй бондыг бидэнд санал болгосон л доо. Энэ нь Монгол улсын зээлжих зэрэглэл болон хөгжлийн банкны өөрийнх нь эрсдлийг харгалзан тооцсон хүүнээс ч бага хүү юм. Нийт 600 сая ам.доллартай тэнцэх хэмжээний өрийн бичгийг энэ 12-р сараас эхлээд ирэх оныг дуустал хэд хэдэн үе шаттайгаар олон улсын санхүүгийн зах зээлд арилжаална. Монгол улс эхний ээлжийн  өрийн бичгээ ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад  бага хүүтэйгээр гаргаж байна гэсэн үг.  Өнгөрсөн долоо хоногт  дээрх хөтөлбөрт гарын үсэг зурснаар эхний ээлжинд 20 сая ам.долларын бондын шилжүүлэг хийх эрх нь нээгдсэн.

- Энэ 20 сая долларын бонд чинь энэ долоо хоногтоо багтаж Хөгжлийн банк руу шилжинэ гэж байсан санагдана. Долоо хоног дуусах гэж байна?


- 600 сая долларын бондоос эхний 20 сая нь өчигдөр (2011-12-09) хөгжлийн банкинд орж ирсэн. Энэ мөнгийг “ING” гэсэн олон улсын санхүүгийн том байгууллагаас хямд өртөгтэй зээлж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс нь Европын холбооны ивээлд орсон Италитай адилхан хүүтэйгээр гаднаас мөнгө зээлж байна гэсэн үг. Хэдийгээр Хөгжлийн банк үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаагүй байгаа ч Засгийн газрын баталгаатайгаар олон улсын зах зээлд анхлан гарч байгаагийн хувьд чамлалтгүй үзүүлэлт юм.

-Хөгжлийн банк заавал гадаадаас хөрөнгийн эх үүсвэр олох гээд байдгийн учир юу вэ?

- Хөгжлийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх цөөн хэдэн хувилбар бий. Үүний нэг нь олон улсын санхүүгийн байгууллагаас зээл авах. Гэвч энэ нь гэрээ, хэлэлцээр байгуулах зэрэг олон шатыг дамжиж, нэлээд хугацаа алдахаас гадна зээлийн хүүгийн хэмжээ ч уян хатан бус байдаг. Тэгвэл засгийн газрын баталгаатайгаар гадаадын зах зээл дээрээс хямд үнэтэй эх үүсвэр босгох тохиолдолд их хэмжээний мөнгийг харьцангуй бага хүүтэйгээр олох боломжтой. 

- Олон улсын зах зээлд бондоо гаргаж  эхэлснээр  Хөгжлийн банк “амь орж” байна гэж үзэж болох уу? Ингэснээр нөгөө удаашраад байсан томоохон хөтөлбөрүүдээс алиныг нь эхэлж санхүүжүүлэх гэж байна?

- Нэгэнт хямд өртөгтэй зээл олдсон учир хөгжлийн банк зорилгоо биелүүлж эхэлсэн гэж ойлгож болно. Харин 30-40 их наядаар үнэлэгдэх бүтээн байгуулалтын төслүүдээс чухам аль нь эдийн засагт хамгийн үр өгөөжтэй вэ гэдгийг тооцож үзсэн. Бүтээн байгуулалтын суурь нь дэд бүтэц гэж үзэх юм бол төмөр замаа эхэлж тавих учиртай. Үүний дараа   цахилгаан станцаа барьж, улмаар томоохон боловсруулах үйлдвэрүүд, болон орон сууцны хорооллыг барих нь зөв төлөвлөлт болно. Нөгөө талаар Засгийн газраас “Шинэ төмөр зам” төслийн эхний ээлжийн санхүүжилтийг энэ ондоо багтаан гаргахыг Хөгжлийн банкинд даалгасан учир өнөөдөр орж ирж байгаа 20 сая доллараар төмөр зам барих ажлыг санхүүжүүлэх юм. Ингэснээр олон улсын зах зээл дээр уул уурхайн салбарын бүтээгдхүүнээ борлуулж үнийн өрсөлдөөнд шууд оролцох нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. Нийтдээ таван тэрбум ам.доллар шаардагдаж байгаагаас эхний ээлжинд 55 сая ам.долларын санхүүжилтыг хийхээр төлөвлөөд байна.

- Өнөөдөр орж ирж байгаа 20 сая доллараар шинэ төмөр замаа барьж эхэлнэ гэлээ. Тэгвэл хэр хугацаанд ямар үе шатаар барих вэ?


- 5683.5 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар 1520 мм-ийн өргөн царигаар барихаар УИХ-аас баталсан байгаа. Эхний үе шатанд нийт 1100 орчим км, хоёр дахь үе шатанд 900 орчим км, гурав дахь үе шатанд 3600 орчим км төмөр замыг барих маршрутыг тогтоосон. Эхний ээлжинд Даланзадгад - Таван толгой - Зүүнбаян,Сайншанд-Баруун–Урт-Чойбалсан чиглэлд төмөр зам барих ажлыг эхлүүлэх юм. Шинэ төмөр замын чиглэлийг тогтоохдоо стратегийн ордууд болон боловсруулах үйлдвэрийн ачаа тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, ашигт малтмалыг эрэлт ихтэй зах зээлд хүргэх, нэг зах зээлээс хамааралгүй байх нөхцөлийг хангах, гол худалдан авагч нь ОХУ, БНХАУ, Ази, Номхон далайн орнууд болон Европын холбоо байхаар бодлогын баримт бичигт тусгасан байгаа. Шинэ төмөр замын төслийнхөн зам барилгын ерөнхий гүйцэтгэгч нартай гэрээнүүдээ хийгээд явж байгаа, нийтдээ 30 компаний ажлын гэрээ нь 31.8 тэрбум болж байна. Хөгжлийн банкин дээр тэдний ажлыг гүйцэтгэлээр нь хянаж, урьдчилгаа болон гүйцэтгэсэн ажлыг нь санхүүжүүлэх юм.

- Тэгвэл дараагийн ээлжинд орж ирэх мөнгөөр ямар ажлуудыг санхүүжүүлэх вэ? Ямар нэгэн тодорхой шалгуур байгаа биз дээ?

- “Шинэ төмөр зам” хөтөлбөрийн дараагаар өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн   хөтөлбөр болон “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Гэхдээ шууд бүгдийг нь санхүүжүүлнэ гэсэн үг биш юм. Тавьсан шаардлагуудыг хангасан, олон улсын түвшинд техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан төслүүдийг дэс дараатайгаар санхүүжүүлнэ. Ингэхдээ эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, гадаад худалдааны алдагдлыг бууруулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байрыг бий болгох  үр ашигтай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.  

- Хэдхэн хоногийн өмнө УИХ-аар ирэх оны төсвийг баталлаа. 2012 онд Хөгжлийн банкинд засгийн газраас хэр хэмжээний баталгаа гаргахаар тусгасан бэ?


- Энэ онд Хөгжлийн банкинд 800 тэрбумын баталгаа гаргаж өгсөн бол ирэх онд дахин 1,5 их наядын баталгаа гаргахаар тусгаад байна. Мөн дараа жилээс Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 33 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болж байна. Ингэснээр Хөгжлийн банк 2012 онд 2,2 орчим их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэр босгох боломж бүрдэх юм. Монголын эдийн засаг урьд нь зөвхөн улсын төсөв, гадна, дотны зээлээр санхүүждэг байсан үе өнгөрч, хөгжлийн банкаар дамжуулан бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хөгжлийн шинэ гарааг эхлэх боломжтой болж байна.

Ж.Алтантуяа
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш