logo
Конгийн ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болжээ

Конгийн ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болжээ

2011/12/15
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж, Жозеф Кабила 49 хувийн санал авч ялалт байгууллаа гэж сонгуулийн хорооны дарга мэдэгдээд байсан. Харин сөрөг хүчнээс нэр дэвшсэн Этини Цисекеди 32 хувийн санал авчээ. Гэсэн ч Цисекеди сонгууль будлиантай болсон гэж үзэн өөрийгөө ялсан гэж мэдэгдээд байгаа юм. Учир нь сонгуулийн үр дүн мягмар гаригаас хойш гаралгүй удсанаас болж сөрөг хүчний дэмжигчид Жозеф Кабилаг сонгуулийн луйвар хийлээ гэж хардахад хүргээд байгаа юм. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Этини Цисекедиг дэмжигчид гудамжинд гарч цагдаа нартай мөргөлдлөө. Олон улсын ажиглагчид ч сонгууль булхайтай, ил тод болсонгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Учир нь сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг хаалттай болсон. 15 шүүгч яг сонгуулийн өмнө томилогдсон нь Жозеф Кабила өөрийнхөө хүмүүсийг тавилаа гэж хардахад хүргээд байгаа аж. Мөн Кабила Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэр дэвшигч 50 хувийн санал авч чадахгүй байсан ч ялж болохоор болгосон нь түүний нэг луйвар гэж сөрөг хүчин үзээд байгаа юм.  Жозеф Кабила Үндсэн хуулийн цэцээр орж байж түүний эрх баталгаажина. Хэрэв батлагдвал энэ сарын 20-нд тангараг өргөх юм байна. Тэрээр 2001 онд цэргийн эргэлтээр засгийн эрхэнд гарч ирсэн юм.  Ардчилсан Конго улс нь том газар нутагтай, дотоод улс төрийн тогтворгүй байдал, зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайн, авлига хээл хахуулиас болж эдийн засгийн хувьд туйлын доройтсон. Тэнд мөн алт, зэс болон бусад үнэт металын нөөц байдаг. Тиймээс Конгочууд эрдэс баялгийн төлөө хоорондоо тэмцэлддэг. Баялгийн хараал туссан улс гэж Ардчилсан Конгийг нэрлэж болно. Гар аргаар олборлосон эрдэс баялаг улсад биш уурхайнуудыг  хяналтандаа авахын төлөө тэмцэгч бүлгүүдийн санхүүжилтэд урсдаг. Дэлхийн зах зээл дээр хүнд болон үнэт металын хэрэгцээ өсөхийн хэрээр Конгод хүчирхийлэл хяналтаас гардаг байна. Мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар сүүлийн 20-иодхон жилд 70 сая гаруй хүн амтай Ардчилсан Конго улсын 5 сая гаруй нь алтны төлөө дайнд амиа алджээ. 
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш