logo
Цагаатгуулах гомдол хүлээн авах хугацааг сунгах саналтай байна

Цагаатгуулах гомдол хүлээн авах хугацааг сунгах саналтай байна

2011/12/14
Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасан цагаатгуулах гомдлыг хүлээж авах, нэхэмжлэл гаргах хугацааг тус тус сунгах саналтай байна. Энэ тухайгаа  дээрх байгууллагын төлөөлөгчид  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын өнөөдрийн хуралдааны үеэр илэрхийллээ.
Сүүлийн 3 жилийн хугацаанд Улсын Дээд шүүх нийт 639 өргөдөл, хэрэг хүлээн авч 522 хүнийг цагаатгасан бөгөөд одоо 149 хэргийн үлдэгдэлтэй байгаа ажээ. Прокурорын байгууллага цагаатгалтай холбоотой өргөдөл, гомдлыг барагдуулахаас гадна Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивт байгаа шийдвэрлэгдээгүй 6600 гаруй хүний хэргийг хянаж шийдвэрлэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллажээ. Тагнуулын Ерөнхий газрын цагаатгалын тасгаас улс төрийн хэрэг гэж ялгасан хэргүүдийн тухай албан бичгүүдийг үндэслэн прокурорын тогтоолоор 2011 онд 632 хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийн ажиллагаа үүсгэж шалгуулсан байна.
Сүүлийн  3 жилд Тусгай архивын шийдвэрлэгдээгүй байсан 1366 хэргийг прокуророос хэрэг үүсгэж шалгуулж хянаж шийдвэрлэжээ.
Гэхдээ холбогдох байгууллагын гаргасан судалгаагаар нийт 3452 хэрэг материалууд шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байгаа бөгөөд тэдгээрийг бүрэн шийдвэрлэхэд цаг хугацаа шаардагдаж байгааг харгалзан энэхүү хуулийн зарим заалтын үйлчлэх хугацааг сунгах шаардлагатай байна гэж Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар үзжээ.
Мөн хуралдаанаар  хуучин ЗХУ-д улс төрийн хэргээр хэлмэгдсэн монгол иргэдийн дурсгалд зориулсан  Москва хотын ойролцоох Бутово дахь Дурсгалын хөшөөг өргөтгөх асуудлыг хэлэлцлээ.
Эдгээр болон цагаатгалтай холбоотой тулгамдсан зарим асуудлыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэж нэгдсэн байр сууриа тодорхойлж улмаар саналаа УИХ-д танилцуулна гэдгээ УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд цохон тэмдэглэлээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш