Монгол Улсад мэдээлэл, харилцаа, холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийн хүрээнд “Өнгөрснөөс суралц, Өнөөдрөө мэдэр, Ирээдүйг бүтээ” уриатай “ICT 90 EXPO” үзэсгэлэн “Мишээл Экспо” төвд нээлтээ хийлээ. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын аж ахуйн нэгжүүдээс гадна дэлхийн томоохон үйлдвэрлэгч болох Gemalto, Alcatel-Lucent, Keynote, Apple, Oracle зэрэг компани энд үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ толилуулж эхэллээ. 1920-оод онд хэрэглэж байсан утасны аппаратаас эхлээд 3D технологи хүртэлх үе шаттай танилцаж, мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн салбар манай улсад асар хурдацтай хөгжиж байгааг энэ үзэсгэлэнгээс харж болно. Ганцхан жишээ гэхэд гар утсаар зөвхөн ярьдаг байсан бол одоо хүссэн мэдээллээ гар утаснаасаа сонсож, үзэж, интернетээр дамжуулан олон улсын мэдээ, мэдээлэл авах нь манайд жирийн үзэгдэл болон хувирч байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технолгийн салбарын улс орны нийгэм, эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Мөн Засгийн газар “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”, “мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах төсөл”, “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулах үндэсний хөтөлбөр” гээд ирээдүйд чиглэсэн томоохон ажлыг эхлүүлсэн. Үүний үр шимийг айл өрх, иргэн бүр хүртэх болно гэж онцлон хэллээ. Мөн энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход нь анхаарна гэж Засгийн газрын тэргүүн амласан байна. Тэрээр энэ сарын 25-26-ны өдрүүдэд Төрийн ордонд болсон “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын улсын зөвлөгөөн”-д оролцож үг хэлэхдээ ч энэ тухай дурдаж байсан. Мэдээллийн өндөр технологийг нэвтрүүлж төрийн бодлого, үйлчилгээг хурдан шуурхай болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажилгүйдлийг багасгах, худалдааг хөнгөвчлөх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, хүнд суртлыг арилгах боломжуудыг бий болгож бэхжүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байгааг онцлон тэмдэглэжээ.