logo
Цалин, мөнгө, үнэ гурвын сүжрээ

Цалин, мөнгө, үнэ гурвын сүжрээ

2011/12/30

Цалин гэж нэг юм байх. Нэг юм ч гэж дээ тэрнийгээ мэдэхгүй хэн байх вэ?. Сар болгон, сар бүр ч биш 14 хоногт хоёр удаа гар дээрээ хэдэн бор төгрөг тавьдаг өдөр тохиож биднийг гэлтгүй хэнийг ч баярлуулна. Мэдээжээр баячуудад эгэл жирийн иргэдийн цалин, ахмадуудын авдаг тэтгэврийн дайны мөнгө төгрөг хэрэггүй л байж таарна. Мань шигт нь цалин гээч юм байхгүй бол мөнгөний бараа харна гэж үгүй. Мөнгөний бараа харахгүй бол хүнсний зүйлээс эхлээд өдөр тутмын өргөн хэрэглээний зүйлс худалдааны төв, зах, дэлгүүрийн лангуун дээр хэчнээн ихээр өрөөтэй байгаад ч нэмэргүй. Өлсөж байлаа ч ямарч аргагүй. Мөнгө олно гээд хэн нэгний халаас суйлалтай биш. Эсвэл дэлгүүр ч юм уу, банк дээрэмдэх хэрэг үү? Мэдээж ийм юм байж таарахгүй. Гэхдээ цалинтай, цалингүй мөнгөтэй болж болно. Ингэхийн тулд хөдөлмөрлөх хэрэг­тэй.”Хөдөлмөр хүнийг буй болгожээ” гэж Ф.Энгельсийн хэлсэн үг байдаг даа. Хэн хөдөлмөрлөнө тэр цалин авна. Цалин гэлтгүй хөдөлмөрийн хөлс авна. Хөдөлмөрийн хөлс гэдэг нь мөнгө. Сайн наймаачин байж болно. Мундаг үсчин, мужаан байж болно. Энэ бүхэн бол мөнгөний төлөөх хөдөлмөрлөлт. Гар хөдөлбөл ам хөдөлнө гэдэг дээ. Хэдий чинээ хөдөлмөрлөнө, төдий чинээ цаг хугацаа зарцуулна. Тэр хэмжээгээр мөнгө авна. Өнгөрсөн нэг минут эргэж олдохгүй болохоор цаг мөчтэй уралдан мөнгө олохын төлөө ухаан зарж, тэмцэл хийнэ. Мөнгөтэй бол өлсөхгүй, даарахгүй, дутагдаж гачигдахын зовлонгүй байж болно. Мөнгөөр хоол хүнс, өмсөх хувцас, орон байраа авна. Мөнгө олох арга олон. Оюун ухаан, авъяас чадвар, биеийн хүч хөдөлмөрөө дайчлан хичээн зүтгэснээр мөнгө олж болно.

Сүүлийн үед мөнгө олдог олон арга буй болсон нь нэгэнт тодорхой. Тэр нь ивээн тэтгэлэг, хандив, тусламж. Гэхдээ ивээн тэтгэлэг хандив нь эгэл жирийн иргэдэд олдоод байдаг юм биш. Голдуу томчуул болон одуудад олддог хишиг гэж ойлгогдоод байгаа.

Ямар нэг аргаар мөнгө олж болно гээд хэлчихээр муу аргаар мөнгө олдог этгээдүүдийн нүд нь сэргээд ирж мэднэ. Хулгай, дээрэм гэх мэтийн бузар аргаар мөнгө олсноос өлбөрсөн нь дээр. Өлбөрч үхэхгүйн тулд хөдөлмөрлөх л хэрэгтэй. Хэн ч, хэдийд ч мөнгөтэй болчихож болно. Мөнгөтэй болсон хүн үнэ гээч юмтай зайлшгүй халз тулна. Өчигдөр хямдхан үнэтэй байсан талх өнөөдөр 100 төгрөгөөр нэмэгдчихсэн байж мэднэ. Энэ мэтээр үнэ яаж ч өсч болно.

Цалин нэмэх сургаар юмны үнэ нэмэгдээд эхэлчихсэн. Ирэх оны 2, 4 дүгээр сард цалин нэмэгдэнэ. Сургаар нь юмны үнэ нэмэгдээд эхэлчихэж байгаа юм чинь яг нэмэх үед тэрхүү үнэ гээч юм тэнгэрт хадаж таарна. Цалин нэмнэ гэдэг нь ажиллагсдын амьдралыг дээшлүүлэх арга байлтай. Гэтэл цалин нэмсэн нэртэй амьдралыг нь улам дордуулах гээд байгаа юм шиг санагддаг. Цаасан мөнгөөр цалин нэмэх биш цаад амьдралыг нь дээшлүүлэх учиртай байхгүй юу. Өөрөөр хэлбэл будаа, гурил мэтийн өдөр тутмын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг цалин дээр нь нэмж олгох мөнгөнд тохируулаад картаар ч юм уу, талоноор өгч болно ш дээ. Тийм маягаар цалин нэмсэн байхад юмны үнэ дагаж өсөхгүй. Цалин нэмнэ гэж дуулиан тарих хэрэггүй л байхгүй юу. Тэр дуулианы балгаар захын зальтай, шуналтай зарим нэгэн наймаачнаас эхлээд дэлгүүрийн худалдагч, бизнесмен хүртэл гялс мялс юмны үнэ өсгөдөг хууч нь хөдлөөд байгаа хэрэг.

Багш нар цалингаа нэмүүлнэ гэж ажил хаялаа. Энэ бол яг үнэндээ илүү зан. Тэртэй тэргүй цалин нэмнэ л гээд байсан шүү дээ. Ер нь багш нарын ажил хаялтыг жирийн хүмүүс ойшоохгүй байсан. Наад захын жишээ гэхэд л хүүхэд багачуудад муу үлгэр дуурайлал үзүүлсэн үү гэхээс огт сайн юм болоогүй дог. Ажил хаясан багш нарт тухайн өдрүүдийн нь цалинг олгохгүй байх тухай яригдаж байсан. Тэр ч зөв байх. Хүүхдэд багачуудад үлгэр дууриал үзүүлж, тэдэнд зөв хүмүүжил төлөвшүүлж байх ёстой багш нар ажил хаясан нэртэй “аягаа чамласан” хүүхэд шиг байна гэдэг сайн юм огт биш.

Цалин, мөнгө, үнэ гурав адил хажуут гурвалжингийн гурван тал. Энэ гурван тал биендээ ямагт сүжирдэг. Нэгэнт манай сонины саяхны нэгэн дугаарт сэтгүүлч Ж.Батсайхан “Цалин гэж цам харайхын учир...?” гээд нийтлэл бичиж нийтлүүлсэн болохоор санаа давхцуулахгүйн тулд өөрийн өчүүхэн бичвэрээ үүгээр өндөрлөе.

Д.Сэрээтэр

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш