logo
МУГЖ Д.Ширмэнтуяа энэ сарын 18-нд тоглолтоо хийнэ

МУГЖ Д.Ширмэнтуяа энэ сарын 18-нд тоглолтоо хийнэ

2012/01/03
Улаанбаатар чуулагын дуучин Д.Ширмэнтуяа өнгөрөгч оны отгон гавъяатаар тодорлоо. Тусгаар тогтнолийн өдөрт зориулсан “Чин ван Ханддорж” дуулалт жүжигт Ханддорж ноёны хатан Сэвжидмаагийн дүрийг маш чадварлаг бүтээсэн түүнийг ховорхон хоолойтой гэж урлаг судлаачид, шүүмжлэгчид үнэлдэг юм билээ.

Амгаа зааны охин хэмээн олны дунд нэрлэгдсэн дууч бүсгүй 16- хан насандаа “Сэтгэлийн цагаан хун” хэмээх сайхан дууг дуулж ард түмний хүртээл болгож урлагийн тайзнаа анх хөл тавьж байсан түүхтэй. Түүний бас нэг амжилт бол 19-хөн насандаа “Морин хуур” наадмын тэргүүн байрыг эзэлж шуугиулж явсан. Одоо ч монголын урлагт түүний энэ амжилтыг давтсан дуучин төрөөгүй юм билээ.

МУГЖ Д.Ширмэнтуяа гэхээсээ илүүтэйгээр “Сэтгэлийн цагаан хун”-гийн гэдгээрээ алдаршсан дуучин бүсгүй энэ удаагийн тоглолтоо ч мөн “Сэтгэлийн цагаан хун” гэж нэрлэж байгаа гэсэн.

“Уран бүтээлийг ашиг олох гэж биш, бүтээл болгох гэж хийх хэрэгтэй” хэмээдэг дууч бүсгүйн дуулсан дуунууд үнэхээр л биширмээр сайхан бүтээл болж чаддаг.

Түүний дуулсан Нүүдэл, Сэтгэлийн цагаан хун, Чи бидэн хоёр, Ижий улирал,  Бодол, Тэнгэрийн тамга, Ханийн дуу, МУСТА Д.Амаржаргалтай хамтран дуулсан “Ойрхон л байж шүү дээ” гэх зэрэг олны дунд түгсэн маш олон дуунууд нь энэ удаагийн тоглолтонд дуулагдах биз ээ.

МУГЖ Д.Ширмэнтуяа анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо “Бодлоос уяатай ижий” хэмээн нэрийдэж байсан бол түүний дараа “Үлэмжийн чанар”, “Оломгүй далай” “Ханьсах сэтгэлийн дуу”, “Чи бидэн хоёр” гэх зэрэг тоглолтуудаа тавьж байжээ.

Ардын болон уртын дуугаа дэлхийн 20 гаруй оронд сурталчлан таниулсан гээд түүний  монголын урлагт  хийсэн бүтээснийг тоочиж барамгүй юм билээ.

Монгол Улсын Гавъяат Жүжигчин хэмээх эрхэм алдар цолыг хүртсэн дууч бүсгүйдээ уран бүтээлийн амжилт хүсье.

Л.Цэлмэг  www.secret.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш