logo
Гэрэлт эрвээхийн нислэгийн замаар...

Гэрэлт эрвээхийн нислэгийн замаар...

2022/01/20


 
Зун бол өнгөт ертөнц, тэрхүү өнгөт ертөнц дотор нэгэн содон даашинзтай охин зогсоно. Охины эргэн тойрон цэцэгсийн хүрээлэн тэр чигтээ цэцэгсүүд нарны зүгтээ тэмүүлнэ. Өнгөт цэцэгсийн дотор зогсоо охины нүцгэн мөрөн дээр нэгэн эрвээхий нисэн буув. Охин эс хөдлөв. Эрвээхий мөрөн дээрээс нь нисэж дахин нөгөө мөрөн дээр нь буув. Эрвээхий мөрнөөс нь нисэж нүүрнийх нь өмнүүр эргэлдэв. Бяцхан охин сая гараа алгуур өргөсөн ба охины жижигхэн алган дээр нь үзэсгэлэнт эрвээхий нисэн буулаа. Охин анх удаа өнгөт ертөнцийн нууцыг мэдэхийг хүсэв.

Эрвээхийн үслэг далавч юутай гоо үзэсгэлэнтэй гоёмсог вэ?...

Үгээр өгүүлшгүй гэрэлт эрвээхий бяцхан охины гар дээрээс нислээ. Содон даашинзтай бяцхан охин гэрэлт эрвээхэйн нислэгийн замыг даган гүйв. Гэрэлт эрвээхий нислэгийн энэ зам өнгөт ертөнцийн нууц руу тэмүүлэх зам байлаа. Тэр цагаас хойш Мөнхөөгийн Ариундэлгэр өнөөг хүртэл тэр л гоёмсог эрвээхийн нислэгийн замаар явсаар байгаа билээ.

М.Ариундэлгэр: - Би айлын бага охин. Хоёр ах, хоёр эгчтэй. Ээж минь дунд сургуульд Хими биологийн багш. Аав маань зурагийн инженер хүн. Би аав шигээ зураг зурах дуртай. Миний бага нас их сонин. Ээжийгээ дагаад үсчний газар хамт ороод толинд хараад сууж байгаа ээжийгээ, ээжийг минь улам гоё сайхан болгож байгаа эгч нарыг хараад суух их дуртай байлаа. Үсчин гоо сайхны газрын үнэр мөн их сонин. Гоё сайхан байх, гоёж гангалах эмэгтэй хүнд их чухал байхыг тэндээс мэдэж авсан билээ. Цэцэрлэгээс ээж минь намайг аваад үсчин гоо сайхны газар дагуулан орох бүрд би их баярладаг байлаа. Би ээжийгээ, гоо сайханч эгч нарыг хараад л гайхаад л сууна. Би мөн адал явдалд дуртай. Ах нартайгаа илүү их тоглож наадаж өссөн болохоор цагдаа, хуульч болмоор санагдана.

Мөн эгч маань Анагаахын их сургуульд сурдаг байсан болохоор эмч ч болдог юм билүү гэж боддог байлаа. Гэхдээ л намайг гоо сайхны ертөнц өөртөө татсаар байсан юм. Өнөөх өнгөт ертөнц арван хоёр настайдаа Хүүхдийн ордонд гадаад хэлний ангид бүртгүүлсэн мөртлөө хувцас загвар зохион бүтээх ангид сэтгэл татагдаад тэр дугуйланд орж суралцсан юм. Мөн анхны том алхам нь тэр. Би бүр дунд сургуулийн сурагчдын дунд зохиогддог хувцас загвар зохион бүтээх “Үнсгэлжин” тэмцээнийг Нармандах багш маань дугуйлангаараа анх санаачилж, оролцож байлаа. Бүгдийн дуртай “Үнсгэлжин” нэрт үлгэрийн ядуу охин шидэт дохиураар дохиход үзэсгэлэнт гоо охин болдог агшин мөн миний хамгийн дуртай агшин. Би яг л тэр агшны сайн сайхан, гоо үзэсгэлэнг бусдад авчрахыг хүсдэг. Хүмүүсийг, охид эмэгтэйчүүд, эрчүүдийг гоё сайхан хувцас өмсөж, баяр жаргалтай байцгаахыг харах хүслэнтэй.



Хоёр дахь том алхам маань арван найман настайдаа гэнэт нүүр будагч “Make up” артист болохоор шийдсэн минь. Тэр шийдвэр маань миний хувьд их том шийдвэр болсон. Тэгээд “Соёл эрдэм” Их сургуулийнхаа япон хэлний ангийг төгсөөд япон оронд очиж суралцана гэж шийдсэн. Сургуулиа дүүргээд өөрийнхөө хүслийг биелүүлж япон орныг зориод мөн япон хэлний бэлтгэл сургуульд нэг жил суралцав. Энэ зуур цаашид юу хийхээ сайн тунгаах бүрд ямар нэгэн зөн билгээр байгаль шинжлэлийн зүгтээ явсаар байлаа. Миний бодлоор ээжийн маань нөлөө байсан болов уу. Ээж маань байгаль дэлхийн судлал буюу хими биологийн багш болохоор бие даагаад ургамал амьтны амьдралыг багаасаа гайхан сонирхсоор ирсэн. Тэр сонирхол намайг хөтөлсөөр би нутагтаа Монголдоо байгаль орчны яаманд зуны цагаар орчуулга хийдэг байсан болоод ч тэр үү япон улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Хот тохижуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ангид магистр хамгаалахаар яваад орчихсон юм. Тэнд лаборатори ажлууд, шинжилгээ судалгаа их хийдэг байлаа. Харамсалтай нь сургалтын төлбөр нэг их өндөр байв. Мөн энд шинжилгээ судалгаа их хийлгэдэг гадуур өдөржин явцгаана. Харин тэр үед миний нүүр их эмзэг арьстай байсан тул наранд харшиж түлэгдээд улайж хорсоход их зовуурьтай байлаа.

Би хуурай эмзэг арьстай. Тэгээд нүүрээ, өөрийнхөө эмзэг арьсаа хэрхэн аврах вэ? хэрхэн хамгаалах вэ? гэж бодохдоо ерөөсөө л гоо сайхан ч болъё энэ мэргэжлээр суралцъя гэж шийдэв. Ингээд япон улсдаа алдартай “Мисс Парис” Гоо сайхны мэргэжлийн сургуульд элсэн орсон юм. Энэ сургууль 20 гаруй жилийн түүхтэй япон орондоо 140-өөд салбартай. Мөн хятад улсад салбартай. Харьяа салбарууд нь япон орон даяар салонтой. “Мисс Парис” сургуулийн захирал Шимамура хэмээх хүн нь Франц улсад нарийн мэргэжил эзэмшсэн, сургуульдаа суралцдаг мэргэжлийн гоо сайханчдыг мэрэгжлийн өндөр төвшинд бэлтгэгддэгээрээ нэртэй. Уг сургуульд суралцах хоёр жилийн хугацаандаа би их зүйл ойлгон мэдэж авсан. Өөрийнхөө нүүр царай, арьс үс, бие махбодыг бүхэлд нь шинжлэх ухааны үүднээс мэдэж эхэлсэн. Энэ сургуульд би хүний биеийн анатоми, физиологи судалж үзэхээс эхлүүлээд мэргэжлийн гоо сайханчуудын үндсэн дөрвөн иллэг (массаж) бариаг хийж сурсан. Өөрийнхөө нүүр царайг гоё сайхан байлгахын ухаанд суралцсан минь арьс хэт эмзэг учраас ямар арчилгаа хийх ёстойгоо мэдэж авсан.

Би нүүрээ буруу арчилж байсан байлаа. Нэг үгээр хэлбэл арьсны тос ус хоёрын харьцааг алдагдуулсан байв. Нүүрний арьс үрэвсэх гол шалтгаануудыг сайтар мэдсэн ба арчилгаа тордлогоог өгөх учиртай гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох ойлголтыг олж мэдэх нь чухаг болохыг мөн бүр дотороосоо, сэтгэлээсээ гэрэлтэх нь бүхнээс чухал болохыг өөртөө нээсэн минь байлаа. Тийм ээ... Гадаад гоо үзэмж мөн дотоод гоо үзэсгэлэн гэж буй. Урьд өмнө нь аливааг сайтар мэдээгүйгээс бас сайн таниагүйгээсээ чанартай гэж сурталчилсан нь үнэ өртөг ихтэй ч гэсэн гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө төгрөг зориулахдаа орц найрлагад нь төдийлөн анхаарал хандуулахгүй авах, арьсныхаа бүтэц бие махбодынхоо онцлогийг мэдэхгүйгээс таарах таарахгүй бүтээгдэхүүн хэрэглэх, мэргэжлийн гоо сайханчаас мэргэжлийн зөвлөгөө авах, наад зах нь арьсныхаа бүтцийг шинжлүүлж тодорхойлуулахыг мэдэхгүй явсан байв. Сургуулиа төгсөөд сургуулийнх нь салбар салонд ажиллалаа. Хагас жил ажиллахдаа олон зүйлийг ажиглаж мэдсэн юм. Миний дотор өөр хүсэл байсан.

Ажлынхаа газрын үйл явцыг харахад арга барил нэг л баригдмал нэг л чөлөөт бус мөн өөрийн санаагаар өөрчлөх зүйл их байлаа. Бусдынхаар бус өөрийн санаагаар шинэ салон үүсгэн байгуулъя, бие даая гэж шийдсэн юм. Ингээд “Каридес” салоноо үүсгэн байгуулж нэгэн япон хүнтэй хамтарлаа. Өмнө нь ажиллаж байсан сургуулийнхаа салбар салоны хатуу журам болох үйлчлүүлэгч нэг удаа үйлчлүүлсний дараа 12 удаагийн төлбөрөө урьдчилан төлсөн байх ёстой. Энэ журмыг өөрийн үүсгэн байгуулагдсан салондоо шууд өөрчилж хүмүүс дуртай үедээ хүрэлцэн ирэх боломжтой, төлбөрөө тухайн тухайн цагтаа төлөөд явдаг болгов. Төлбөрөө хүмүүст төлөх боломжоо мөн цаг хугацаагаа өөрсдөө өөртөө хэрхэн зохицуулахаа мэдэх зэрэг үйлчилгээ маань уян хатан бодлогоор эхэлсэн. Энэ нь японд бараг анх удаагаа гоо сайхны салбарт төлбөрийн мөн цаг хугацааны асуудлын чөлөөт хэлбэр болсон билээ.



Манай “Каридес” салоны энэ чөлөөт хэлбэр нь оюутнууд ба бага нялх хүүхэдтэй ээжүүдэд маш их таалагдсан. Үйлчлүүлэгч төлбөрөө бүтнээр нь эхэлж төлөх шаардлагагүй дуртай цагтаа ирж үйлчлүүлж, гоо сайхны зөвлөгөөгөө авч хүссэн үедээ үйлчилгээндээ орох болцгоосон. Манай салон аажим аажмаар өргөжиж нүүрний мөн бүтэн биеийн алжаал тайлах иллэг заслын үйлчилгээгээ нэмсэн билээ. Би өөрийн үүсгэн байгуулсан “Каридес” салоноо ажиллуулахын хажуугаар “Си Бон” хэмээх мянга гаруй гоо сайханчтай том сүлжээ бүхий салоны Роппонги салбарт давхар ажилласан юм. Би өөрөө бие даасан салонтой мөн мэргэжлийн хэдий ч гол нь том хэмжээний гоо сайхны салоны үйл ажиллагаа дотоод зохион байгуулалтыг сурахыг маш их хүсэж байлаа. Хагас жилийн дотор “Си Бон” гоо сайхны салоны нэгэн салбарт ажиллахдаа шилдэг ажилтан нь болж “Элит” гэх саарал формтой болсон.

Энгийн ажилтнууд нь ногоон өнгийн формтой. “Си Бон” гоо сайхны нэг бүтээгдэхүүн гэхэд л зуун тавиас гурван зуун долларын үнэтэй. Нэлээн өндөр зэрэглэлийн газар. Бүтээгдэхүүн зарах нь цалин орлого ажлын үзүүлэлтэд чухлаар нөлөөлнө. Би гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэд хүчилж худалдаалдаггүй. Хүмүүсийн арьсны асуудлыг чин сэтгэлээсээ сонсож тэдэнд зөв тохирсон бүтээгдэхүүнийг сонгон өгдөг байсан. Гол нь тэдний санаа сэтгэлийн зовуурь мөн хүслийг нь анхааралтай сонсож эргэлзээ тээнэгэлзээг нь арилгаж, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авалтад нь чин сэтгэлээсээ тусалдаг байлаа. Том компаниудад үйлчлүүлсэн үйлчлүүлэгч нар тухайн өдөр өөртөө үйлчилсэн үйлчлэгч нар буюу гоо сайханч нарынхаа үнэлгээг мэйлээр явуулдаг байлаа. Тухайн үед надад дандаа таван од бүхий онц сайн үнэлгээ ирж, зарсан барааныхаа дүнгээр бол дундаж ч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж үнэлэлт гэдгээр бусдаас илүү тэргүүлж бүр тэргүүн байрт оров.

Жилийн дотор шилдэг тэргүүний гоо сайханч болж Хавайн арал руу аялах эрхийн бичгээр шагнуулж байлаа. Мөн бүх гоо сайханчдын тэмцээн болоход “Топ арав”-т шалгарч, дараа нь Тайван улс руу аялж билээ. “Си Бон” компанид ажиллаж байхад надад бүх зүйл нь шалгуур байсан ба мөн бие биеэ даагаад салан авч явж чадах уу? хүнтэй харьцах чадвар, мэдлэг, боловсрол өөрт минь хэр байна вэ? хэмээх олон шалгуурыг би өөртөө тавьж итгэл үнэмшилтэй болсоор байлаа. Би тэр салоноос ихийг суралцаж тэндээ хэсэг ажиллах хүсэлтэй байсан ч харамсалтай нь өөрийн салоноо даатгасан хамтрагч маань цаашид хамтран ажиллах боломжгүй гээд явахад нь салоноо өөрөө өөд нь татахаар зориг шулуудсан юм. Хоёр салбар салон маань хаагдахад хүрсэн байлаа. Би Токио дахь Китасэнжү-д байх салоноо авч үлдэв. Тэр үед би бүтэн нэг өдөр бодож суулаа.

Салоноо хаах уу? Дахин шинээр бүхнийг эхлэх үү? гэж. Учир нь намайг салондоо эргэн ирэхэд ерөөсөө л дампуурсан байлаа. Би бүгдийг шинээр бүр дахин шинээр эхлэхээр шийдсэн. Банкнаас зээл авсан. Өмнө нь салонд маань ирж үйлчлүүлдэг байсан мянгаад хүнд гараараа захиа бичиж, өдөр болгон хөлөө цуцтал ийш тийш явж өнөөх захидлуудаа шуудангийн хайрцагт хийсээр л явсаар л байлаа. Салонд маань чин сэтгэлийн үгстэй захидлыг маань авцгаасан үйлчлүүлэгч маань эргээд ирж эхэлцгээсэн юм. Эхэндээ сард хорин хүн ирж байсан бол улмаар гурван сард наян хүн ирж үйлчлүүлэх болсон. Сүүлдээ зуу зуугаараа ирцгээсэн.

Одоо бол манай салон мянга гурван зуугаад үйлчлүүлэгчидтэй. Би ажилдаа дэндүү дуртай. Өглөө 11 цагт салоноо нээн орой 21 цаг хүртэл ажиллана. Өглөө болгон ажилдаа урам зориг дүүрэн яарч ирдэг. Халширч байсан удаа нэг ч байхгүй. Ядрах үе бий гэхдээ бусдын нүүрэнд тодорч байгаа баяр баясгалан надад их хүч урам зоригийг өгдөг. Би багаасаа л бусдыг гоё сайхан болж байгаад баярладаг байсан. Тэр тусмаа ээжийгээ дагаад гоо сайхны газар ороод толинд өөрийгөө харж баярлаж байгаа ээжийгээ хараад бүр ихээр баярладаг байсан. Яг түүн шигээ хүмүүсийг баярлахад нь даган баярлаж баясдаг. Би хүнийг хараад л мэддэг болсон гэх үү дээ. Биеийнх нь аль хэсэгт сульдаж ядарсан байна нүүр нь үү? хүзүү нь үү? гээд л. Энэ хүнд ийм тусламж хэрэгтэй байна. Ийм засал чухал байна гээд гоо засал, сэтгэл заслын тус дэмээ өгнө. Ирсэн хүн болгон маш их баярлалаа гээд гэртээ харина. Тэгэхдээ бас таарах таарахгүй хүн гэж байна.

Үйлчлүүлэгчээ бурхан гэж үзээд хий хоосон магтах худал үнэн, урдуур хойгуур нь гүйх бус найз шиг нь шулуун шударга харилцаж, болохгүй бүтэхгүй байгааг нь ил тод шууд хэлдэг. Энэ маань бусад салоноос өөр юм шиг байгаа юм. Чин сэтгэлээсээ шулуун шударга ил тод харилцаанд мань үйлчлүүлэгчид минь их дуртай байдаг. Тиймдээ ч намайг Китасенжүгийн онэ сан буюу манайхаар эгч, аниа гэж авгайлдаг. Гоо сайхны газар гэдэг ганцхан хүний нүүр царайг нь тодруулж буюу гоё сайхан болгохдоо бус сэтгэл зүрхийг нь гэрэлтүүлдэгт гол үйлс нь оршино гэж ойлгох ёстой. Гоо сайхан гэдэг бол угаасаа л энэ зүйл шүү дээ. Тиймээс би анх ирсэн зочиндоо зориуд цаг гаргадаг. Хүн сэтгэлээ нээх бүртээ сэтгэл нь цэлмэдэг. Бусдын сэтгэлийг нээх хэрэгтэй.

Органик бүтээгдэхүүнтэй учирсан минь

Японд ирээд найм дахь жилийн нүүрийг үзэж байлаа. Би дахиад суралцахыг хүссэн юм. Дайканяма гэдэг гангачуудын газарт “Cosme Kitchen” гэдэг органик гоо сайхны барааны дэлгүүр анх удаа нээгдсэн юм. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн худалдаалах тэр дэлгүүрт оронгуут Монголын маань уул ус, өвс ногоо бүр ганга өвс ч үнэртэх шиг. Нэг л сэтгэлд ойр сэтгэгдэл төрүүлсэн юм. Үнэхээр байгалийн цэнгэг ариун тансаг үнэр үнэртсэн бөгөөд тэндээс байгалийн органик бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэж эхлэв. Байгалийн жинхэнэ зуун хувийн орцтой гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь өөрийгөө жинхэнэ утгаар нь арчилж хамгаална гэсэн үг.



Хүний бие өөрийгөө эрүүлжүүлэх нарийн тогтолцоотой. Байгаль дэлхий мөн адил. Орчин үеийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд ийм тийм химийн хүчтэй бодисуудтай байдаг. Хүмүүс бид химийн орц найрлагатай бүтээгдэхүүн их хэрэглэдэг учраас арьсныхаа ус тосны харьцааг их алдагдуулдаг. Би цэвэр байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн цагаасаа химийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн хэрхэн арьс үсэнд сөргөөр нөлөөлдгийг анх удаа ул суурьтай ухаарч ойлгосон. Жишээлбэл химийн найрлагатай шүдний оо, уруулын будаг маш аюултай. Бидний дотоод эрхтэнд хүчтэй сөргөөр нөлөөлнө. Химийн найрлагатай шүдний оо аман дахь салстыг гэмтээж, хамгаалах тогтолцоог эвдэнэ. Бүр химийн гаралтай нүдний будаг чийгтэй нүд нулимсаар дамжин цаашилбал нүдний хараанд сөргөөр нөлөөлнө. Тийм учраас бие махбодынхоо өөрийгөө хамгаалах тогтолцоо нөхөн төлжих чадварыг ямагт тэжээн тэтгэх байгалийн бүр цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хүмүүс заавал хэрэглэх учиртай. Байгалийн органик гаралтай саван хэрэглэ.

Бие угаагч шингэн саван мөн л байгалийн цэвэр найрлагатай байх хэрэгтэй. Халуун усанд ороход арьсны бүх нүх сүвүүд нээгдсэн байдаг. Арьс шууд шингээж авдаг. Хэрэв химийн нэгдлүүдтэй шингэн саван хэрэглэвэл мөн л гэмтэнэ. Ер нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэвэл арьсанд шингэж цаашилбал цус руу орж бүр цаашилбал дотоод эрхтнүүдэд сайнаар нөлөөлнө. Монголчууд бол тэжээхүй ухаан хэмээнэ. Би салондоо монголынхоо чацарганатай “Гуа марал” хэмээх арьс арчилгааны байгалийн цэвэр гар найрлагатай бүтээгдэхүүнийг үйлчилгээндээ хэрэглэж мөн зарж борлуулж байна. Жишээлбэл манай монгол оронд ургадаг чацаргана хэмээх жимс бол онгон дагшин газар ургадаг. Чацарганыг жимсний хаан бөгөөд хаан жимс гэж монголчууд маань хэлцгээдэг. Салондоо японы органик гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлчилгээндээ зориулж, хэрэглэдэг. Байгалийн бүтээгдэхүүн хэрэглэж эхэлснээр дотоод сэтгэл сонирхол хүртэл өөрчлөгдөнө. Амьдарч буй эх дэлхийгээ ойлгоно мөн хайрлана. Ганцхан хүн төрөлхтөн амьдарч байгаа бус ан амьтан, ургамал, амьтай бүхнийг бие биеэсээ хамаарсан дэлхий ертөнц дээр бид аж төрцгөөж байна.

Тиймээс эх дэлхий, байгаль, газар шороо, эх нутгаа хайрлах, хамгаалах, тэтгэх үзэл санааг өөрөөсөө бий болгож мөн өрөөл бусдад ойлгуулж, үлгэрлэж явахаас эхэлнэ. Манай монголчууд зуун жилийн өмнө ямар ч химийн хольцгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан. Бид химийн хольцтой бүтээгдэхүүнээс шууд татгалзацгаахад бидэнд онгон дагшин орон оршихуй бий болно. Бид нүүдэлчин улс. Байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр улс. Байгаль дэлхий ертөнцийн хуулийг бид илүү сайн мэднэ. Харин үйлдвэрлэл үсрэнгүй хөгжсөн гэх улс орнууд хямд төсөр түүхий эдээр их хэмжээний үйлдвэрлэл явуулах болсон. Эдгээр үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн тэр чигтээ химийн хольц найрлагатай. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеэр нүсэр үйлдвэрүүд эрчимжсэн. Органик байгалийн бус бүтээгдэхүүнд нефтийн гаралтай барьцалдуулагч, хатаагч, хүний биед сөрөг нөлөөтэй химийн бодис их хэмжээгээр байдаг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг шампунь, шингэн саван, хувцас угаагч нунтаг, аяга таваг угаагч шингэн зэрэгт химийн янз бүрийн бодистой бөгөөд угаалтуурын усаар дамжиж газар шингэж, хөрс шороо бохирдуулдаг. Байгалийн гамшиг нь түүнээс үүдэлтэй бөгөөд хорт утаа, хорт бодистой бороо хүртэл зарим нүсэр хотуудад ордог шүү дээ. Энэ бол нууц биш үнэн. Байгаль дэлхийн хэм хэмнэл рүү халдах, баялгууд руу нь шунах, ашиг орлогын төлөө хямд төсөр бөөнд нь үйлдвэрлэх химийн найрлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдэд гол буруу бий. Эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй. Япон бол саяхан арваад жилийн өмнөөс л органик гэдэг ойлголтыг анхаарч, анзаарч эхэлсэн болов уу.



Анх органик гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэд эхний зургаан сар нүүрэн дээрх тууралт олигтой эдгэхгүй. Нэг зүйл дутагдаж байгаа юм уу эсвэл илүүдээд ч байгаа юм уу нэг л сонин санагдсан. Гэтэл энэ нь химийн хурдтай найрлага орцтой гоо сайхны бүтээгдэхүүн удаан хугацаагаар олон жил хэрэглэснийх байлаа. Арьс дасчихсан. Хэрэглэхгүй бол нэхэх. Энийг нэхлээ гээд хэрэглэх тусам алсуур бие махбодод улам бүр муугаар нөлөөлөх, харин үүнийг сайн мэдэж, тэвчин байгалийн буюу органик бүтээгдэхүүнээ хэрэглэж эхлэх хэрэгтэй. Хүн хүний арьсны онцлог өөр өөр зарим нь удаан зарим нь тун түргэн байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг бие махбоддоо хүлээж авдаг. Би ганцхан гоо сайхны бүтээгдэхүүн бус бүх хэрэглээгээ байгалийн органик цэвэр бүтээгдэхүүн болгосон. Би байгалийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх болсноор хэдэн жил үргэлжилсэн арьсны маань асуудал тун түргэн шийдэгдсэн. Одоо крем пудр хоёр тавих шаардлагагүй болсон. Гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа бүсгүйчүүд, эрэгтэйчүүд өнгө үзэмж үнэрээр сонгодог ч гол нь шошгон дахь орц найрлага агууламжийг нь сайн мэдэж, худалдан авцгаах нь тун чухал. Байгалийн органик бүтээгдэхүүнүүдэд бие махбодод ашигтай тэжээл өгөх чухал зүйлсийн найрлагууд агуулагдсан байдгаараа онцгой онцлогтой.

Манай гоо сайхны салон хамтарч чацарганы тостой серүмийг бүтээсэн. Мөн салон “Blum” хэмээх органик гоо сайхны бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч. Бас Ароматерапистийн болон бүтэн биеийн, нүүрний иллэг массаж хийх сургалтыг давхар явуулдаг. Толгойн оройгоос хөлийн ул хүртэл хийдэг бүтэн биеийн бариа, иллэг засал бөгөөд долоон техник найман үйлчилгээтэй. Ийм массаж буюу гоо сайхны иллэг бариа засал японд бараг байдаггүй. Органик байгалийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд маань байгалийн цэвэр зуун хувь орц найрлагатай учир хүмүүст би хэрэглүүлэхийг хүсдэг. Энэ бол маш тансаг.

Байгалийн гаралтай бүтээгдэхүүнтэй учирснаар маш их эдийн засгийн хэмнэлт бий болсон. Хэрэглээ энгийн хэрнээ чанартай болж бие эрүүл саруул, сэтгэл их өөдрөг болсон. Учир нь ертөнц дэлхий өөрөө гайхамшигтай шүү дээ. Аливаа зүйлсийн цаад мөн чанарыг нь би танин мэдэхийг хүсдэг, хичээдэг болсон. Хэн хаана ямар байгалийн гайхамшгаар үүнийг бүтээв аль ой тайга, тал нутгийн ургамал цэцэгс вэ хэмээн бүр л ихээр сонирхдог болсон.

Мөн би салоныхоо нүүр царайг илтгэх “Butterfly pea” /Clitoria ternatea L/ буюу “Хөх эрвээхий” хэмээх цэцгийн буюу эмийн ургамлын цайгаар зочдоо дайлдаг. Жишээ нь нимбэг хийхээр ягаан өнгөтэй болж хувирдаг. “Хөх эрвээхий” хэмээх энэ цэцэг эквадорын халуун бүсэд ургадаг. Энэхүү эмийн ургамлын цэнхэр өнгө нь нэрс жимсэнд байдаг антошианин бодисоор дөрөв дахин их баялаг. Тиймээс нүд, ходоод, арьсанд сайнаар нөлөөлж, эд эсийг хамгаалах бас анти оксидант бодисоор нэг арвин хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Химийн бордоогоор бордоогүй байгалийн төрхөөрөө ургасан эмийн ургамал. Энэ амтат цэцгийн цай нь хүнд уужруулан тайвшруулдаг. Салоны минь нэрийг тогтоогоогүй ч өнөөх “Хөх цэцгийн” цайтай газар гэж яривал сайхан. “Манай монгол бүсгүйчүүд гуа үзэсгэлэн төгөлдөр, хүчирхэг билээ. Аливаа зүйлд сонголтоо зөв хийж яваасай. Үр хүүхдүүддээ байгаль дэлхийн гайхамшгийг таниулж мөн мэдүүлж ирээдүй рүү хөтөлж яваасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.” хэмээн Ариундэлгэр бүсгүй инээмсэглэн өгүүлэв.
Х.Эрдэнэцэцэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш