logo
ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хуулийн төслийг өргөн барилаа

ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хуулийн төслийг өргөн барилаа

2012/01/04
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд УИХ-ын НББСШУ-ын Байнгын хорооны дарга Д.Очирбат ‘’Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль’’-ийн төсөл өргөн барив.
Монгол Улс ХДХВ-ийн халдвар ДОХ өвчний тархалт харьцангуй бага орнуудын тоонд багтаж байгаа хэдий ч ХДХВ-ийн халдвар тархах нөхцөл байдал, эрсдэл манай нийгмийн зонхилох хэсэг болох залуучууд, өсвөр үеийнхний дунд ихээхэн түгээмэл байгааг зайлшгүй анхаарах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Очирбат онцолж байв.
2011 оны 12 дугаар сарын 14 –ний байдлаар ХДХВ-ийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 100-д хүрсэн бөгөөд сүүлийн жилүүдэд халдварын тохиолдлын тоо өсөх хандлагатай байгаа юм. НҮБ-ын хүний эрхийн байгууллагаас ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд хийсэн олон удаагийн хяналт шинжилгээ үнэлгээ, дүгнэлтээр Монгол Улс энэ чиглэлийнхээ эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж зөвлөмж өгсөн байна.
ХДХВ-ийн халдвар авсан болон ДОХ-той хүмүүс эрхэлж болохгүй ажил, үйлчилгээний жагсаалтыг гаргах, ДОХ-той гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж байх тухай хуулийн заалт нь олон улсын холбогдох конвенцийн заалтыг зөрчиж байгаа учир дээр дурдсан заалтыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш