Бразилийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд 2014 онд болох ДАШТ-ий 32 мянган тасалбарыг үнэгүй авахаар болжээ. Энэ тухай Бразилийн шигшээ багийн хөл бөмбөгчин асан Ромарио, Роналдо нар мэдээллээ. ДАШТ-ий тоглолт бүрийн 500 ширхэг тасалбарын төлбөрийг Бразилийн хөл бөмбөгийн холбоо гаргах аж.
Рио-де-Жанейро мужаас нэр дэвшин сонгогдсон Бразилийн парламентын депутат Ромариогийн санаачилгын ачаар хөгжлийн бэршээлтэй иргэд үнэ төлөлгүйгээр тэмцээн үзэх боломжтой болж байна. 2014 оны ДАШТ-ийг зохион байгуулах хорооны захиргааны зөвлөлийн гишүүн саяхан болсон Роналдо энэ саналыг идэвхтэй дэмжжээ.
«Бид Бразилийн хөл бөмбөгийн холбооноос хүсэлтийнхээ хариуг түргэн авсандаа баяртай байна» гэж Ромарио мэдэгдээд, Бразилийн парламентаар хэлэлцэж буй ДАШТ-ий Ерөнхий хуулийн хувь заяанаас үл хамааран хөл бөмбөгийн холбооноос тасалбарын төлбөрийг хийх болсныг мэдээллээ.
ДАШТ-ийг зохион байгуулах болзол болгон Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ өмнө Бразилийн Засгийн газрын хүлээсэн үүргийн дагуу уг хуулийг хэлэлцэж байгаа аж.
ФИФА өндөр настан, дунд сургуулийн сурагч болон оюутнуудад хөнгөлттэй үнээр тасалбар худалдахыг эсэргүүцэж байгаа, гэсэн хэдий ч хөнгөлөлттэй тасалбар олгохыг Бразилийн хуулинд тусгажээ. Өөр бас нэг хурц сэдэв бол цэнгэлдэх хүрээлэнгүүдэд согтууруулах ундаа худалдах эсэх тухай асуудал байгаа юм. Тус улсад хөл бөмбөгийн тэмцээний үеэр согтууруулах ундааг хориглодог нь ФИФА-д таалагдахгүй байна. Энэ бүх зөрчилдөөнийг ДАШТ-ий Ерөнхий хууль зохицуулах ёстой ажээ.
З.Амгалан