logo
Сэтгэл өөдрөг явъя

Сэтгэл өөдрөг явъя

2011/12/21

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн холбооноос 1992 онд гаргасан шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 10-нд Олон улсын сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэдэг. Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн энэ сэдэв олны анхаарлыг татаж эхэлдэг байна. Статистикийн мэдээнээс үзвэл, хүйтэн сэрүүнээс үүдэлтэй сэтгэл санааны хямралд манай гарагийн хүн амын тавны нэг нь өртдөг ажээ.

Эрсдэлийн бүлэг

Мэдээжийн хэрэг, зөвхөн хүйтэн сэрүүн цаг агаар сэтгэл санааг тогтворгүй болгохгүй. Сэтгэл гутралын эрдсдэл бий болдог талаас нь авч үзвэл 44 нас хүний хамгийн аюултай нас гэж Америк, Британийн эрдэмтэд дүгнэжээ. Чухам энэ насанд хүйс, гэр бүлийн байдал эсвэл хэр орлого олдгоос үл хамааран сэтгэл гутралд хамгийн их ордог болохыг эрдэмтдийн явуулсан судалгаа харуулсан байна.

Үүний сацуу эрсдэлийн бүлэгт нэлээд хэдэн мэргэжил ордог аж. Тухайлбал, хүүхэд асрагч болон өвчтөн асрагч, тогооч, зөөгч, нийгмийн болон эрүүл мэндийн ажилтнууд сэтгэл гутралд бусдаас илүүтэй ордогийг АНУ-ын Нарколог болон сэтгэцийн албаны ажилтнууд тогтоосон байна. Харин архитекторч, инженер, эрдэмтэд сэтгэл гутралд хамгийн бага өртдөг ажээ.

Тэрчлэн ядуурал, ажилгүйдэл, маргаашдаа итгэх итгэлгүй байх, архидан согтуурах, гэр бүлийн маргаан, гэр бүл салалт, ганцаардал, интернэт сүлжээний дарамт, сэтгэл сэрдхийлгэсэн мэдээлэл нь хүний сэтгэл санаагаар унагадаг байна.

Ерөнхийдөө орчин үеийн электрон болон бусад техникийн эрчимтэй хөгжил, тэрчлэн мэдээллийн тоо хэт олширч байгаа нь сэтгэл гутралыг ирээдүйн хамгийн түгээмэл өвчнүүдийн нэг болгоно гэж сэтгэл судлаачдын дийлэнх нь үзэж байгаа ажээ.

Урьдчилан сэргийлэх нь хамгийн шилдэг эм

Сэтгэл бага зэрэг түгшихээс эхлээд юу ч хийж чадахгүй байдалд орох хүртэл янз бүрийн байдлаар сэтгэл гутрал илэрдэг. Хүнд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Эрүүл аж төрөх хэв маягийг хэвшүүлж, спортоор байнга хичээллэх нь хамгийн энгийн урьдчилан сэргийлэх арга болно. Үдэш орой ядаж 15 минут салхинд гарч, өглөө бүр хөнгөн дасгал хийж, шүршүүрт орох нь тустай.

Амьдралын амаргүй үед сайн унтаж амарч байх нь юу юунаас илүү чухал. Угаас нойр алдсанаас хүний биеийн тэнцвэрт байдал алдагддаг. Орчин үеийн дундаж насны хүн хоногт найман цаг, өндөр настнууд зургаан цаг унтахад хангалттай. Өсвөр болон бага насныхан хоногт 10 цаг унтаж амарч байх ёстой. Зарим сэтгэл судлаач эмэгтэйчүүдийг илүү олон цаг унтахыг зөвлөдөг. Яагаад гэвэл эрчүүдээс илүү эмэгтэйчүүд сэтгэл гутралд их өртдөг ажээ.

Үүний сацуу хоололтондоо анхаарах хэрэгтэй. Сэтгэл санааны хямралд орсон хүн бага илчлэгтэй хоол идэж байж болохгүй. Сэтгэл санааг сэргээдэг бүтээгдэхүүн ч байдаг. Жишээ нь, шоколад, самар, гадил, цагаан гаа.

Сэтгэл гутралын үед өтгөн кофе болон цай сэтгэл сэргээх бол, согтууруулах ундааг сэтгэл сэргээх хэрэгсэл болгон хэрэглэвэл сэргээх бус, бүр унагаж болзошгүй юм.

Сэтгэл судлаачдын таван зөвлөгөө

Сэтгэл гутралаас гарахад туслах нэлээд хэдэн арга байдаг ажээ. Хүнд хэцүү байдлаас хэрхэн гарч байснаа сана. Хүн амьдралдаа бишгүй олон хүнд үетэй тулгарч, тэр болгоныг давснаар нэлээд туршлагатай болдог. Тэр туршлагаа хүнд мөчүүдэд эргэн санаж байхыг сэтгэл судлаачид зөвлөжээ.

Өөрөөс тань хүнд байдалд орсон хүнд тусал. Та энэ хорвоог орхимоор болтлоо таагүй байдалд орсон байсан ч өөрөөс тань хүнд байдалд орсон хүн хажууд тань байхыг үгүйсгэх аргагүй. Тийм хүний гуниг зовлонг гэрэл гэгээтэй өөдрөг голдрил руу эргүүлж чадахаа санаж байх хэрэгтэй.

Тулгарсан асуудлаа хэн нэгэнд ярь. Хүнд байдалд орсон үедээ санаа бодлоо хуваалцах хэн нэгнийг ол, эсвэл зөвлөгөө өгөх утсанд ч хандаж болно.

Өөрийгөө бүү дорд үз. Өөрийгөө голох нь сэтгэл санааны гүн хямралд орох хамгийн түгээмэл шалтгаануудын нэг ажээ. Өөртөө хэт өндөр шаардлага тавихгүй, азгүйтсэн тохиолдолд сэтгэл санаагаар унахгүй байхыг сэтгэл судлаачид зөвлөж байна. Харин хувийн бага ч гэсэн амжилтдаа урамшиж, өөртөө шинэ эд зүйл эсвэл киноны тасалбарт ч болтугай худалдан авч байх хэрэгтэй ажээ.

Зөвхөн сайн сайхан зүйлийг л анзаарч харж бай. Хүн хүсч байгаа зүйл л олж хардаг. Муу муухайг эрж хайж байгаа хүн түүнийгээ заавал олдог, гэхдээ сайн сайхныг анзааралгүй өнгөрүүлдэг.

Гутралд орох нь тийм ч хортой биш. Сэтгэл гутралтай тэмцэж байхдаа хүсмээргүй үр дүнд хүргэдэг гутрал л хортой гэдгийг санах хэрэгтэй. Гутрал заавал сөрөг үр дагавартай байх албагүй. Хүний бие махбодь болон сэтгэл санаа байнга шинэ юм нэхэж байдаг нь хэвийн үзэгдэл. Гутрал нь хүчээ хуримтлуулах боломжийг хүнд өгч, их амжилт гаргах хөшүүрэг ч болдог ажээ.

З.Амгалан
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш