ОХУ-ын эдийн засаг өсч ирэх жил ДНБ нь 4.1 хувиар өснө гэсэн тооцоог дэлхийн эдийн засагчид гаргаад байна. Гэсэн ч дотоод зах зээлд хөрөнгө оруулалт хангалтгүй, дэд бүтэц муу байгаа, бизнесийн орчин таагүй, удирдах албан тушаалтнуудын дунд авлига хээл хахууль их байгаа нь эдийн засгийн өсөлтийн тушаа болж байгаа аж. Газрын тос байгалийн хийн худалдаанаас олж байгаа хөрөнгийг зөв зүйтэй, ялангуяа дэд бүтэц, өндөр технологитой бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах хэрэгтэй гэж эдийн засагчид үзэж байна. ОХУ хэдийгээр Их-8 улсын тоонд ордог боловч нэг хүнд ноогдох Дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр дэлхийд 57, авлигын индексээр дэлхийд 154-т яваа нь тун хангалтгүй үзүүлэлт юм байна. Газрын тос, байгалийн хийн нөөц ихтэй орны хувьд эдийн засгийн өсөлт нь дөнгөж 4 хувь байгаа нь мөн хангалтгүй тоо юм байна. Учир нь бусад газрын тосны бизнес хийдэг улсуудын эдийн засгийн өсөлт дунджаар 6-7 хувьтай байдаг байна. Тэгэхээр Оросын эдийн засгийн үзүүлэлт 4 хувиас илүү байх бололцоотой юм байна. Харин Хятадын хувьд дэлхийн эдийн засгийн хямралаас болж эдийн засаг нь бага зэрэг удааширсан. Гэхдээ дэлхийн 2 дахь том, мөн хамгийн хурдтай өсч байгаа эдийн засаг хэвээрээ байгаа. Гадаад валютын нөөцөөрөө дэлхийд хамгийн их буюу 3 триллион долларт хүрээд байгаа. Хятадын үндэсний хэмжээний Брэндүүдийн хөрөнгийн хэмжээ аль хэдий нь Барууны орнуудын томоохон компаниудаас их болсон байна. Чайна Мобайл, ICBC, Байду, Хятадын барилгын банк, Синопек зэрэг компаниуд эргэлтийн хөрөнгийн хэмжээгээрээ барууны компаниудаас хол даваад байна. Гэхдээ эдгээр брэндүүдийн цөөн хэд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна. Хятадын брэндүүдийн хөрөнгийн хэмжээ энэ жил 16 хувиар өсч 325 тэрбум долларт хүрсэн байна. Ялангуяа утас, болон харилцаа холбооны компаниуд хамгийн ашигтай ажиллаж байна. Барууны улсууд эдийн засгийн хямралаас гарах арга чарга хайж байх хооронд Хятадын компаниуд Африк тивийн улсуудад чимээгүй хөрөнгө оруулалт хийсээр байна.
Shuum.mn
Shuum.mn