logo
Хувьцаагаараа өрөө төлж болох уу?

Хувьцаагаараа өрөө төлж болох уу?

2011/12/23
УИХ гишүүн Ц.Дашдорж Эрдэнэс таван толгой хувьцаат компаний хувьцааг иргэдэд эзэмшүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ тогтоолын төслийг өчигдөр УИХ дарга Дэмбэрэлд өргөн барилаа. Тогтоолын төсөлд цалин болон малаа барьцаалан зээл авсан иргэд өөрт ноогдох 1072 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэтэй тэнцэхүйц хэмжээгээр зээлийн төлбөрийг барагдуулах тухай заасан байна. 2011 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 157888 иргэний 499,44 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа юм байна. Зээлдэгчид дунджаар сар бүр 16 тэрбум төгрөгийн хүү төлж байна.Өнөөдрийн байдлаар Монгол Улсад зээлийн хүү болон инфляци өндөр байгаа нь иргэдэд ихээхэн хүндрэлтэй байгаа юм.
Зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь зээл авсан иргэдэд санхүүгийн хувьд сөргөөр нөлөөлж зээл,зээлийн хүүгээ төлөхөд нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас цалин болон малаа барьцаалан өндөр хүүтэй зээл авсан дундаж орлоготой иргэдийн амьдралын түвшин буурч байна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүнчлэн цалин болон малаа барьцаалан зээл авсан Монгол Улсын иргэний банкнаас авсан зээлийн нийт үнийн дүнгээс нэг удаа иргэнд ноогдох 1072 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэтэй тэнцэхүйц хэмжээгээр орлуулан зээлийн төлбөрийг барагдуулах үндсэн зорилгоор дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна.
Ш.Чимэг
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш