logo
Ахмад буурлуудын ахуй амьдрал аливаа улсын нүүр царай

Ахмад буурлуудын ахуй амьдрал аливаа улсын нүүр царай

2011/12/20
МАН-ын ахмадын холбооны санал санаачилгаар НХХЯ, ЭМЯ-наас хамтран зохион байгуулж байгаа “Ахмад настны асуудлаарх зөвлөлдөх уулзалт” Төрийн ордонд болж байна. Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, төр, засгийн удирдлагууд, орон нутгийн төлөөлөл, холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд, НҮБ-ын Хүн амын сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчид, Монголын ахмадын холбоо, Чөлөөт ахмадын холбоо, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын 150 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Уулзалтыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл үг хэллээ. Тэрбээр үгийнхээ эхэнд ажил амьдрал, мэргэжил мэдлэгийн гүн их уурхайг өвлөн, үе үеийнхнийг үлгэрлэн яваа нийт ахмадууддаа эрүүл энх, аз жаргалын өлзийтэй ерөөлийг дэвшүүлэв. Аливаа улс орны нүүр царайг ахмад буурал, өтгөс дээдсийнх нь ахуй амьдралаар танин мэддэг гэдэг. Энэхүү холч мэргэн сургаал монгол хүн бүрийг эзэмдэж, төрийн бодлогын баримжаа болох учиртай гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлоод, ахмад үе, тэдний ажил үйлс, ахуй амьдрал, эрүүл мэнд Монгол Улсын төр, засгийн анхаарлын төвд ямагт байж ирснийг цохон тэмдэглэлээ. Мөн “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”-тай цөөн орны нэг бөгөөд энэхүү хуулийг цаг үе, нийгмийн хэрэгцээ, нөхцөл байдлыг харгалзан байнга өөрчлөн сайжруулсаар байгаа. Төрөөс ахмад настныг баталгаатай орлоготой байлгах, эрүүл мэнд, нийгмийн шаардлагатай үйлчилгээг хүртээх, нийгэм олон нийт, гэр бүлийнхээ дунд тэдний эрх тэгш амьдрах бололцоог хангахад онцгой анхаарч ирлээ. Улсын Их Хурлаас ахмадуудын талаархи эрх зүйн орчныг зохицуулсан хуулиудыг батлан гаргаж, жил бүрийн төсөвт ахмад настанд олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тусгаж байна. Зөвхөн 2012 оны төсөвт ахмадуудын тэтгэврийг 53 хувиар нэмэх боломжтой байхаар эх үүсвэрийг баталлаа. Энэхүү нэмэлтийн хүрээнд тэтгэврийн доод хэмжээг илүүтэй нэмэгдүүлэх юм гэдгийг хэлж, манай ахмадууд бол зөвхөн хайр халамж хараад суудаг хүн амын хэсэг огт биш. Тэд нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг, санал бодол нь түмэнд жинтэй хүрч байдаг, тохиолдох бэрхшээлийг даван туулахад тусалж, үүрэгт ажлаа хийж чаддаг, айл өрх, ахан дүүсийн ноён нуруу, гэр бүлийн хүндтэй гишүүд юм. Та бүхний нийгэмд гүйцэтгэсэн болон гүйцэтгэж буй үүрэг үнэлж баршгүй их. Та нарынхаа санал бодлыг бид сонсож байх үүрэгтэй гэлээ.
Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ, Ахмад настны аж амьдралыг дээшлүүлэх, тэдэнд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулах, ахмадуудаа эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх бодлого Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байнга байдаг билээ. Ахмад буурлууд Та бүхэн маань улс эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлт, хойч үеийнхний сайн сайхан амьдралын төлөө амь бие хайргүй зүтгэж, хөдөлмөрлөж ирсэн гавьяатай, төр, засгийнхаа хайр ивээлийг эдлэх бүрэн эрхтэй билээ. Тийм ч учраас ахмад настнуудын асуудал үе үеийн Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд манай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүр ч онцгой байр суурь эзэлж байгаа юм. Тухайлбал, нийгмийн халамж, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүн амын насжилтийн стратегийг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг өнөөгийн болон ирээдүйн ахмадуудын нийгмийн баталгааг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах арга хэмжээг авч эхэлсэндээ баяртай байна гэлээ.
Зөвлөлдөх уулзалтын үдээс өмнөх хуралдаанаар “Ахмад настны нийгмийн хамгааллын талаар төрөөс баримталж байгаа бодлого, үр дүн, цаашдын зорилт” сэдвээр НХХ-ийн сайд Т.Ганди, “Ахмад настны эрүүл мэндийн талаар төрөөс баримталж буй бодлого, цаашдын зорилт” сэдвээр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, “Хүн амын насжилт ба энэ талаарх НҮБ-ын Хүн амын сангийн бодлого, бусад орнуудын туршлага” сэдвээр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел Пиччин, “Ахмад настны талаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдвээр Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ж.Цэндсүрэн нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэн асуулт, хариулт өрнүүллээ.
Тус зөвлөлдөх уулзалтаар ахмад настны орлогын баталгааг дээшлүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настанд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулах, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар Зөвлөмж гаргах юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш