logo
Пакистаны арми, хүчнийхэн хяналтаас гарч байна

Пакистаны арми, хүчнийхэн хяналтаас гарч байна

2011/12/27
Пакистаны арми болон тусгай албаныхан иргэний эрх баригчдын хяналтаас гарлаа гэж тус улсын Ерөнхий сайд Юсуф Реза Гелани парламентад үг хэлэхдээ мэдэгдэв. Тэрбээр цэргийнхнийг эргэлт хийх гэж байна хэмээн буруушаагаад, иргэний засгийн газар эрх мэдлээ алдаж болзошгүй байгааг анх удаа мэдэгджээ.

Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари АНЭУ-д эмчилгээ хийлгэхээр гэнэт явсны дараа буюу 12 дугаар сарын эхээр цэргийн эргэлт хийх гэж байгаа тухай цуу яриа анх гарсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт тэрбээр нутаг буцаж ирсэн, гэвч улс орон нь тогтвортой болсон гэвэл үнэнд нийцэхгүй. Пакистаны Ерөнхийлөгч нутаг буцаж ирээд Исламабад бус харин Карачи дахь өргөөндөө очсон байна.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт төрийн тэргүүн нийслэлд ирэх үед иргэний эрх баригчдад ноцтой аюул тулгарч байгааг шинжээчид дурдаж байжээ. Одоо нэг талаас цэргийнхэн, нөгөө талаас засгийн газар-ерөнхийлөгчийн хооронд илэрхий сөргөлдөөн бий болоод байна.

Пакистанд цэргийн эргэлт болохоос урьдчилан сэргийлэхэд тусалбал АНУ-тай нягт хамтран ажиллахад бэлэн гэдгээ төрийн тэргүүний амлалт бүхий баримт бичиг ил болсон нь сөргөлдөөн гарахад хүргэжээ. Ийм баримт бичиг гаргаснаараа Ерөнхийлөгч улс орноо болон улсынхаа зэвсэгт хүчнийг гутаалаа гэж хүчнийхэн үзэж байгаа аж.

Пакистаны сайд нарын одоогийн танхимын бүрэн эрхийн хугацаа 2013 онд дуусах юм.

З.Амгалан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш