logo
Хятадын ”Air China” компани Монголоор тоглож байна

Хятадын ”Air China” компани Монголоор тоглож байна

2011/12/27

Бээжингээс хоёр хоног нисч ирэв Хятадын агаарын тээврийн «Air China» компани Монгол руу нисэх зорчигчдоор тоглож, өөрсдийнхөө талд ашигтай бизнесийг хөгжүүлсээр байна.

Учир нь олон улсын нислэг үйлддэг энэ компанийнхан Монголд газардахын тулд «агаар муу» гэсэн тайлбар хийж, сүүлийн нэг cap зорчигчдын тав тух, цагииг алдуулж байна. Энэ чиглэлийн өвлийн цагийн хуваарь ёсоор бол Бээжингээс нисэх цаг нь 11:55, Улаанбаатарт буух цаг нь 14:30 байдаг. Эргээд 15:30-д нисч, 17:35-д Бээжинд газардах ёстой. Гэтэл «Air China» компанийн онгоцоор зорчин Монголд газардахын тулд заавал хойшилсон цагийн хуваариар ирэх ёстой бололтой.

Гэр бүлдээ ирж буй, амарч зугаалж яваа хүмүүс яах вэ цагийн асуудал тийм ч чухал биш байж болох юм. Эмнэлэг болон хурал цуглаанд оролцох шаардлагатай хүмүүсийн хувьд энэ нь маш том асуудал төдийгүй хоцорсноос болж өчнөөн саяын гэрээ нь цуцлагдаж, ашгаа алдах тохиолдол бишгүй байдаг.

Зорчигчид ийн ажил нь бүтэлгүйтсэнээс болж бухимдаж байхад «Air China »-гийнхан өөрсдийн компаниуддаа ашигтай санал бий болгодог байна. Хэрвээ тухайн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон бол зорчигчдоо нэг цагт 150 юанийн үнэтэй, хоол ундгүй, дотроо бие засах газаргүй, шивэр, хулмас гээд муухай үнэр дүүрэн буудалд хүчээр буулгаж байна.

Энэ нислэгийг үйлддэг «Боинг-733» онгоц 150 хүний суудалтай. Тэгвэл онгоц нэг цаг саатахад тухайн зочид буудалд 22600 юань буюу дөрвөн сая гаруй төгрөгийн орлого орж байгаа юм. Нислэг ихэнхдээ 4-6 цаг хойшилдог бол заримдаа хонох тохиолдол ч гардаг.

Уг нь онгоцноос хоцрохгүйн тулд Монголыг зорих зорчигчид Бээжингийн олон улсын нисэх буудалд нэлээд эрт очоод ч хүрэх газраа цагтаа хүрч чаддаггүй. Бээжин-Улаанбаатарын чиглэлээр монголчуудаас гадна хятад иргэд олноор зорчдог. “Air China” компанийнхан цаг агаар муу гэж чанга яригчаар зарлаад зорчигчид бухимдахаар «Улаанбаатарын утаанаас болоод» гэж зорчигчдын амыг тагладаг болсон байна.

Энэ сарын 24-ний өдөр Улаанбаатарт 14:30 газардах байсан СА901 аяллын цаг нь хойшилж 18:00 цагт нисч, 20:30-д буух байтал буулгүйгээр буцаад Бээжинг зорьсон Арайхийн буух газар дөхөж, онгоц дугуйгаа дэлгэж байснаа гэнэт буцаад өндөр авч, газардахгүй болсон тухайгаа зарласан байна.

Учрыг лавлахад Улаанбаатарт утаа ихтэй байгаа учраас буулт хийх боломжгүй гэсэн хариулт өгчээ. Ингээд хоёр цаг 35 минут нисээд газардах ёстой байсан зорчигчид буцаад Бээжинд буув.

Бүр бүтэн хоногийг тэндээ өнгөрүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн аяллын зорчигчид Бээжингээс хоёр хоног нисч иржээ. Гэвч энэ нь цаг агаар муугийнх биш, утаа униарынх бүр ч биш байсныг зорчигчид тухайн үед мэдээгүй.

Харин буцаад Бээжинд газардсан хойноо нисгэгчийн буруугаас болж зорьсон газраа хүрч чадаагүй гэдгээ мэдсэн байна. Нисгэгчийн бүхээгт олон хүний амь нас хариуцаж яваа хүн алдаа гаргаж болохгүй гэдгийг захын хүн мэдэх ёстой. Гэтэл нисэх багийн гаргасан алдааг «танай утаанаас боллоо» хэмээн чихэж байгаа нь ичгэвтэр юм биш үү.

Үнэхээр онгоц бууж чадахгүй хэмжээнд очтолоо утаатай байгаа юм бол бусад авиа компанийн нислэгүүд Монголд газардаж чадаад байгаа нь ямар учиртай байж болох вэ.

Утаа ихтэй гэдэг нь Улаанбаатарт байгаа асуудлуудын нэг яах аргагүй мөн. Гэхдээ Бээжин өнгөрсөн жил утаатай хотуудын жагсаалтыг тэргүүлж байх үед Улаанбаатар долоод л жагсаж байсан. Тэр үед онгоцнууд Бээжинд хэвийн газарддаг байсан.

Ингэхээр ердөө л «Air Сhinа» компанид Монгол руу нислэг үйлдэх чадвартай баг олддоггүй, аль эсвэл Хятадын төрийн бодлого юм байна гэсэн дүгнэлт хийх үлдээд байгаа юм. Утаатай Улаанбаатарт «Аэрофлот», «Korean Air», «МИАТ», «Аэро Монголиа» зэрэг компанийн багийнхан нислэгээ амжилттай үйлдсээр байна.

Бүр Хятадын «Тяньжин Эйрланс» компани хүртэл нислэгээ үйлдэж чадаад, болгоод байхад «Air China» ердөө л дургүйд хүчгүй гэгчээр монголчуудаар тоглож буйгаа харуулж байгаа юм. Үнэхээр өдрийн 14:30 цагт газардахад утаа униар ихтэй бол Бээжингээс нисэх цагаа 18:00 болгож, хуваарьтай өөрчлөлт оруулж болмоор санагдах юм. Энэ асуудлыг манай Засгийн газар, ИНЕГ анхааралдаа авах цаг, нэгэнт болсныг дээрх баримтууд бэлхнээ харуулж байгааг анхааруулж байна.

Ж.Нарангэрэл
Эх сурвалж: “Өглөөний сонин”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш