logo
12 дугаар сарын 29-ний өдөр амрах уу?

12 дугаар сарын 29-ний өдөр амрах уу?

2011/12/23
12 дугаар сарын 29-ний өдрийг амралтын өдөр болгохыг гишүүд өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. Нийтээр тэмдэглэх баяр ёслол, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцуулга хийсний дараа УИХ-ын гишүүн Н.Ганбямба, асуудалд анхааралтай хандаж, тэрхүү баярт өдрийг тэмдэглэх өдөр судар дээр нь тодорхой судалгаа, шинжилгээтэй хандах нь зүйтэй юм гэсэн. Харин хууль санаачлагч гишүүн Н.Батбаяр, түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил болно гэдгийг хэлж, манжийн дарлалаас чөлөөлөгдсөн манай ард түмэн тусгаар тогтнолоо баяр болгон тэмдэглэж яагаад болохгүй гэж гэх зэргээр тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг уг хуулийн төслийг дэмжихэд болохгүй гэх газаргүй гэдгийг хэлж, хуулийн төсөлд оруулж ирж буй гол ялгаа, нэмэлтийг нь тодруулсан. Н.Батбаяр гишүүн, энэ жил олон түүхт ойг тэмдэглэж байгааг дурдаад, тэдгээр баяруудын дотроос хамгийн чухалд нь энэхүү 100 жилийн ой тооцогдоно гэдгийг тайлбарласан юм. Тэрээр 1911 онд юу болсныг санахаа байтлаа бид түүхээ мартсан байна. Бид сармагчин биш хүн гэдгээ нотлохын тулд энэхүү эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэх хэрэгтэй гээд холбогдох түүхэн баримт бичгийг авчирснаа уншиж сонсголоо.
Энэ үеэр гишүүд нэлээд маргалдах талтай болсон ч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, уг баярыг тэмдэглэсээр л ирсэн, олон нийт мэдэж байгаа байх. Харин тэр яриад байгаа цол олгох эсэх, амралтын өдөр байх уу гэдгээ л энд ярилцъя гэсэн юм. Түүнчлэн Хууль зүйн сайд Ц.Нямдорж үг хэлж, 1911 оны үйл явдалтай холбоо бүхий түүхийг товч хэлж, Н.Батбаяр гишүүнийг бусад руугаа хамаагүй дайрч болохгүй гэдгийг мөн хэлж байв. Тэрээр бөхийн цолыг өгөх асуудлыг энэ удаа болих нь зөв байхаа, бөх барилдана л биз. Жилд ганц өгдөг цолыг хоёр болгож өгөхгүй байхын учир шалтгааны талаар манай урдаа барьдаг их аваргууд ярилцлага өгсөн байна билээ. Харин тэр амралтын өдрийг бас яриад л шийдье. Ер нь ингээд бие биенээ маргалдах нэрээр янз бүрээр дайрч давшлахаа болих нь зөв байхаа гэсэн юм.
УИХ-ын гишүүн Р.Раш мөн саналаа хэлж, сайхан тэмдэглэе, амралтын өдөр байх нь зүйтэй, харин цол өгөх нь хэр зохистой юм бол гэх зэргээр ярилаа.
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, энэ талаар хангалттай ярилаа, нэг тал руугаа туйлшрахаа болих хэрэгтэй, амралтын өдөр, баяр цэнгээн бидэнд олдсон уу гэхээс багадаагүй гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Загджав хуулийн төслийг дэмжиж буйгаа хэлээд, бусад зүйлд нэлээд шүүмжлэлтэй хандсан. Тэрээр, бүх асуудлаа ингэж бөөгнүүлээд оны эцэс рүү хамаг асуудлаа оруулж ирдэг зэрэг дутагдлаасаа салах хэрэгтэй УИХ-ын гишүүд бид, гэсэн утгатай үг хэлсэн.
УИХ-ын гишүүн З.Энхболд 100 жилийн ойгоо тэмдэглэх, тэмдэглэхдээ жил бүр ёслон өнгөрүүлэх ёстой гэж хэлж байв.
Энэ мэтчилэн гишүүд маргасаар Төрийн байгуулалтын байнгын хорооны оруулж ирсэн тус тусдаа хураалгасан саналын томъёоллыг УИХ-ын дарга Тамгын газраас тодруулж асуусан юм. Ингээд баяр ёслолтой холбоотой буюу “амралтын өдөр болгон тэмдэглэж байх” гэсэн утгатай саналыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналын томъёоллыг гишүүд дэмжсэнгүй. Дараа нь “бөхийн цол олгодог болох эсэх” дээр санал хураахад асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр шийдсэнийг УИХ-ын дарга мэдэгдлээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш