Парламент дахь эмэгтэйчүүдийн тоог өнөөгийнхөөс нэмэх зайлшгүй шаардлага байгааг бүгд хүлээн зөвшөөрдөг хэдий зарим нэг улс төрчид үүнийг ил далд эсэргүүцдэг. Ер нь эмэгтэйчүүд заавал парламентад байх зайшгүй ямар шаардлага байгааг талаар болон энэ жендерийн асуудлын эргэн тойронд судлаач Д.Сүхжаргалмаатай ярилцсанаа хүргье.
-Жендер гэхээр л хэдэн хүүхнүүд албан тушаал хөөцөлдөж байгаа мэтээр ойлгодог. Ингэхэд жендер гэдэг ойлголтонд юу хамаардаг вэ?
- Жендер гэдэг бол ерөөсөө дан ганц эмэгтэйчүүдийн тухай ойлголт биш. Жендер бол эр эм хоёр хүйстэний нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар нийгмийн хөгжлийн явцад хүмүүсийн ой тойнд тогтсон ойлголт. Энэ ойлголт түүхэн явцад өөрчлөгдөж байдаг. Хэрхэн яаж өөрчлөгдөж ирснийг хөгжингүй орнуудын өнөөгийн байдал их тодорхой харуулдаг. Өнөөдөр хөгжингүй орнуудад жендерийн тухай ойлголт, нэн ялангуяа эмэгтэйчүүдэд хандах хандлага нь маш гүнзгий хөгжсөн байдаг. Хүний нийгэм гол төлөв эцгийн эрхэт ёсны дагуу хөгжиж ирсэн, эрх мэдлийн тэгш бус хуваарь бий болсон. Иймээс эмэгтэйчүүд нэн ялангуяа дээд түвшний удирдлагад оролцох явдал хаа хаагүй асуудалтай. Өрнөдөд энэ үзэгдлийг “шийлэн тааз” гэж нэрлэдэг. Бүх юм болоод байгаа юм шиг, дээшээ хартал тэнд байгаа бүхэн нүдэнд илт, дээшлэх гэтэл толгой нь үл харагдах нэг юманд очоод туулчихдаг. Манайх ч шилэн тааз, бүх юм болоод байхад илүү юм шаардах нь гэж хэлэх хүн мундахгүй. Гагцхүү боловсон нийгэмд шилээн таазыг эвдлэх оролдлогыг эмэгтэйчүүд дарга болох гээд байна гэдгүй. Хүний эрхээ хамгаалж байна, тусланаа хөө гэдэг.
-Хэдийгээр жендер гэдэг нь эр эм хүйсийн нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар ойлголт ч явсаар байгаад эмэгтэйчүүдийн тухай л болоод хувирчихдаг нь ямар учиртай юм вэ?
- Ижил төстэй нөхцөлд нэг хүйсийн хүнийг эсрэг хүйсийн хүнээс дор байдалд оруулахыг жендерийн ялгаварлан гадуурхалт гэж байгаа юм. Жишээ нь, нийт хүн ам, ажиллах хүчин, сонгогчдын тэн хагасаас илүү, мөн дээд сургууль төгсөгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон эрх нь ижил байхад хууль тогтоогчдын 4 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байгаа нь жендерийн ялгаварлан гадуурхалт болж байгаа юм. Түүхэн явцад эсрэг хүйсээсээ дор байдалд орчихсон хүйс бол эмэгтэй болохоос эрэгтэй биш. Тэгэхээр ялгаварлан гадуурхагдсан хүйсийг түлхүү ярихаас өөр аргагүй болж байгаа юм. Тиймдээ ч эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц гэдэг олон улсын эрхзүйн актыг гаргасан юм. Эрэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах гэдэг ойлголт байдаггүй. Жишээ нь өнгөт арьстаныг ялгаварлан гадуурхах тухай ойлголт байдгийг бид мэднэ. Харин цагаан арьстаныг алагчилах тухай ярьвал маш хачин санагдандаа, тиймээ? Эрэгтэйчүүдийн хувьд шийдэх хэрэгтэй тулгамдсан асуудал байгааг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ тэдний хувьд тодорхой төрлийн өвчин, янз бүрийн осол зэргээс эмэгтэйчүүдээс богино наслах нь гол асуудал байдаг. Үүнийг зан байдлын үүдэлтэй бэрхшээл гэж томъёолдог. Эмэгтэйчүүдийн хувьд зан байдал нь хэдий зөв, сайхан байсан ч нэг хүйс, өөрөөр хэлбэл эсрэг хүйс давамгайлсан улс төрийн тогтолцоо, сонгуулийн огтолцоо, санхүүгийн бололцоо, нийгмийн хэвшмэл сэтгэл зүй гэгч эмэгтэйчүүд өөрийн хүслээр өөрчилчих аргагүй бэрхшээл байдаг. Базаж хэлбэл, олон хүчин зүйлээс бүрдсэн эрх мэдлийн хуваарийн гажуудал. Эдгээрийг тогтолцооны чанартай бэрхшээл гэж үздэг. Асуудал ердөө л ийм. Хүн төрөлхтөн маргахаа маргаад, судлахаа суудлаад тогтоочихсон энэ асуудлаар бид дахиад л маргаад байх юм байхгүй. Манай зарим улс төрчид асуудлыг сөрсөн маягаар эрэгтэйчүүдээ хамгаалах тухай яриад унадаг нь өөрийнх нь мэдлэг, соёл, ухамсарын түвшин, монголын эмэгтэйчүүд, дэлхийн нийтийн үзэл бодлыг элэглэсэн байдлыг харуулсан больчимгүй явдал гэж үзэж болно.
-Олон жил улс төрд явсан улсууд одоо зайгаа тавьж өг гээд байгаа. Энэ чинь бас жендер үү?
-АНУ-д яг энэ асуудлыг хэрхэн шийдсэн жишээг би ярья. Тэнд 25 жил сенатч хийсэн нэг нөхөр авилгал авсан хэрэгт холбогдоод баригдсан учраас төрд олон жил суусан хүн авлигад идэгддэг юм байна тиймээс дахин сонгогдох эрхийг хязгаарлавал ямар вэ гээд асуудлыг өргөн утгаар нь тавьсан бөөн маргаан дэгдсэн. Тэгээд маргалдаж маргалдаж дахин сонгогдох эрхийг хэвээр үлдээх ёстой юм байна гэж нийтээрээ зөвшөөрсөн. Яагаад гэвэл цаана нь нийгмийн том эрх ашиг яригддаг юм байна. Парламент бол гүйцэтгэх засаглалыг ард түмний нэрийн өмнөөс хянах үүрэгтэй. Энэ хяналтыг дөнгөж сая улс төрд орж ирээд дөрөв-тавхан жил ажиллах хүнээс олон жил сууж, гүйцэтгэх засаглалын бүх нарийн ширинийг мэдээд авсан нь хавьгүй илүү хийдэг юм байна. Сонгогчдын хяналтаас гадуур байдаг, төрийн нууцын тухай хууль, ёсөн шидийн журмаар хамгаалагдсан, улсын төсвийг гартаа атгасан нь гүйцэтгэх засаглалынхан. Иймээс энэ айхтар амьтаныг мэргэшсэн, туршлагатай сонгуультаны хяналтад байлгах нь ганц нэг сенатч хэрэгт орооцолдохоос илүү чухал гэж үзсэн. Тэгээд дахин сонгогдох эрхийг оролдохгүй үлдээсэн. Таны асуусан шигээр чанга дуугараад байдаг хүнийг сонсоход гунигтай. Төрийн гурван эрх мэдлийн мөн чанар, эрх үүрэг, хоорондын харилцаа, төрийн албаны ажиллагааны наантай цаантайг мэддэг, юмыг бүх талаас нь тунгаан боддог хүн, тэр тусмаа улс төрч асуудлыг өөрөөр тавиндаа гэж боддог. Аливаа байгууллагад шинэ уур амьсгал, шинэ мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ үүнийг баталгаажуулах, тухайлбал парламентын, удирдах аливаа бүрэлдэхүүний гуравны нэгийг тогтмол сэлбэж байх зэрэг аргуудыг дэлхий даяар хэрэглээд л ирсэн. Америкийг нээчихсэн, эсхүл унадаг дугуйг ахиад л зохион бүтээчихсэн мэт дүр эсгэх шаардлаггүй. Хүйсийн шинж чанараар нь хүнийг ажлаас нь зайлуулах гээд байгаа биш болохоор яг жендэрт бол холбоогүй. Гэхдээ улс төрийн хүрээнийхний нарийн мэдлэг, туршлага, ер нь чанарын асуудлыг хөндсөн маш чухал асуулт.
-Монгол эмэгтэйчүүдийн эрх мэдэл дутаагүй. Эхнэрээсээ асуухгүйгээр хүнд мөнгө зээлүүлдэг эр хүнийг олоод ир гэвэл тийм ч олон гарахгүй л болов уу?
- Энэ бол хүн хоорондын, гэр дотрох харилцаа. Ямар ч нийгэмд байдаг үзэгдэл. Эмэгтэй хүн нөхөрт гармагц ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гардуулж гэртээ суух ёстой гэсэн хүлээлт байсаар байгаа Японд ч эр нь эхнэрээсээ асууж байж машин авдаг. Урьд нь Монголд энэ байдал туйлдаа хүрсэн байсан. Эрчүүд нь дайн хийгээд яваад өгдөг. Эмэгтэйчүүд нь ардах бүх асуудлаа мэддэг, бүх ажлыг хийдэг. Тэр байтугай монгол эмэгтэй өрхийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байсан гэж хэлж болно. Үүнийг эрх гэх үү, эрэгтэй нь гол төлөв эзгүй байсан болохоор үүрэг болчихсон гэх үү, бүү мэд. Ямар ч байсан малаа зарсаных нь төлөө шийтгэдэггүй байсан бололтой. Бид бол гэр бүл дэхь эрх дутаад байна хоймортоо гарч сууя гэж яриагүй. Бид жендерийн эрх тэгш байдлын тухай ярихдаа асуудлыг хүний эрх, шудрага ёс, төрийн бодлогын зорилго, зорилт, манай төрөөс соёрхон баталсан олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг хангах хүрээнд л тавьдаг. Төр шиг төр юм бол хийж чадах юмаа амлах, төлөвлөх ёстой, нэгэнт амлаж, төлөвлөсөнийгээ ажил болгох ёстой. Амлалтынхаа үр дагаварыг ойлгодоггүй, амлалтаа хэрэгжүүлдэггүй засаг төрийн хэрэг байхгүй шүү дээ.
-Эмэгтэй хүн улс төрд байх ёстой шалтаг шалтгаан юу байгаа юм вэ?
- Уг нь энэ хоёр хүйсийн уураг тархи нь ямар ч ялгаагүйг шинжлэх ухаан нотолно. Харин олон мянган жилийн турш эрэгтэй, эмэгтэйчүүдэд ялгаатай чиг үүргийг ногдуулж ирсэн болохоор уураг тархиа өөр өөрөөр ашиглах болсон, үүний дагуу юмыг харах хандлага, хийх арга барил нь ч өөр болчихсон. Тэгээд шийдлийг ч өөр өөрөөр гаргадаг юм байна л даа. Эмэгтэйчүүд гэрийн, нийгмийн маш их ажил үүргийг хослуулдаг болохоор өөрт нь өвөрмөц эрэлт хэрэгцээ их байдаг, эргэн тойрноо асран халамжилдаг болохоор бусдын эрэлт хэрэгцээг сайн мэдэрдэг. Энэ эрэлт хэрэгцээ, эрх ашиг илэрхийллээ олж, нарийн мэдрэмж, мэдлэг, туршлагыг нь улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоох ажилд ашиглаж хоёр хүйсийн мэргэн ухааныг хослуулах хэрэгтэй. Иймээс жендэрийн хууль тогтоомж гаргах, төрийн үйл ажиллагааг чиглүүлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, улс орны хөгжлийн чанар, үр бүтээлтэй байдлын тухай эн тэргүүнд ярьдаг. Улсад байгаа хүний нөөц, чадавхийг оновчтой ашиглах арга ухааны тухай ярьдаг. Тэгш төлөөл, оролцоонд тулгуурладаг ардчилсан засаглал, алагчлалаас ангид хүмүүнлэг харилцаа, нийгмийн эв эе, эв нэгдлийн тухай ярьдаг. Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахын сацуу тэр хөгжлийн үр шимээс тэгш хүртэх шудрага ёсны тухай ярьдаг. 21-р зуунд энэ бүхэн хангалттай шалтгаан биш гэж үү? Төр улсыг хамгаалан хөгжүүлэх, удирдах бүхий л үйл ажиллагаанд хүйс хэмээнийг үл харгалзан иргэн бүрийг оролцуулах шаардлагатайг аль 2000 жилийн тэртээ аугаа их сэтгэгч, төр судлалын эцэг гэгдэх Платон заачихсан байдаг. Эмэгтэйчүүд чадахгүй шүү дээ гэхэд нь энэ ажлуудыг хийлгүүлж байж л чадах чадахгүйгийн тухай ярих үндэслэлтэй болно гэж тэр хүн хариулсан байдаг. Монголчуудын эрхэмлэж ирсэн дорны сургаальд ч арга билгийн салшгүй холбоог юм бүхний оршин тогтнолын үндэс гэдэг. Арга нь эрийнх, билиг нь эмийнх. Манай төрийн хэрэг явдалд арга нь ихдээд билиг нь сүрхий дутаад байна гэсэн санааг иргэд янз бүрийн арга хэлбэрээр илэрхийлээд байгаа биш билүү. Өөрийгөө их томд бодож заншсан бид Европ, өрнөдийн орнуудын хүрсэн хөгжлийн түвшинг шохоорхон хардаг. Энэ улсууд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог ардчилсан засаглал, нийгмийн хөгжлийн гол хүчин зүйлийн нэг гэдгээр аль хэдийнээ хүлээн зөвшөөрчихсөн, хууль тогтоомж, үйл ажиллагаагараа баталгаажуулдаг. Гэтэл манайд төрийн ч бай, байгууллагын ч бай бодлогыг хэрэгжүүлэхэд иргэд, ажиллагчдын дор хаяж тэн хагасыг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийг оролцуулна, харин тодорхойлоход оролцуулахгүй гэдэг чинь юү гэсэн үг вэ? Хүн төрөлхтөн ардчиллын чиглэлд эргэлт буцалтгүй ахиж хүний эрхийн хамгаалал эрчимжиж байхад манайхан бүдүүлэг харанхуй юм яриад, хийгээд сууж байж болохгүй л дээ. Төр маань хүн төрөлхтөний хөгжлийн сүүлд нь явж ард түмнээ зовоож, бусдын элэг доог болохыг бид хүсэхгүй байна. Тэргүүн эгнээнд нь явмаар байна. Гэтэл Олон улсын парламентын холбооноос 2011 оны байдлаар гаргасан парламентийн гишүүн эмэгтэйчүүдийн хувийн жингийн тоо баримтаар манай улс мэдээллээ өгсөн 142 орны 16-ааг ардаа үлдээгээд 126-д алхаж байдаг. Дэлхийн дундаж 19.6%, Азийн дундаж 18.3% байхад манайх үзүүлэлт 3.9% байна. Улсын Их Хурал Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг баталсан. 2015 он гэхэд УИХ дахь эмэгтэй гишүүний төлөөллийг 30 хувьд хүргэнэ гээд заачихсан байгаа. Зорилтын хэрэгжилт бараг 90 хувиар хоцорч байгаа ч тогтоолынхоо хэрэгжилтийг төр засгийн эрхмүүд нэр төрийнхөө асуудал хэмээн хангамаар байна. Тэд 2015 он хүртэлх хугацаанд дараа жил болох ганц сонгууль үлдээд байгааг санах хэрэгтэй.
-Улс төр дэхь эмэгтэйчүүдийн төлөөллийн заавал квот тогтоож байж гаргаж ирэх ёстой гэдэг. Манайхан чаддаг юм бол гараад ир гэдэг. Энэ хандлага зөв үү?
- Чаддаг юм бол гараад ир гэдэг нь бололцоогүй, боломжгүй хүнийг басч байгаа л хэрэг. Бөхийн спортод гэхэд л жингээр нь ангилж барилдуулдаг биз дээ. Түүнээс биш 100 кг жинтэй хүнийг 60 кг жинтэй хүнтэй барилдуулчихаад чаддаг юм бол дав л даа гээд басаад байдаггүй биз дээ. Байдал угтаа тэгш бус болчихсон нөхцөлд хавчигдсан нэгийн тэгш эрх, тэгш боломжийн тухай ярих нь утгагүй, ёс зүйгүй хэрэг гэж үздэг. Харин хэвшмэл нийгмийн сэтгэлгээ, практикийг эвдэлж байдлыг засах зорилгоор “тусгай арга хэмжээ” авахыг олон улсын эрх зүйд заасан байдаг. Яагаад гэвэл хорыг хороор гэх аргыг хэрэглэх бодит шаардлага гардаг. Эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хамгаалах явдал нэг нь юм. Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенци зэрэгт “түр тусгай арга хэмжээ”-ний тухай заасан байдаг. Энэ юү гэж байгаа юм вэ гэвэл тэгш бус нөхцөл байдал арилмагц квот тогтоох мэт энэ тусгай арга хэмжээг зогсоох үүргийг төр хүлээдэг. Магадгүй түүхэн явцад улс төр дэхь эрчүүдийн тоо хэт их цөөрөөд эхлэвэл эрчүүдэд зориулж бас квот гаргаж болно шүү дээ. Төлөөллийн квотыг 30 хувиар тогтоохыг санал болгодог нь ч өөрийн утгатай. Нэгд, энэ бол хүн амын хамгийн том хэсэгт хамаарах зүйл, хоёрт, энэ хэмжээний төлөөлтэй байж л дуу хоолой нь дуулдана. Энэ бүхний утга учир, бий болчихсон гаж нөхцөл байдлыг эцэс болгох үндэслэлийг ард түмэн, сонгогчиддоо сайн тайлбарлаж, ойлгуулж, дэмжлэгийг нь авах нь эн тэргүүнд улс төрчид, улс төрийн намуудын үүрэг хариуцлага, мэдлэг, ухамсар, итгэл үнэмшлийн хэрэг юм. Хүний эрх, шудрага ёсны мэдрэмжтэй, ардчилсан засаглалыг жинхэнэ ёсоор тогтоох чин сэтгэлийн эрмэлзэлтэй л юм бол эмэгтэйчүүдэд суудал хадгалах квотыг хэрэглээд ардчилсан ёсонд харш үзэгдлийг арилгаж чадна. Төрөл бүрээр эсэргүүцээд байх юм бол нийгмээ хөгжүүлнэ гэдэг бол худлаа яриа. Ер нь улс төрийн намын төлөвшөөгүй байдал жендэрийн асуудлыг шийдвэрлэхэд хамгийн том бэрхшээл болж байгааг олон улсын хэмжээнд тэмдэглэх боллоо. Нэмээд хэлэхэд эмэгтэйчүүдийг квот тогтоож хүчээр гаргах нь эрчүүд, сонгогчдын эрхийг боогдуулна гээд гоц оновчтой нотолгоог бусдаас түрүүлээд олчихсон тэгээд ардчилсан ёсыг НҮБ-ын гэрээ хэлэлцээрийг бүтээсэн хууль эрх зүйн гарамгай мэргэжилтнүүдээс илүү хамгаалсан, эмэгтэйчүүдийг мадлаж байгаа мэтээр бардам риад байдаг улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн бий. Гэтэл тэгш эрхийн зарчмыг зөрчсөн тусгай арга хэмжээг манайд ч хэрэглэж ирсэн туршлагатай. Говийн бүсийнхэнд цалингийн нэмэгдэл өгөх нь хангайн хүмүүсийн тэгш эрхийг үл ойшоосон хэрэг юм. Гэвч “говьд хүн болж төрөхөөс хангайд бух болж төр” гэдэг ардын үг тэвчихэд хэцүү харш, тэгш бус байдлыг нотолно биз дээ. Үүнийг бие биендээ элэгтэй монголчууд бид цөмөөрөө ойлгож ирсэн шүү дээ. Эмэгтэйчүүддээ ийм элэгтэй хандаж чадахгүй байгаа нь хачирхалтай. Гомдомоор ... .
-Манай улс төрч эрчүүд эмэгтэйчүүдэд өнгөн дээрээ дэмжидэг мөртлөө цаагуураа бол хааж боосон хууль баталдаг нь нууц биш шүү дээ?
- Хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийг оролцуулахгүй байх улс төрийн сонирхол байна. Авлига, цөөн хэдэн этгээдийн монополь тогточихсон газар зах зээл хөгжиж чаддагүй, хувь хүн, аж ахуйн байгууллагууд шудрага өрсөлдөөнөөр хөгжиж дэвжих аргагүй болдог. Иймээс сүүхийтэй нэг нь улс төр, сонгуульд оролцож, улсын төсөвт ойртож түүнээс чимхэх аргыг олж хардаг. Бодлого боловсруулах чиг үүргээ умартуулсан, эсхүл угаас бодлого боловсруулах чадваргүй улс төрийн намууд нь мөнгө хаях чадвартай энэ хүмүүсийн эрхшээлд ордог. Улс төрийн хүчнүүдийн төлөөл бага, сөрөг хүчин, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн хараа хяналт, нөлөө харахаан сул байгаа нөхцөлд парламентын явцуу хүрээнд хуйвалдах бололцоо нэмэгддэг, асуудлыг үнэ хаялцаж, наймаалцаж шийддэг. Ийм байдал манайд бий болчихсон. Харин оролцогчдын тоо нэмэгдэх тусмаа хуйвалдах боломж хумигддаг. Тэгэхлээр эмэгтэйчүүдийн төлөөллийг бий болгож оролцогчдыг олон болгох сонирхол байхгүй. Дээрээс нь эмэгтэйчүүд угаасаа хуйвалдахдаа муу. Бусад намуудын төлөөллийг ч дээрх шалтгаанаар богдуулж байгаа гэлтэй. Монгол эрэгтэй монгол эмэгтэйгээ уламжлалт ёсоор дорд үздэг учраас сонгогдох эрхийг нь үгүйсгээд байна гэх нь учир дутагталтай санагдана.
-Яагаад заавал эмэгтэйчүүдэд суудал өгөх ёстой гэж. Тэр халамжийн ажлыг чинь эрчүүд ч бас хийчихэж чадна шүү дээ гэж нэг биш гишүүний амнаас сонссон?
-Уучлаарай нийгмийн халамжийг хэн эмэгтэй хүний ажил гээд байгаа юм. Энэ чинь төрийн үүрэг шүү дээ. Халамжийг эрчүүд ч бас авдаг биз дээ. Эсвэл дан эмэгтэй хүн авдаг юм уу. Тэтгэвэр тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэдэн хувь эрчүүд байна вэ? Тэмээ гэхээр ямаа гээд байж болохгүй.
-Сонгуулийн хуулиар 20 хувийн квот өгсөн нь хангалтгүй гэж үү?
-Хангалтгүй. Зүгээр нэг нэр дэвшүүлээд орхих бол ямар ч хэрэггүй. Нэр дэвшүүлэх бол суудал хадгалахаас өөр ойлголт. 2008 оны сонгуульд хамгийн олон тооны эмэгтэй нэр дэвшсэн байдаг юм. Гэтэл гуравхан нь гарч ирсэн. Сонгууль олон тойргоор явагдаж олон нэр дэвшигч өрсөлддөг мажоритар тогцолцоонд улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчээ сургах, сурталчлах, санхүүгээр дэмжих ажлыг хүчтэй хийдэг. Эмэгтэйчүүдийн төлөөллийг заавал нэмэгдүүлэх талаар шийдвэр төгс орнуудад зөвхөн эмэгтэй гишүүн гарч ирэх тойргийг шаардлагатай тоогоор нь тогтоодог. Ингэхдээ сонгогчидтэйгээ их ажилдаг. Манайд тэгдэггүй, тэр байтугай цөөн тооны эмэгтэй нэр дэвшигчийг сөргөлдүүлээд хаячидаг. Пропорциональ буюу хувь тэнцүлсэн тогтолцоонд эмэгтэй нэр дэвшигчийн нэрийг намын жагсаалтанд хэрхэн байрлуусанаас их юм хамаарна. Тухайлбал, өнөө үед “цахилгаан товч” -ны зарчмыг хэрэглэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэрийг жигдхэн салавчилж бичиж байна. Одоо яригдаж байгаа сонгуулийн хуулийн төсөлд нэр дэвшигчийн 20 хувь эмэгтэй байна гэснийг эс тооцвол тэдний гарч ирэх баталгаа бараг үгүй байна. Эмэгтэйчүүдийн төлөөллийн асуудлыг бүр золиосонд гаргаад улс төрийн намын бэхжилт, төлөвшил буюу манай улс төрийн тогтолцооны зангилаа асуудлыг нааштай шийдвэрлэхийг хичээж байна уу гэвэл бас л үгүй гэсэн хариултыг өгнө. Энэ нь пропорциональ ёсоор намын жагсалтанд нэр дэвших 28 хүн, тойргуудаар тарж мажоритар аргаар нэр дэвших 48 хүний тоог харьцуулахад л илэрхий. Улс төрийн намууд боловсруулсан бодлогынхоо үр дүнгээр сонгуульд өрсөлдөхийн оронд сурталчилгааны ажилд мөнгө хаяж өрсөлддөг, мөнгө гаргасан хүнийхээ эрхшээлд ордог. Энэ улс төрч нь тойрогт нэр дэвшиж, тэндэхийн олон зүйлээр гачигдсан хүмүүсийн зарим асуудлыг хямд төсрөөр хангаж өгөх, эсхүүл саналыг шууд бэлэн мөнгөөр худалдаж авах сонирхолтой байдаг, энэ сонирхолыг нь илүү хангадаг мажоритар тогтолцоог таалдаг. Пропорциональ арга нь намаас нэр дэвшигчдийн жагсаалтыг бүрдүүлэх хэцүүхэн ажлыг даван туулахдаа нам ихийг сурч өөрийн дотоод ардчилал, удирдлагын шулуун шудрага, хариуцлагатай байдлыг сайжруулах, сахилга бат, мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилт, улмаар намын төлөвшлийг баталгажуулахаад илүү дөхөмтэй. Намын жагсаалт нь сонгогчдын “хайр”-ыг төдийлөн татахгүй мөртлөө мэдлэг, боловсрол, туршлагаараа сонгогдвол зохих хүнээ гаргаж, хууль тогтоогч бүрэлдэхүүний чанарыг сайжруулах бололцоог намуудад өгдөг. Эмэгтэйчүүд, үндэсний цөөнх зэрэг төлөөллийг нь нэмэгдүүлэх шаардлагатай нийгмийн хэсэг, бүлгүүдийг багтааж сонгогдохыг нь янз бүрийн арга замаар илүү баталгаажуулж чаддаг. Мөнгөтөнгүүд намын жагсаалд нэр нь орох магадлал тун ярвигтайг мэдээд пропорциональ тогтолцоог эсэргүйцдэг. Өөр нэг хэсэг намын гишүүд намын удирдлагадаа итгэдэггүй болохоор нэрсийн жагсаалтыг бүрдүүлэх эрх удирдлагын гарт орчихно гээд эсэргүйцдэг. Улс төрийн санхүү гэж нэрлэдэг нам, сонгуулийн үйл ажиллагааны санхүүжилтийг цэгцэлж байж намыг төлөвшүүлж, ажил хэрэг, оюун санааны манлайлах үүргийг нь дэшлүүлж чадна. Үүнээс наана ямарч олон юм ярьсан, техникийн чанартай асуудлаар сүрхий мэтгэлцсэн ч сонгуулийн тогтолцоог дорвитой өөрчилж чадахгүй.
- Тэгээд одоо яах гээд байгаа юм, монгол ёс заншлаа алдаж Алтан овоонд гарах гээд байгаа юм уу гэх эрчүүд ч тааралддаг?
- Бид Алтан овоонд мацах монгол эмэгтэйн хүний эрх зөрчигдөж байна, эсвэл гэрийн хойморт залрах хүний эрх зөрчигдөж байна гэж асуудлыг огт тавиагүй. Тэр овоонд гарах шаардлага бидэнд байхгүйг мэдэж байна. Эрчүүд гардагаараа гараад л байж байг. Овоонд гарах төрд төлөөлөл байх гэдэг чинь хоёр өөр юм. Сэрж үз. Монголчууд ардчиллын зам илүү юм байна гэдгийг ойлгоод, Үндсэн хуулиараараа тунхаглаад явж байна. Ардчилал бол иргэний, улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын зэрэг үндсэн таван төрлийн хүний эрхийн хэрэгжилтийг ярьдаг. Гэтэл манайд ардчилал жинхэнэ утгаараа хөгжихгүй байна. Хүнийг дууриалгаж хийсэн мануухай, амьд хүний хооронд ялгаа ямар байдагтай адил манай ардчилал, жинхэнэ ардчиллын хооронд том зай байгаа юм. Хэрвээ бид хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэм байгуулах гээд байгаа юм бол жинхэнэ ёсоор хэрэгжүүлье гэж бид яриад байна. Тийм, гадаадынхан манайхыг ардчилсан гэж магтдаг. Гэвч тэд магтахтаа биднийг төр нь тэр чигээрээ авлигад автагдачихсан, ард түмэн нь ядууралд нэрвэгдэчихсэн, үүний улмаас харгис хүчнүүд нь толгой дээр нь гарчихаад гадаад, дотооддоо алан хядах үйлдэл хийж буй улс оронтой л харьцуулж байгаа шүү дээ. Үндэсний бахархалтай монгол хүн бүр аргаа барсан энэ магтаалын цаана байгаа нарийн учир начирыг ойлгох хэрэгтэй гэж боддог. Харин төр, нийгэм судлалынхан манай ардчиллыг тийм ч өндөр үнэлдэггүй. Хүний эрүүл мэндээ хамгаалуулах, боловсрол олох эрх, орон нутгийн өөрөө удирдах эрх зэрэг нь жинхэнэ ёсоор хэрэгжихгүй байгааг үнэлээд Дэлхийн Банк 2006 онд, Их Британий Эссексийн их сургуулийнхан 2005 онд Монгол дох ардчилал гаж, бүрэн бус хэмээн тус бүр дүгнэсэн бий. Үүнд л бид санаа зовж байна. Дөрвөн жилд нэг сонгуулийг тэгс хийгээд сүрхий зөрчил, мөргөлдөөнгүй явуулсан шиг болдог, есөн шидийн юм бичдэг хэвлэл мэдээлэлтэй байхыг жинхэнэ ардчилал гэж үзхээ больж байна, бид ч ардчилалтай байна гэж ойлгох ёсгүй.
-Түүхэн уламжлал талаасаа ярих юм бол Монголчууд эх хүнийг дээдэлсэн их ухаантай ард түмэн байсан нь харагддаг?
-Социалист системийн үед эмэгтэйчүүдийн эрхийг сүрхий баталгаажуулж өгсөн. Эрэгтэй, эмэгтэй иргэн бүр нийгэмд тустай хөдөлмөр эрхлэхийг бодлогоор дэмжиж эмэгтэй хүн хүүхдээ хараад нөхрийнхөө оймсыг олоод сууж байх ёстой гэсэн хэвшсэн ойлголтыг хүчээр өөрчилж өгсөн юм. Эмэгтэй хүний эрх ашгийг хууль тогтоомжоор хамгаалж ирсэн. Харин бие давхар эмэгтэй шөнө ажиллах, хүнд хүчир ажил хийхиг хориглодог мөн жирэмсний өмнөх, дараах цалинтай амралт өгдөг гэхчилэн эмэгтэй хүний эрх ашгийг хуулиар хамгаалж өгөхдөө гол төлөв эхийн чиг үүргийн талаас хандсан байдаг юм. Гэхдээ бодит амьдралд зөрчил гарч л байсан. Эр ч эм ч гэлгүй аливаа иргэн гэртээ ажилгүй суухыг жигшдэг байлаа. Иймээс хүүхдээ гэртээ хараад сууж байгаа эмэгтэйчүүдийг ч “нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлсхийж байна” хэмээн үзэх үзэл бодитой оршиж хүүмүүсийг айхад хүргэж байсан. Улс төрийн оролцоо гэвэл социализмын үед АИХ-ын 430 гишүүний 23-25 хувь нь эмэгтэйчүүд байлаа. Үүнийг нийгмийн сэтгэлгээг өөрчлөх, нийгмээ хөгжлийн арай өндөр түвшинд гаргах шийдвэр төгс бодлого, үйл ажиллагаагаар хийдэг байв. Ямар ч бай, социализмын үед эмэгтэйчүүдийг нийгэм, улс төрийн харилцаанд татан оролцуулах, адил ажил хийснийх нь төлөө адил цалин олгох зэрэг тэгш эрхийн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлж тэдний нийгмийн байдлыг орвонгоор нь өөрчилж сайжруулсан. Энэ асар их том хүчин зүтгэлийг өрнөд, дорныхон сайшаан хүлээн зөвшөөрдөг. Одоо эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийн үзүүлэлт ямар байгаа билээ дээ. Сургууль боловсролоороо огт гологдохгүй эмэгтэйчүүдийн маань ажил хийгээд олж байгаа орлого эрэгтэйчүүдийнхээс хоцрох хандлага гараад ирсэн байгаа. Ойрын түүхээ эргээд харахад дажгүй байсан байна. Холын түүхээ харсан ч монголчууд эх эмэгтэй хүнийг маш их дээдэлдэг үзэлтэй байсан. Эх хүнийг дээдэлдэггүй ард түмэн энэ хорвоод үгүй болохоор үүнийг зөвхөн манай онцлог гэж хэлэхэд хэцүү. Харин эрт дээр үеэс саяхан хүртэл зочин гийчин, эрдэмтэн судлаачид нэгэн дуугаар гайхан тэмдэглэж ирсэн зүйл бол дээр дурдсан монгол эмэгтэйн өрхийн аж ахуйд гүйцэтгэж буй чиг үүрэг, эрх мэдэл нь юм. Төр, нийгэм, хамт олон гэдгээс зайдуу аж төрдөг гэр бүлийн эрэгтэй, эмэгтэй хоёрын харилцаа эн түрүүнд түншийн, нөхөрлөлийн харилцаа байсан нь манай үндэсний онцлог. Ингэхгүй бол айл өрх оршин тогтнох нөхцөлгүй байсан. Бид соёл уламжлалаа мартаж, шинэ түүхэндээ хүрсэн түвшингээс ухраад байна шүү дээ. Ардчилсан нийгэм байгуулж байна гэж яриад байгаа манай засаг төр, улс төрийн харилцааны чанарыг тодорхойлдог улс төрийн намууд, улс төрчид нийгмийн хөгжил болон үндэсний бахархалыг хангах нэгэн том хүчин зүйлийг үгүйсгэж байна гэхээс өөр аргагүй.
-Жендерийн тухай хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд юун дээр нь анхаарах ёстой бол?
- Эхлээд уншигчдад сонирхолтой байж магадгүй ерөнхий зүйлийг товчхон хэлье. Дэлхий нийтэд жендерийн тухай хуулийн 3 хэлбэр байна. Социалист гэж нэрлэгдэж байсан орнууд эхийн эрхийг эрхэмлэн хамгаалсан хуультай байсан. Өнөөдөр Хятад, Вьетнам зэрэг орнуудад энэ шинж чанарыг хэвээр хадгалсан байгаа. Нөгөөх нь тэгш боломжийг тунхагласан буюу хүнийг хүйсийн шинж чанараар нь нэн ялангуяа эдийн засгийн харилцаа, ажил эрхлэлтэд алагчилахыг хатуу хориглосон хууль тогтоомж юм. Энэ нь хөгжингүй орнуудад зонхилдог. Гуравдахь нь дээрх хоёрыг хослуулсан хэлбэр. Социалист тогтолцооноос шилжиж буй, бас хөгжиж буй олон орнуудын нэгэн адил манай улс холимог хуультай. Нэгэнт батласан хуулиа хэрэгжүүлэхийн тулд ихээхэн юм хийх хэрэгтэй. Нэгд, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих бүтэц, санхүү хэрэгтэй. Жендерийн асуудал манай засгийн газрын нэг ч гишүүний эрхэлсэн асуудалд ороогүй байсан. Хуулиар ерөнхий сайдын мэдэлд очсон. Гэтэл түүний даргалсан Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хороо нь орон тооны бус бүтэц. Олон улсын жишиг гэвэл энэ асуудлыг бодлогын зохицуулалт хийх эрх мэдэлтэй, хүний болон санхүүгийн хангалттай хөрөнгө нөөцтэй байгууллагад өгдөг эсвэл тийм бүтцийг шинээр байгуулдаг. 2010 онд болсон жендэрийн эрх тэгш байдлын асуудлаарх үндэсний чуулганы үед дээрх бүтцийг бий болгох арга хэмжээ авахыгаа ерөнхий сайд мэдэгдсэн. Амжаагүй л байна. Хуулийн хэрэгжилт, улмаар төрийн бодлогын үр дүн асуудалтай байна. Хуулийн хэрэгжилтэд маш чухал үүргийг Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр гүйцэтгэх ёстой. Гэтэл түүний хэрэгжилтийг өнөө хүртэл эрх мэдэл, хүн хүчээр дутмаг Үндэсний хороо хариуцдаг, багахан хэмжээний санхүүжилтийг нь Нийгмийн халамж, хөдөлмөрийн яамаар дамжуулан гаргах жишээтэй. Ажил явуулахад хэцүү энэ байдлыг арилгах хэрэгтэй. Хоёрт, хуулиа хэрэглэх шинэ мэдлэг, чадавхи хэрэгтэй. Хуулийг шүүх, шүүгчид хэрэглэдэг. Юү гээд байгааг Австралид нэгэн хэргийг шийдсэний жишээн дээр ярьяа. Рестораны тогооч эмэгтэй бие давхар болоход эзэн нь “хайрлаж хамгаалах” үүднээс хөнгөн ажилд шилжүүлж л дээ. Гэтэл тэр эмэгтэй цалин өндөртэй гал тогоондоо ажиллахаар шүүхдэж. Шүүгч нөгөө эмэгтэйг хуучин ажилд нь томилох шийдвэр гаргасан байгаа юм. Яагаад гэвэл тэр ажлаа өөрчлөхийг өөрөө хүсээгүй, ажлаа муу хийгээгүй учраас эзний үйлдэл үндэслэлгүй. Тэгээд эрэгтэй ажилчид осолдож бэртэж болдог юм шиг хүйсээр алагчилан үзэх хандлагаасаа сал гэсэн байгаа юм. Эцэст нь рестораны эзэнд гал тогоогоо бүх ажилтны аюулгүй байдлыг хангахаар тохижуулан сайжруулахыг үүрэг болгосон байдаг. Шүүх, шүүгчид маань мэдлэг, хандлага, бараг л ертөнцийг үзэх үзлээ ихээхэн өөрчлөх хэрэгтэй байгаа биз? Гуравт, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад гурван талт хэлэлцээрийн арга механизмыг төрийн бодлогоор ашиглаж эхлэх хэрэгтэй байна. Энэ тогтолцоо нь төр, ажил олгогч, үйлдвэрчний байгууллага гурав хамтдаа цалин хөльс, ажлын байрны аюлгүй байдал зэрэг ажилчдын хөдөлмөрийн нөхцлийн талаар ярьж зөвшилцөх үүрэгтэй. Олон улсын туршлагыг харахад үүнийг аж ахуйн нэгж, байгууллагуудаар ясли, цэцэрлэг, нийгмийн үйлчилгээний бусад хэлбэрийг дэргэдээ бий болгоход ахиухан хөрөнгө гаргуулах зорилгоор ашиглаж эхэлсэн. Ингэх нь эмэгтэй хүний гэрийн ажлын ачааллыг хөнгөвчлөх, эрэгтэй хүн хүүхдээ асран хүмүүжүүлэхэд илүү оролцох бололцоо өгдөг байна. Хувийн хэвшил ч гэр бүлийг хамгаалан бэхжүүлэх ажлыг дэмжиж нийгмийн хариуцлага гаргадаг байна. Монгол гэр бүлийг хамгаалах тухай уриа олон жил янз бүрийн түвшинд сонсогдож байгаа. Гэр бүлд бэлэн мөнгө өгөх хэвшсэн арга хэлбэр олон бий. Сүүлийн үед нийгмийн хэрэгцээг хангахад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай ярьж эхэлсэн. Энэ бүхэнд гурван талт хэлэлцээр мэт албан ёсны хүчирхэг институцуудыг ашиглах ёстой. Үйлдвэрчин мэдлэгтэй, нөлөөтэй байх хэрэгтэй, нийгмийн ухамсар гаргаж буй аж ахуйтануудыг татварын бодлого зэргээр дэмжих хэрэгтэй. Гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны асуудалтай шууд холбоотой. Өнгөрсөн жил Их Британид парламентын 200-аад гишүүнийг хамарсан судалгаа хийсэн байна. Судалгаа нь эрэгтэй, эмэгтэй хууль тогтоогчдын ажлын чанар, үр дүнд ялгаа байхгүйг харуулсан. Харин эмэгтэйчүүд нилээд тохиолдолд нэр дэвшихээс татгалзадгийн гол шаалтгаан нь ар гэрийн ажлын ачаалал байна гэжээ. Гэр бүлд чиглэсэн үйлчилгээ, туслалцаа маш дутмаг манай орны хувьд энэ нь бас үнэн байж л тараа. Дөрөвт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлыг засаг төр манлайлдаг, үүнийг бүр зарчим гэж үздэг. Хэвийн хэвшил, бусад талуудаас шаардахын өмнө өөрөө үлгэр дууриал болох учиртай. Иймээс төрийн албанд тэгш байдлыг нэвтрүүлэх, төрийн албаныхныг сургаж дадалжуулах шаардлагатай. Холбогдох хууль тогтоомж, хүний нөцийн бодлого, хамгийн гол нь практик үйл ажиллагаандаа албан хаагчийг сонгон шалгаруулах, албан тушаал дэвших, ажилчдаа сургах, аттестатчлах, тэдний үйл ажиллагааг дүгнэж үнэлэх журам зэрэгт жендэртэй холбоотой бүх зарчим, шаардлагыг тусгах, хэрэгжүүлэх, эс хэрэгжүүлвэл хариуцлага тооцох хэрэгтэй байна. Байгууллагын ажлыг зохион байгуулдаг хэвшмэл, дасал болчихсон аргуудаа өөр нүүдээр харж өөрчилж чадах хэрэгтэй байна. Энгийн жишээг бас Австралиас олж харж болно. Өглөө 8 цагт шуурхайгаа хийдэг албан байгууллагын хүүхнүүд тэр хуралдаа голдуу хоцордог байж. Тэд өглөөний шуурхайн цаг нь хүүхдээ цэцэрлэг сургуульд хүргэж өгөх цагтай давхцаж байна, ажил хэрэгт маань чухал арга хэмжээнд оролцох бидний эрх хохирч байна гээд асуудлыг удирдлагдаа тавьсан. Удирдлага нь тухайн журам жендэрийн мэдрэмжгүйг хүлээн зөвшөөрч өөрчилсөн түүхтэй. Жендэрийн мэдрэмж гэдэг нь байгууллагын хурлын цагийг товлохоос эхлээд л сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худгийг байршуулах, орлогын албан татвар ногдуулах зэрэг бүх түвшний төлөвлөгөө, үйл ажиллагаа нь эрэгтэй, эмэгтэй хүний эрх ашигт хэрхэн нөлөөлөх, нэг хүйсийн хүнийг эсрэг хүйсийн хүнээс илүү хохируулах магадлалыг урьдчилан тооцоолох, түүнээс сэргийлэхийг хэлнэ. Бодлогын хэрэгжилтийг хянахдаа алдаа гарч буйг олж хараад засах арга хэмжээг авахыг хэлнэ. Тавд, хуулиа хэрэгжүүлэхэд эгэл жирийн иргэд бидний ухамсар маш чухал. Дээр засаг төр өөрөөсөө эхлэх зарчмыг ярьсан. Тийм боловч засаг төрийн хариуцлагатай байдал иргэн хүний ухамсартай байдлаас шууд хамаарна. Авгай, нөхөр хоёр хоорондоо хэрхэн харилцах, эрэгтэй, эмэгтэй хүүхэддээ ажил үргийнхэн талаар юу зааж өгөөхөөс их юм хамаарна. Эрэгтэй хүүхэд ичгүүртэй, даруухан байх ёсгүй юм шиг зөвхөн эмэгтэй хүүхэддээ ноомой байхыг загаад л байвал охин нь маш их өртөмтгий хүн болно. Эрэгтэй хүн хойморт залрана, хогоо гаргах ёсгүй гээд л байвал хүү нь гэр бүлийн аз жаргалыг үзэж чадахгүйд хүрч магадгүй. Монгол эцэг эхчүүд охиноо боловсролтой болгохыг чухалчилдагийг гадныхан их таашаадаг. Гэхдээ яагаад хүүгээ гадуурхаж илүү боловсролтой эмэгтэйчүүдэд гологдоход хүргэдэг байнаа гэж гайхдаг. Өөр тутмын амьдралдаа хэж, хийж буйдаа их юмыг олж харж, тунгаан бодож, засаж залруулах хэрэгтэй байна. Бид өөрсдөө жендэрийн талаар мэдлэгтэй, мэдрэмжтэй, гярхай болж чадвал засаг төрийнхөн, улс төрчид юү яриад, хийгээд байгааг цэгнэн дүгнэж чадна.
- Тухайлбал?
-- Тухайлбал, би эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцохын төлөө байдаг гэсэн мөртлөө сонгуулийн хуучин мажоритар тогтолцооны төлөө гараа өргөөд байгаа эрхэм гишүүн, ямар нэгэн зүтгэлтэн нь эсвэл төрийн байгуулал, нийгмийн хөгжлийн талаарх мэдлэгээр туйлын хомс эсвэл худал ярьж байгааг ойлгоно. Эмэгтэйчүүдийн төлөөллийн эсрэг байгаа бол хоёр том намаас бусад улс төрийн хүчин, нийгмийн бүлгийн төлөөллийн ч эсрэг байгаа хэрэг. Яагаад гэвэл мажоритар арга хэлбэр нь томхон намд л сайн үйлчилдэг. Өнөөдөр дэлхийд төгс төгөлдөр сонгуулийн тогтолцоо алга байна. Гэхдээ төлөөлөл муутай эмэгтэйчүүд, нийгэм дэх бусад хүчнүүдийн сонгогдох, төлөөлтэй байх эрх, ардчилсан төрийн хууль тогтоох байгууллагын төлөөлөн удирдах чадварыг сонгуулийн пропорциональ тогтолцоо нь илүү хангадгийг олон орны туршлага харуулчихсан байгаа. Ихэнх оронд сонгуулийн тогтолцоо нь түүхэн нугчаа, тэр өдрийн тэнгрийн эрхээр бий болсон байдаг. Харин пропорциональ тогтолцоог мэдлэгт суурилсан, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон арга хэлбэр гэж үзэж байна. Тиймээс ч нэг биш зуун жил сонгуулиа мажоритар аргаар явуулж ирсэн Канад, Шинэ Зеланди зэрэг орнууд пропорциональ системд шилжиж эхлэв. Сонгууль явуулсан 300 жилийн туршлагтай, ёс заншлаасаа салах их дургуй Их Британид ч сонгогдсон этгэдүүдэд ногдох суудлын тоог авсан саналынх нь хувьтай дүйцүүлж тодорхойлдог энэ аргыг нэвтрүүлэх тухай ярьж эхэлсэн. Манайд тойргийн хэмжээнд мөнгө хаяад гарчих хувь хүн, улс төрийн том намд илүү үйлчилсэн, бусдын оролцоог бэрхшээлтэй болгодог хуучин хэлбэрлүүгээ л хазаах хандлагатай байна. Үүнийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Тэгвэл мэдлэгт суурилсан сонголтоо хийж чадна.
- Яриагаа яаж дуусгамаар байна вэ?
- Нэгд, хоёр хүйсийн харилцаа бол суурь харилцаа мөн. Бүх хүүхэд, залуучууд эрэгтэй, эмэгтэй болохоос бүх эрэгтэй, эмэгтэйчүүд хүүхэд, залуучууд биш. Бүх төрийн албан хаагчид эрэгтэй, эмэгтэйчүүд. Бүх эрэгтэй, эмэгтэйчүүд төрийн албан хаагчид биш. Бүх бизнесийнхэн эрэгтэй, эмэгтэй. Бүх эрэгтэй, эмэгтэйчүүд бизнесийхэн биш. Хүйс бол хувиршгүй \?\ өгөгдөхүүн. Иймээс бид жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх ашгийн тухай ярихдаа хүн ам, нийгмийн бүх бүлэг, давхаргын ашиг сонирхол, аж байдалд чухал асуудлыг тавьж байгааг манай иргэд, олон нийт ойлгоорой гэж хэлмээр байна. Хэн яаж ярьж байгааг анхаарахаас илүү юу хэлэх гээд байгааг маань чухалчлаарай. Хоёрт, хүйс чухал боловч хүн аливаа ажил үүргийг зохих ёсоор хийхийг мэдлэг, ур чадвар нь тодорхойлох болохоос хүйс нь тодорхойлохгүй. Үүнийг ойлгоод авбал бидний хандлагад жинхэнэ өөрчлөлт гарна, гуравдах мэлмий нь нээгдсэн, арга билгийг хослуулсан ард түмэн болно.
Гуравт, монгол эрэгтэйн цээжинд эмээлтэй, хазаартай морь багтдаг бол монгол эмэгтэй цээжинд монгол эрэгтэй эмээлтэй, хазаартай морьтойгоо багтдаг юм шүү.