Зургаан настай Малаак Аль-Шами дахин алхдаг боллоо. Олон сар эмчлүүлсний эцэст тэрээр хиймэл хөлний тусламжтай алхаж сурч байна. Малаак Аль-Шами охин Ливийн иргэний дайны үед өнгөрсөн 6 сард Мисрата дахь гэртээ байхдаа Каддафиг дэмжигчдийн харвасан пуужинд өртөж баруу хөлөө алдсан юм. Түүнтэй хамт байсан 3 настай эрэгтэй дүү болон 1 ойтой охин дүү нь амь үрэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн сангийн сайн дурын ажилтан Элисса Монтанти америк эмэгтэй түүнийг олж, гэр бүлийнх нь хамт АНУ-д авчран эмчилсэн байна. Филаделфия мужын эмнэлэгт удаан эмчлүүлсний эцэст Малаак хөл дээрээ босчээ. Дэлхийн эрүүл мэндийн сангийн сайн дурын ажилтан Элисса Монтанти 15 жилийн өмнөөс дайн мөргөлдөөнөөс болж гэмтэж бэртсэн хүүхдэд тусалж эхэлжээ. Түүний сан нь сайн санаат хүмүүсийн хандивын тусламж дээр тогтдог. Тэд гэмтэж бэртсэн хүүхдүүдийг эмчилж, тэднийг орон байраар хангадаг байна. Хэдийгээр 8 сар үргэлжилсэн Ливийн иргэний дайнд улс орон нь авах юмгүй болтлоо сүйрсэн ч Малаакийн эцэг, эх охиноо сайжрахаар Ливидээ эргэн ирж амьдралаа шинээр эхлүүлнэ. Гэхдээ Малаак эмчийн хяналтанд АНУ-д ирэн очин байх гэнэ. Бяцхан охин 21 нас хүртлээ Элисса Монтантигийн сангийн харьяанд байж байгаад цаашид хаана амьдрахаа өөрөө шийдэх юм байна.
Shuum.mn
Shuum.mn