logo
Илүүдэл хүн

Илүүдэл хүн

2011/12/16
Гарчигнаас минь эхлээд та бүхэн намайг энд нэг хэнд ч хэрэггүй, могой алахад модны нэмэргүй товарищийн тухай өгүүлэх нь дээ гэж хөх инээд чинь хүрэн тааварлаж байгаа байх л даа.  Хөх инээд чинь хүрэхээр барахгүй ийм лойчихсон нөхөр байдаг аа гэж нүднийхээ нулимсыг бөмбөртөл тавлаж инээгээрэй...За тэгээд өөрийнхөө тухай өгүүлсэгүү. Намайг төрөхөд хамгийн их баярласан хүн бол миний өвөө байсан гэнэ лээ. Таван хил татсан ач хүүгээ хараад аймгийн начин байсан өвөө минь баярласандаа болоод “аварга,аварга” гэж төрөх эмнэлгийн жоомнуудыг бохирын хоолойгоор ум хумгүй жооргонон зугаттал хашгирсан гэнэ билээ.

Өвөөгийн тэр аймаар хоолой мэдэн хашгирах дуугаар төрөхөө хүлээн нэгнийхээ гэрээс ирсэн эргэлтийн буузан дээр “алалцаж” байсан гурван бүсгүй айж цочсондоо тэр дороо төрсөн гэдэг юм. Арга ч үгүй биз дээ, тавын таван хил “аварга” хүү мэндэлж байхад ганц муу өвөө минь ч биш Монголын бүх сонин хэвлэл, радио телевиз, амтай бүхэн ярьж, тэр үедээ сүүлийн үеийн хамгийн сонин содон мэдээ болж, аавын ажлын газрынхан аавд шинэ машин өгсөн гэж хүүрнэх юм билээ.

Таван хилийн хүү ч тарвалзаж өгсөөн эхэндээ...Хүн бүр бөх болохыг ерөөж, аймгийн начин өвөөгий минь нутгийн хөгшчүүл “ирээдүйн аварга ачтай боллоо” гэж хөөргөдөг байлаа. ”Аварга” ач хүүгийн идэж уух ч гэж хэмжээ тоймгүй. Бөх болох хүн багаасаа юу таарсаныг нульж байх хэрэгтэй гэсэн өвөөгийн алтан сургаалаар намайг тэжээж эхлэв. Ховдог гахай чинь, байхгүй ээ эхийнхээ дэлэн хөхийг турж үхэх гэж байгаа юм шиг ховх сорно. Дээрээс нь нэмэгдэл тэжээл, луувангийн нухаш, цагаан будааны шүүс, хонины татсан махан бантан, алимны царцаамаг юу л улаан хоолойгоор орж болох байна бүгдийг гударна.

Хүүхдийн цэцэрлэгийн хоолонд цадахгүй тул өвөө маань гэртээ хоол хийж, ”эргэлт”-ээр үйлчилнэ. Хүүхдийн боов булааж идсэн хэргээр цэцэрлэгт байхдаа хоёр ч удаа “донго” хүртэв. Сургуульд орсон хойноо “Үдийн цай” хөтөлбөрийг нь золтой л дампууруулсангүй. Өвөөгийн тэтгэврийн хэдэн цаасыг нь ил нэг, далд нэг авсаар өвөөг хоосруулж, тамхинаас гаргасан юм даг. Надад мөнгө өгсөөр байгаад тамхины мөнгөгүй хоцордог өвөө минь тамхинаас гарахгүй гээд ч яах билээ. Гудамжны акурок түүлтэй биш. Тэгээд л идэмхий ачаасаа болж, тамхиа хаясан даа...Надад хоолны дэглэм гэж ёстой байсангүй. Өвөөг өг гэвэл аав ээж хоёр аль байдагаа өгнө. Миний аяга гэж өвөөгийн ээжээс өвлөгдөж ирсэн гурван литрийн багтаамжтай, шаргал өнгийн үйсэн тагш байдаг байсан.

Нутагтаа байхдаа өвөө айраг уудаг байсан юм гэсэн. Энэ аягаар би дураа хүрвэл гурав, дургүйгээ хүрвэл хоёр удаа будаатай хуурга, цуйван цохино шүү дээ...Заримдаа аав ээжийн барахгүй үлдээсэн хоолыг ч машинднаа...Эмэгтэй хүн шиг гал зуухаар эргэлдэж байх юм гэж эмээ минь загнанаа. Тоохгүй шүү дээ...хичээлээс ирээ л бол цүнхээ шидчихээд гал тогооны өрөө рүү год шүү дээ...Муу хүн идсэнээ гэдэг гэнэ лээ ...Гуравдугаар ангид байхдаа байх аа хөдөө зун очоод хамаатныхаа айлын найранд хэрэглэх гээд чанаад бэлдсэн ууцыг илүү гэрт хоол эргүүлж яваад олж ,талыг нь цөлмөчихөөд хосоо урт авахуулж байсанаа мартдаггүй юм...

Ямар ч байсан аймаар ховдог хүүхэд байсан гэдэг ойлголтыг та бүхэнд өгсөн байх. Одоо гол юм руугаа орьё. Намайг бөх болно гэдэг бол намайг төрүүлсэн аав ээжий, миний төлөө төрөхөөс минь эхэлж “үзэлцсэн” өвөөгийн минь, тэр ч бүү хэл намайг төрөхөд орон даяар шууд дамжуулж байсан телевизийн эгч ах нарын хүсэл байсан билээ.

Үеийнхнээсээ хамаагүй том аварга биетэй намайг өвөө минь хөтөлсөөр анхны бөхийн дугуйланд аваачиж өглөө. Үндэсний бөхийн анхны мэдэгдэхүүнийг би эндээс олж авлаа. Гэртээ байхдаа би гэдэг хүн хамаг юмаа хүнээр хийлгээд сурсан хүн энд ирээд хувцасаа солих,гутлаа өмсөх гээд маш олон хүнд сорилттой учирсан юм. Хажуугаар нь бие бялдрын өчнөөн дасгал нь намайг жинхэнэ “амьтан” болгоно. Хэдэн жил “бөх”-өөр явлаа. Хумсын толион чинээ амжилт гаргасангүй. Нэг л бөхийн секцэнд явдаг мундаг гар яваад л байлаа яваад л байлаа...Үр дүн гардаггүй.

Өвөө минь ч горьдлого тасарсан байх...Өвөөгөө нэг удаа баярлуулсан юм. Зуслангийн хүүхдийн тэмцээнд орж үзүүрлээд өвөөгөө ганц удаа болов чиг баярлуулсан бол уу гэж боддог юм. Надтай нийлээд дөрвөн хүүхэд барилдаж, би нэг ялж, нэг ялагдаж үзүүрлэж билээ. Надаас олигтой амьтан бол түрүүлэх байсан байх. Би наймдугаар ангийн, тэгээд биеэрээ бараг наян хил...намайг давдаг жаал давжаахан давжаахан...үсрээд дөрөвдүгээр ангийн хүүхэд шүү дээ...Үндэсний бөхөөс гадна, жүдо, самбо гээд надад яваагүй бөх байхгүй л дээ.

Ганцхан барилдах авъяас, ур чадвар заяагаагүй юм. Цаанаас заяагаагүй юм гэдэг байдаггүй л юм билээ. Огт авъяасгүй хүн олимпийн аварга болно гэж байдаггүйтэй адил. Авъяастай байгаад дүүргийн аварга болж чаддаггүй ч хүн байдаг биз дээ. Манай байрны нэг ах гучин жил барилдсан юм. Нэг удаа ч ялж үзээгүй. Яагаад та” явахгүй” байж барилддаг юм бэ гэхээр “зурагтаар гарах сайхан ш тээ” гэж авдаг ий...Гэр бүлийнхэний минь хамгийн сүүлчийн найдлага Японы сумод намайг явуулах хүсэл нь биелж, ёстой жинхэнэ “аварга” өвгөнийг найрч байгаад намайг арлын орон руу амжилтын буухиа үргэлжлүүлэхээр явууллаа.

Гутал хувцасаа хүртэл хүнээр өмсүүлдэг хүн чинь цөллөгт очсоны дайтай юм боллоо. Шинэковууд бол халуудынхаа боолын боол босгоны шороо болно гэсэн үг. Амиараа ч нэг хийлгэсэн...Аз болж арван сарыг ардаа орхиод оргоод гэртээ ирж, аймшигт тамлалаас чөлөөлөгдсөн шүү...Аа яа аймаар “яргалуулсан” шүү тэнд байхдаа...Харин юуг бол юуг ч хамаагүй ходоод руугаа шиддэг тулдаа сам хорхой, наймаалж, далайн байцаа, могой мэлхийний мах юу байгаагий нь цөлмөж, гэрээ санасан балчир хүүхэд шиг нулимстайгаа холин залгидаг байж билээ...

Өөхөн бөмбүүлэй шиг нэг сайхан шалхайсан аварга том биетэн. Чаддаг юм юу ч байхгүй. Сүүлдээ хүмүүс намайг “Дэмий гонзгой” гэдэг болсон юм. Яах вэ бас багадаа авсан “гахай Ганбаа”-гаа бодвол арай гэм хоргүй нэр юм шиг...Багаас минь надад янз бүрийн нэр хоч хайрласан. ”Бүдүүн Ганбаа” гэдэг байснаа Ганбаагаа байчихаад шууд “Бүдүүнээ” гэдэг байсан. ”Их Монгол” гэж нэг өвөө өхөөрдсөн. Байрны охидууд “Сумо” гэж инээлдэнэ. Гадаа тоглож байгаа жаахан хүүхдүүд “Акебоно” гэж олуулаа хашгирсанаа намайг ойртоод ирмэгц тал тал тийшээ цацсан будаа шиг чавхдацгаана.

Сүүлд өгсөн “Дэмий гонзгой” гэдэг хоч надад яг оноод байдаг юм. Аав ээжийнхээ хэдэн цаасаар нэг дээд сургууль төгссөн боллоо. Ажилд авдаг газар ч алга. Нээрээ над шиг хоолны саваар юу ч хийлгэх билээ. Суухаараа босож чадахгүй, босохоороо хий баахан амьсгаадсан, хөлс баас нь савирсан үлгэрийн баатар байна. Охидууд бол нэг нүдээрээ үзэхгүй. ”Паах паацагнаад энэ мангарыг хар аа...””Яахав дээ сайхан монгол эр хүн байна. Сайхан өргөн диван байна ш тээ” гэж даажигнацгаана.

Нэг бааранд хамгаалагчаар авсан юм. Мөнгөө төлөхгүй гүрийгээд байсан гурван залууг барьж авахаар хөдөлж ядан бойтоглож байтал хүүе гэхийн завдалгүй суган догуур, салтаан доогуур хулгана шиг гүйгээд зугатдаг байгаа...Ингээд ажлаас халагдаж, гийгүүлсэн юмгүй хоолны сав, гэрийн буг болоод хэсэг боллоо. Тэгтэл нэг найз маань Америкт жингээ хурдан хассан хүн түрүүлдэг нэг тэмцээн байна. Би чамд ивээн тэтгэгч олж өгье гэдэг юм байна. Ямар ч хэрэгцээгүй энэ зовлогноос салж байвал амиа хорлоход ч бэлэн болсон би түүний саналыг зөвшөөрч тэр тэмцээнд явлаа. Шүд зууж тэссээр зуун наян хилээс наяыг нь гээчихлээ.

Гэтэл шигшээд үлдсэн өрсөлдөгч маань хоёр зуун хилээс зуун хилийг хасаж түрүүлдэг байгаа даа...Аз нь хаясан золиг. Энэ бол өвөөгөөс хойш аавын байнга хэлдэг үг л дээ. Ингээд байнд ч үгүй банзанд ч үгүй хоцроод, нутагтаа иртэл ивээн тэтгэсэн компани гэрээгээ биелүүлээгүй гээд надаас өр нэхлээ. Ямар ч авъяасгүй, ямар ч авхаалжгүй, ямар ч ажилгүй, ямар ч шансгүй амьтан чинь яах билээ ивээн тэтгэгч компаний ногооны газар манаачаар цалингүй ажиллаж байна. Ногоо сайн авах юм бол би өргүй болох юм гэсэн. Тэгээд зүгээр хараад суултай биш, зэрлэгийг нь зулгааж, усалж торддог ажилтай боллоо. Хөдлөөд хөлс гараад байгаадаа тэр үү биеэ хаа хөнгөрөөд, хөнгөхөн ч болсон юм шиг. Манаач хүний үүрэг болохоор ногооны талбайгаа тойронгоо гүйхчээ аяддаг ухаантай. Юмыг яаж мэдэх вэ, манай компанийхан энэ жилийн улс хувьсгалын баяр наадмаар компанийхаа өмнөөс барилдуулах ч юм билүү...Жаахан хөдөлгөөнтэй байсан нь дээр байх аа...Түрүүлэхгүй ч гэсэн барилдъя. Давахгүй ч гэсэн зурагтаар гаръя л даа...Компаниа сурталчлаад хөөрхөн бизнес байхгүй юү...

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш