Дэлхийн хамгийн их орлоготой бүтээл болох «Аватар» кинонд өөр киноны сэдвийг хулгайлан ашигласан хэмээн алдарт найруулагч Жеймс Кэмерон болон «20 дугаар зуун Фокс» кино студиэс 2,5 тэрбум доллар нэхэмжилжээ.
Ийм нэхэмжлэлийг Жеймс Кэмероныг зохиолын хулгайд буруутгасан кино зохиолч Брайнт Мур гаргасан байна. Тэрбээр өөрийнх нь кинонууд болох «Акватика» болон «Тоос хүртээлтийн үр сад» гэдэг кинонуудынх нь үйл явдлын сэдвийг «Аватар» кинондоо ашигласан гэж буруутгаж байгаа аж.
Уран зөгнөлт киноны төрлөөр мэргэшсэн Мур алдарт найруулагчаас нөхөн төлбөр болгож 1,5 тэрбум доллар нэхэмжилжээ. Гомдол мэдүүлэгч мөн зохиогчийн эрхийг зөрчсөнийхөө төлөө нэг тэрбум долларын төлбөр нэхэмжилсэн тухай «Ти-эм-зи» интернэт-сонинд бичсэн байна.
Харин Жеймсийн өмгөөлөгч хэргийг шүүх хурал хүртэл даамжруулалгүйгээр Муртай тохиролцохоос татгалзжээ. «Кэмерон бол ямар ч эргэлзээгүй «Аватар» киноны найруулагч. Бид үүнийг нотолж чадна, бид үүнийг шүүх хурал дээр нотлох болно» гэж Жеймс Кэмероны өмгөөлөгч Берт Филдс мэдэгдсэн байна. Харин «20 дугаар зуун Фокс» кино студийн албан ёсны төлөөлөгч дээрх гомдлыг «үндэслэлгүй» гэж мэдэгджээ.
Гурван хэмжээст технологиор бүтээсэн Аватар кино дэлхийн кино театруудад өнгөрсөн онд гарсан бөгөөд 2,8 тэрбум долларын ашиг олсон юм. Уг бүтээл Оскарын хамгийн шилдэг гурван шагналыг хүртсэн билээ. Кэмерон амжилтаа бататгахын тулд киноныхоо хоёрдугаар ангийг бүтээхээр төлөвлөсөн.
Түүнийг хэд хэдэн удаа зохиолын хулгайд буруутгаж байсан юм. Хамгийн сүүлд гэхэд Кэмероны компанид өмнө нь ажиллаж байсан Эрик Райдер гэдэг залуу түүнийг энэ сарын эхээр Лос-Анжелес хотын шүүхэд өгчээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ