logo
Хүн чанар худалдана /Өгүүллэг/

Хүн чанар худалдана /Өгүүллэг/

2011/12/26
Гарчигаа ингэж тавьчихаад “хүн чанар” гэдэг юм хаана байгааг хайлаа. Мэдээж, хамгийн түрүүнд “гарт баригдаж” байгаа тул өөрөөсөө эхэлж эрэв. Аз болоход “хүн чанар”-ын шар будаа шиг хэлтэрхий надад байжээ. Барих машинтай болсоноос эхэлж, миний “хүн чанар” надтай “жолоо булаацалдаж” гарсан юм. Явган хүний гарц дээр улаан гэрэл асахад хүний “сүүдэр” ч байхгүйг ашиглан “цаг алдахгүйн тулд” дайраад гарах уу, тэнэг юм шиг ногоон гэрэл мангайгаад хүлээх үү гэдэг дээр “хүн чанар” бид хоёр муудалцсан.

Борооны усаар замын хажуугаар өнгөрөх хүмүүсийг “шүршээд” өнгөрөх үү, хурдаа хасаж “оршуулганд яваа” мэт “сажлах” уу гэдгээс хамаг асуудал үүссэн. Үүрэг, хариуцлагаа “мартах” бүрт “хүн чанар” замын цагдаагаас илүү “далжигнаж” уур хүргэнэ. Тэгээд ч энэ миний дотор “энерги хороон” агуулагдаж байгаагийн хувьд, миний “эзэмшлийн зүрх сэтгэл”-д “сүлд” болон “намирах” гээд байгаа бол “хаан эзнийхээ” тэвчээрийг барж,”эрх мэдэл” булаалцалдаад байх өчүүхэн ч “шаардлага” түүнд байхгүй сэн.

Надад бол шаардлага зөндөө байна. Нэгэнт “хүн чанар” гэгч яршигтай “сэтгэхүй”-г хүнд “холгуулан” өчнөөн жил тээж яваагийн учир “хүн чанар”-аа хэзээ хаана юунд “зарах”-аа “хэмжээлшгүй эрхт хааны” нэрийн өмнөөс захиран зарцуулах эрх гагцхүү надад л бий. Зарим зүйлийг дараа өгүүлэх тул эхлээд зам тээврийн “асуудлаа” ярьж дуусгая. Гудамж замын хөдөлгөөнд машин тэрэг барьж улаан биеэрээ “оролцох” болсоноос шалтгаалж,”хүн чанар” бид хоёрын “үүрд мөнхийн дайн” эхэлсэнийг би дээр “онцол”-сон.

Яарч яваа үед эсрэг замын урсгалд орж эргэх, шар гэрлээр дайран орох, хөдөлж ядсан “замын бөглөөнүүдэд” зам тавьж өгөхгүй “адайрлах”, хурд хэтрүүлж “Хүүхэд” гэсэн тэмдгийн дэргэдүүр “онгоц шиг сүнгэнүүлэх”, дохио өгөхгүй гүйцэд түрүүлэх зэрэгт “хүн чанарын” адгаж байгааг үгээр хэлэхийн аргагүй. Жолоо булаацалдаад,замын хажуугийн гуу руу “нисгэх” шахна. Нэг удаа усны тэрэг түрсэн хөгшин авгайг мөргөх шахам тооромсолж, дугуйнаасаа утаа баагиулан замын хашлага мөргөн зогсоход “хүн чанар” давраад надад “хоёр шанаа” өглөө. Байтлаа новш чинь хүн “зоддог” болох нь ээ гэж уурлалаа...Замын “осол” гарч, хөлөө дайруулсан “бээжин хав” цусаа гоожуулан, зам дээр гийнан хуцна.

Тэгтэл “хүн чанар” цамцны захаас учир зүггүй дугтчиж,”Зогсооч,хөөрхий амьтныг эмнэлэгт хүргэж өгөөч” гэж орилов. Эмнэлэгт хүргэх нь яах вэ, хүргээд өгье гэж бодъё, хүн эмчилдэг эмнэлэгт “нохой” эмчлэх бол уу? Аан?...Мал эмнэлэг хайж,сая хүнтэй шавааралдсан хотын хаанаас олно гэж бензинээ баран давхих вэ?Надад ч бас яаралтай ажил байна шүү дээ. Загасаа хооллохоо мартчихаж. Өдийд хөөрхийс минь гэдэс нь өлсөөд “тэжээгч” ирж “тэжээлээ” өгөөсэй гээд аквариум дотроо “амь тэмцэж” байгаа даа...”Хүн чанар”-ын зөрүүдийг ээ, заавал тусламж үзүүлэх ёстой гээд гэдрэгээ савж унаад,шил нь татчихдаг хүүхэд шиг зөрүүдлээд болдоггүй. Тэгтэл замын “эргүүл” таарч, дайруулсан нохойг “зайлуулахаар” боллоо.

Намайг зүгээр явуулсангүй, ямар машин дайрсан болон хэдэн цагийн үед уг үйл явдал болов гэж байцаагаад, дараа нь “гэрч”-ийн мэдүүлэг авч гарын үсэг зуруулав. Цагдаа нарын тэгж хичээнгүйлэн “баримт” цуглуулаад байсан нь цаанаа учиртай. Гудамжны тэнэмэл нохой бус алтан торгомсог эдээр хийсэн хүзүүвчин дээр хэн нэгэн эрхэмсэг хадагтайн нэрийг мөнгөн пайзан дээр шивсэн байх нь үзэгдэнэ. Цуутай хадагтай энхрий дуугаар алмаазан шигтгээтэй утсаараа “уянгалуулан” салхилж явтал “эрх” хав эзнийхээ “сэрэмж алдсан” эгзэгийг тааруулан, өөрийг нь сатааруулах өөр зүйл рүү эрхлэн гүйж, эзнээсээ төөрсөн үү, эсвэл нохойны “үнэ” мэддэг “мэргэжлийн дамшигууд” санаатайгаар “хулгуулан” авч яваад алдаж, нөгөөх нь “замын хөдөлгөөний дүрэм” мэдэхгүй замаар гарах гэж “мунгинаж” яваад ийм явдал болов уу?...

Цагийн зүү эхнэртээ яарсан залуу хархүү шиг яарч, тэгэхээс тэгэх гэсэн мэт чангаар чаг чаг дуугарна. Хоёр алтан загас минь намайг хүлээгээд чадхийх вий дээ...Гэр хүртэл хагас цаг давхина. Гэтэл цагдаатай “орооцолдоод” энд хагас цаг боллоо.”Хүн чанар”-ын “хэрэгт дуртай”-г. ”Эвий, амьдрах гэж ядаж яваа хөөрхий амьтан шүү дээ. Эзэн мэзнийг нь олбол шийтгэх хэрэгтэй” гээд олон юм ярина. Арайхийж цагдаагаас “салаад” гэртээ ирэхэд хоёр алтан загас минь хорвоогоос “хальсан” байлаа. Хоёр хоног хоолгүй байсан юм. Хоол олох гэж би хөдөө гараад баахан дэвхрэг царцаа түүж хатаагаад ирж явах замд санаанд оромгүй “адал явдлууд” шил дараалан тааралдсаар яаран иртэл хөөрхий хоёр ховдог загас минь “турж үхсэн” байвай.

Ирж явах замд эхлээд нэг жирэмсэн эмэгтэй тааралдсан юм. Түүнийг сумын эмнэлэг хүргэх замд машины дугуй хагараад найруулга муутай сүүлийн үеийн кинон дээр гардаг шиг нөгөө бүсгүй хээр “төрж”, би гэдэг хүн анхныхаа “хүүхдийг” эх барьж авч,“хүн чанар”-ыг “магнай нь хагартал” баярлуулж билээ.”Хүн чанар” давхар биетэй бүсгүйг машинд суухад өргөн суулгаж халамжлаад, суусан хойно “зөөлөн явах уу?” гэж найр тавиад,төрөх үед нь хэзээ язааны “эх баригч” шиг хүйсийг нь тасалж гүйгээд хөл хөөрцөг болсон юм өмнүүр далдаганаад байлаа. Сумын эмнэлэг дээр хүргэж өгөөд,”хүн чанарын” зөвлөсний дагуу хажуугийн жижиг дэлгүүрээс чихэр, жимс авч нөгөө амаржсан бүсгүйд оруулж өгөхөөр ортол нөхөр нь гэх энгэр заамаа ярсан урт нударгатай, оодон дээлтэй, тэнзэн ташуур барьсан түрэмгийдүү хурц харцтай залуу эхнэртэйгээ хардаад эгээтээ л тархиа хага цохиулсангүй салав. Бүсгүй айсан туулай шиг “хярж” байсанаа, гэнэт зориглон,

-Гурван өдөр гурван шөнө гэртээ ирэхгүй хар архи гударч алга болчихоод эмнэлэг орох унаа харан өдөржингөө зам харуулдсан эхнэрийг чинь огт танихгүй залуу сайхан сэтгэлээр хээр төрүүлчихэлгүй эмнэлэгт авчирч өгсөнд чи юундаа шаралхаад байгаа юм бэ?Тийм л сайн эхнэр хүүхэддээ халамжтай байсан бол хүүхдээ төртөл дэргэд нь манаад сууж байхгүй яасан юм бэ? гэж миний урдуур орон намайг “хаацайлав”. Тэгэхдээ тэр бүсгүй “хээр төрсөн”-өө яагаад ч юм нөхрөөсөө нуулаа. Хэрэв тэгж хэлбэл цаадахь нь “хар” нь улам “буцлаад” сумын төвийн жижиг эмнэлгийг “нураах” байсан юм бол уу гэж буцах замдаа би бодлоо. Ямар ч л байсан бидний дунд “хүн чанар” далдагнуурын ачаар нэгэн нууцтай болов.

Энэ удаа хөдөө замд гарсан би их юм сурлаа. Хүүхэд “эх барьж” үзлээ. Дугуйгаа өөрийн гараар сольж сурав.”Хүн чанар”-т “уруу татагдаж” хүний нөхөрт ташуурдуулахыг шахав. Чингэхдээ “эх” болсон хөдөөгийн даруухан бор бүсгүйд сэтгэл татагдсанаа, түүнийг өрөвдөн буцах замын турш хайрлах сэтгэл төрснөө, хүн хорвоод төрөхдөө үхэл амьдралын зааг дээр дэлчигнэн чарладагыг, ерөөс хүн гэгч амьтан эгэл амьдралын намуухан хэмнэлээс хааяа гарч, адал явдал тааралдах алсын замыг туулан, цусны даралтаа “ихэсгэж багасгаж” явбал ядаж нэгийг үзэж, хоёрыг сонсох юм байна гэдгийг мэдэж авсан нь аяны “олз” боллоо...Машин нь эвдэрсэн хижээл эр хамраа сөхөж зогсоод гар даллав.

Бодвол, тэрэгнийх нь “тэнхээ муудсан” аж.”Хүн чанар” хэзээний сурсан зангаараа арын багааж онгойлгоод, мэдэхгүй байж хамаг түлхүүр багаж хольж, тэр хооронд надтай түр тар хийгээд авлаа. Тэр хүний хайсан түлхүүр “хясахад” надад байжээ.”Хясахад” гэдгийг ойлгосон биз дээ. Ар гэрт алтан загаснууд минь ангалзаж байгаа билээ. Нэг цагийн ч өмнө очвол надад болоод хөдөөнөөс “хоол” олохоор явсан авралт эзнээ хүлээж цөхсөн загаснуудад минь хэрэгтэй байв. Хижээл эр намайг бодоход машин техник “мэддэг” хүн бололтой моторныхоо нэг юмтай ноцолдоно. Хүлээж залхсан би
машиныхаа арын суудал дээр гутлаа тайлаад тухлан унтлаа.

Дуртайгаараа мань “хүн чанар” сайхь эрийн ар өврөөр шагайж, мэддэг хүн шиг “Ахаа жийрэг нь сэтэрчихэж” гээд мэдэмхийрч байлаа. Урд насандаа машины үйлдвэрт ажиллаж байсан хүн шиг моторын эд анги яриад, хүн унтуулахгүй татаж чангаагаад “Түлхүүрээ өг, ард нэг жийрэг харагдсан” гээд амар заяа үзүүлэхгүй шүү...Орой болж, нар шингэлээ. Явахгүй бол оройтох нь ээ.”Дуусаж байна уу?Үзээд ир” гээд “хүн чанар”-ыг явуултал тэр чигээрээ таг. Уур хүрээд араас нь очиход мань “хүн чанар” хааз маазыг нь гишгээд нэг их завгүй амьтан машин дотор “овойгоод” сууж байлаа.

-Ах аа, дөхөж байна уу?
-Аа, чи юу? Өөр юмаар орлуулаад аргалчихлаа. Мөдхөн дууслаа. Хийн зуух ажиллуулж чадах уу?Чаддаг бол цай хоолоо хийе. Ингэхэд чи юм идэж уусан уу? Ард нэг цэнхэр цүнхтэй юм байгаа...
“Хүн чанар” өө тэгэв үү гэх шиг цүнхийг нь гаргаж ирээд, цай хоол болоод явчихав. Хижээл эрийн “заавраар” би хээрийн “хоол цай” хийж үзлээ. Амттай гэж янзтай...Машинаа засаж дуусаад тэр ах гараа угааж цай хоолоо ууж идэхэд “хүн чанар” эхнэр шиг нь “үйлчилж” харайгаад нээрээ гажигтай амьтан юмаа. Ах хүү харин хоолны дараа ганц “юм” гаргаад “Амсаад яв, орой болчихлоо, амарч хоноод өглөө эрт гараад давхи” гэж сургамжлав.

Нэг аяга уулаа. Хоёрыг уулаа. Хэрэгтэй үед “хүн чанар” галд цугласан гэрлийн эрвээхэй хөөгөөд харанхуйд алга болов. Санаа нь би “хүн чанар”-т “жаахан уусан хойноо хэдэн үг хэлье” гэж бодтол муу санаатай шаар миний “зориг” орсныг мэдээд, тойрч зугатаад олдсонгүй. Ах хүү бага зэрэг халж,”Чиний ажилд садаа болчихлоо. Эр хүний замын хүзүү урт. Машин тэрэг эвдэрвэл над руу яриарай”гээд утсаа өглөө. Дээр нь нэмж, тавин мянган төгрөг, зуун литрийн бензины талон өгч,”Үүгээр гар цайлгая даа,хот орохдоо хоолны мах аваачиж өгнө “гэж амлалаа. Хүрмээ нөмрөөд, машиныхаа түшлэгийг хойшлуулаад би тэр дороо нам унтав. Хоёр зуун грамм татаад, хорвоог мартав. Өнгөрсөн шөнө “загасны хоолоо” янзалж бэлтгээд нойр муутай хоносон юм. Өглөө босдоггүй. Ах хүү цай чанаад, халуун цай уу гэсэн боловч зүгээрээ гээд нойроо харамлан хурхирсаар үд болгов. Нойрон дунд нөгөө ах “Ах нь явлаа. Чамд маш их баярласан шүү. Болгоомжтой яваарай” гээд явах шиг болсоныг муухан санана.

Үд дундын үед ёстой үхрийн дуунаар сэрж, эвшээж эвшээж байж, нойрноосоо арайхийн салаад, замдаа гарлаа. Галзуу юм шиг давхисаар хотод орж ирмэгц,”үхэр тэрэгний цуваа”-нд орж сажилсаар гэрийн зүгт чиг замд ортол “осолд” орсон хав тааралдаж,”хүн чанар”-ын “гай”-гаар цагдаад “ороолгосон” билээ. Цагдаагаас “салаад” гэртээ иртэл алтан загаснууд маань аль хэдийнэ “амь тавьчихсан” аквариум дотроо өехийгээ дээш харуулаад мөнхийн нойрондоо явсан байв. Зальтай амьтан, нөгөө муу “хүн чанар” нэг газар нуугдчихаад гарч ирдэггүй. Тэгэхээр нь би түүнд хэллээ.”Чи нуугдаад хаана холдох вэ? Хажуугийн айл давс гуйгаад хаалга тогшиход чи муу далдага далдага гээд гараад ирнэ шүү дээ. Доод талын айл жорлон бөглөрчихлөө, бөглөөс гаргагчаа өгөөч гэхэд чи гөлөгнөөд тэнд байгаа гээд урдуур дайрна. Хэн нэг нь гадаа халуунд “цус харваад” унавал түргэн дуудаач аа гээд шүлсээ үсэргэнэ.

Сагс тоглож байгаа хүүхдүүд муудалцаад хоорондоо зодолдвол “гарч салгаач ээ” гээд муу хүний дуу их гэдэг шиг гэрээр нэг дуу тавина даа чи. Гарахгүй байхыг чинь харнаа” гэхэд тэр чимээгүй “гүрийсээр” байлаа. Загасаа “алдсан”-даа би сэтгэл санаа гэж “нойл” болсон байв. Буйдан дээр зүүрмэглээд сууж байтал түүний сэмхэн гишгих сонсогдов. Араас нь сэмхэн харвал нөгөөх чинь үхсэн загаснуудыг аквариумаас сэмхэн аваад цонх онгойлгон хажуу хөршийн муурыг дуудан шидэж өгөв. Хөршийн цас шиг цагаан муур өгсөн “өгөөш”-ийг өлссөн амьтан шиг амтархан “цааш харууллаа”.Нэг амьтанд нь “нүгэл” хийгээд, нөгөөхөд нь “буян” хийв. Тэгэхдээ би “хүн чанар”-аас залхжээ. Ядарсан, зовсон, амь тэмцсэн, арга ядарсан, яахаа мэдэхгүй эргүүтсэн хичнээн хүнд би “тус” боллоо. Миний хийсэн “тус” эргээд надад “ус” болж ирдэг. Тус болсоныхоо хирээр өөртөө би “зовлон” хураадаг. Ямар сайндаа л “Усыг тус болгоё,бачийг ач болгоё” гэдэг зүйр үг зохиогоод сууж байх билээ. Болдог бол “ховчин хэвчин”-гүүдээр дуу болгоод дуулуулъя гэж боддог юм.

Хоёр өдрийн явдалдаа ядарчээ би. Душинд ороод дугжрахаар шийдэн хувцасаа тайллаа. Хувцас хунар ч нил шороо тоос. Гэтэл цамцны халааснаас юм бичсэн жижигхэн цаас уналаа. Аваад унштал “Чамд маш их баярласан шүү. Надтай холбоо барихыг хүсвэл гээд........утасны дугаар бичиж. Энэ бол манай эмэгтэй дүүгийн утас. Хорлоо” гэжээ. Тиймээ, өнөө өглөө төрсөн тэр бүсгүй намайг “өртэй” юм шиг нүдээр ичингүйрэн харж байсаныг би саналаа. Би ч гэсэн анх түүнийг зам дээр гэдсээ тэврэн зогсож байхыг хараад түүнд нэг л “өртэй” хүн шиг тэр бүсгүйтэй нэгэн цагт уулзаад,”өр” тавиад зугатаад явсан юм шиг сэтгэгдэл төрсөн юм.

Уруул нээвэл уушиг нээ гэдэг дээ. Тэр бүсгүй “хээр” нярайлаагүй юм. Энэ бол миний ярианы уянгын драм байсан. Тэнд эмнэлэгтээ очоод төрсөн. Төрөх үед эмч нь намайг нөхөр нь гэж бодсон уу, халаад нөмөргөөд дэргэд нь суулгасан юм. Тэгж би эмэгтэй хүн төрөхийг хоёр нүдээрээ дальдчин харж,түүний өмнөөс “дүлж”,түүний өмнөөс “өвдөж”,түүний өмнөөс “хүүхэд төрүүлж” билээ.”Хүн чанар”-тай “хүн чанар”-гүй би өөрөө зүрхээрээ хүсч, эр хүний сониуч зангаас илүү ийм үйл явдлыг үзэхийг зүрх сэтгэл минь сонирхон тэмүүлж, анхнаасаа над дээр нарны гэрэл хугалан туссан тэр итгэл дагуулсан зээрний нүд шиг зөөлөн хар нүд, ичингүйрэх харцаа нуусан урт дэрвэгэр сормуус, харандаагаар зурсан юм бол уу гэж бодож байсан чинь төрөлхийн тийм нэг цэвэрхэн зургар нарийхан хөмсөг, учран золговол салахын аргагүй энхрий байж мэдэх тос даасан улаан ээзгий шиг үл ялиг холцруутсан урууланд би өөрөө хэний ч “турхиралтгүй” соронздон татагдаж, төрснийх нь дараа “хүн чанар”-аас түрүүлэн сэтгэж, дэргэдэх дэлгүүр рүү нь хөл мэдэн гүйсэн...

Давхар цамцаа тайлаад орны хөлд тавьсан байсныг намайг орж ирэхэд тэр бүсгүй дэрнийхээ дэргэд тавьсаныг би анзаараагүй л дээ. Буцаж түүн дээр очиход нөхөр нь гэх хөдөөний “хуучин хүү” хөндөлсөн агсамнаж, хөөж гаргасан нь тэр билээ. Хөөгдөөд гарах мөчид би тэр бүсгүйн нүүрнээс далд нуусан зовлон гуниг, амьдралд тарчилсан гэгээн сүүдрийг “уншаад” гарсандаа одоо харин өгүүлбэр болгон сэтгэлдээ бичиж байна. Хэрэгт дуртай өгөр “хүн чанар” сэмхэн ирчихээд миний зүрхний цохилтыг чагнаж зогсохыг би мэдрэв. ”Айл гэрийн амьдралыг сүйрүүлэв. Архичин ч гэсэн хүний авааль нөхөр. Ардаа амьдралтай залуу хүмүүсийн амьдралд дундуур нь орж, аль чүгүй болгов оо” гэж “хүн чанар” хэлэх гэж буйг би “мөсөн дээр мөнгөн аяга. Сар. Тэр юу вэ?” гэдэг шиг амархан таав.

Гэхдээ надад “хүн чанар”-ын хэрэг одоо бол огтхон ч алга. Зүрх сэтгэлдээ л найдъя. Амьдралын сайн мууг үзэж зовж шаналж яваа ч гэсэн амьдралд итгэх итгэл, хүнийг хайрлах хайраа алдсан ч гэсэн дахин түүнийгээ эрж яваа эгэл бор хөдөөх бүсгүй “хүн”-ий хувьд “эвдрээгүй” гэдэгт би итгэлтэй байлаа. Хотын гуя хасаа гаргасан “холгох” дуртай “чаралбаа” наруудаас огт өөр хүн гэдгийг зүрхний минь цохилох бичлэг дурайтал надад уншина. Тэгэхээр сэтгэлийн дуудлагандаа итгэж, урин дуудах алсын уулын оройд байгаа аз жаргалыг өөрөө л би “зохицуулах” ёстой боллоо...Тэр агшинд би ямар “Таван хуруу”-гийн “Шагдар” биш,”Хүн чанар”-ыг хэрэгтэй нэгэнд худалдъя гэж бодогдов.

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш