Сүүлийн үед менежментийн ухаанд манлайлал гэдэг ойлголт түгээмэл болж ирсэн боловч энэ нь угаасаа хүний нийгэмд төдийгүй зэрлэг байгальд байсаар ирсэн заяагдмал, зүй зохист үйл явц юм. Ухаандаа арслангийн сүргийг аль хүчтэй, чадалтай нь толгойлдог шиг хүн үүсэн цагаас хүмүүсийн бүлгийг ухаантай, чадалтай нь, аль эсвэл тухайн нөхцөлд бусдыгаа дагуулж чадсан нь удирдаж, чиглүүлж ирсэн түүхтэй. Энэ л замналаар агуу их түүхийн нугачаанд алдарт Чингэс хаан, Юлий Цезарь, Наполеон Бонапартаас авахуулаад Уинстон Черчилл, Маргарет Тетчэр, Майкл Жексон, Санжаасүрэнгийн Зориг... шинэ үеийн оюун санааны лидерүүд салбар бүрт төрөн гарсаар байна. Гэвч төрд гарсан бүхэн манлайлагч байдаггүйг харгис, ухаангүй, шунал нь хэтийдсэн удирдагчдынхаа балгаар сөнөсөн төр, зовж зүдэрсэн ард түмний түүх өгүүлдэг билээ.
Манлайлал нь дагуулах, удирдах, чиглүүлэх гэсэн утга агуулах бөгөөд аливаа манлайлал агуу их нээлт, хөгжлийн шийдлүүдийг бүтээгээд зогсохгүй нийгмийн оюун санаа, бүтээлч сэтгэлгээнд асар их эрч хүч, инерци өгч байдгаараа үнэлж баршгүй юм.
Манлайлагчид зөвхөн засаглалын өндөр түвшинд бус нийгмийн амьдралын салаа мөчир бүрт, хүмүүсийн нэгдэл бүлэг бүрт оршин байдаг. Бид бүгдээрээ мэднэ дээ, уул усаараа хүндэлдэг, үгийг нь хүлээн авдаг, юу ярьж, юу хийж байгаа нь нутгийнхны дууриал болсон нуруутай сайхан хүмүүс байдаг даа. Тэд бол нутаг усандаа манлайлагчид юм. Нутаг голоороо тэднээр бахархан хүндэлнэ, тэр ч бүү хэл үр удмыг нь яг л тэр янзаар үнэлж дүгнэнэ, хөлчүү залуус хүртэл таарахаасаа эмээнэ, тийм хүнээс зэмлэл хүртвэл хэсэгтээ л гэмшинэ. Энэ бол нэгэн төрлийн манлайлал. Анги хамт олон, ажлын газарт ч өөр өөрийн манлайлагчид байдаг. Тэд бусдынхаа тэмүүлэх чиг, хүсэл мөрөөдлийг өдөөгч, үлгэр дууриал болж байдгаараа үнэ цэнэтэй, бас нэр хүндтэй ажгуу.
Манлайлал нь цаг үеийнхээ хүсэл тэмүүлэл, үнэт зүйлсийг тээгээд зогсохгүй ирээдүй цагийн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч болдог ажээ. Нийгмийн үнэт зүйлс болоод хөгжлийн хэмжүүр өөрчлөгдөхийн хэрээр манлайллын нөлөөлөх цар хүрээ, манлайлах арга ухаан өөрчлөгдөж байгаа боловч манлайллын үр нөлөө буураагүйгээр үл барам цаг хугацаа, орон зайгаас үл хамааран улам бүр хавтгай болж байгаа дэлхий ертөнцөд түүний нөлөөлөх, дагуулах, өөрчлөх хүч юуг ч бүтээж, юуг ч өөрчилж чаддагийг бид харж байна. Зөвхөн гэр бүл, улс орондоо төдийгүй хүн төрөлхтөн, цаг үедээ үлгэр дууриал үзүүлэгч, манлайлагчид хүмүүний ертөнцийг улам гэгээлэг, тэмүүлэлтэй болгож, ирээдүйдээ илүү итгэлтэй байхад хүмүүст тусалж байгаа нь хамгийн гайхалтай юм. Тэртээх 13-р зуунд өнчин хүү Тэмүүжин нүүдэлчин монголчуудын агуу мөрөөдлийг манлайлж чадсан бол, 1960-аад онд Америкийн хар арьстнуудын мөрөөдлийн галыг Мартин Лютер Кинг бадрааж, Facebook-ийг үндэслэгч Марк Зукерберг орчин үеийн залуусын хүсэл мөрөөдлийн луужин болж байгаа нь юутай бахархалтай.
Манлайлал буюу сайн үлгэрлэлийн хажуугаар буруу жишиг, муу үлгэрлэл гэж бас байнаа. Хувь хүний муу үлгэрлэл нөлөөлөх хүрээ, тарих уршгаараа харьцангуй бага бол төрийн бодлогын, төрийн түшээдийн муу үлгэрлэл дээрхитэй зүйрлэшгүй их байдгаараа нийгэмд тун хортой юм. Хувь хүн нийгэмд заавал манлайлах үүрэггүй бөгөөд манлайлах эсэх нь зөвхөн тухайн хүний авъяас чадвар, амьдарч байгаа нийгмийн мөн чанараас хамаардаг бол төрийн хувьд, хуульчлаагүй ч гэсэн заавал манлайлах учиртай. Учир нь ардчилсан төр ард түмнээ, улс үндэстнээ манлайлж чадна гэж амалж сонгогддог. Тиймээс сонгогдсон төр манлайлахгүй байх, манлайлахаас хойш суух эрхгүй юм. Буруу үлгэрлэх эрх бүр ч үгүй.
Өнөөдөр манай төр улс үндэстнээ оюун санаа болоод бодлого үйл ажиллагаагаараа манлайлж, манлайлагчдыг урамшуулж, манлайллаар нийгмээ удирдаж чадаж байна уу? Төрийн манлайлах үүрэг улс үндэстэнд аюул гамшиг тохиолдсон, дайн самууны үед илүү тод илэрдэг бол энхийн цагт хөгжлийн чиг баримжаа өгөх, нийгмийн үнэт зүйлсийг ариун байлгах, нийгмээ сайн сайханд уриалан зоригжуулахад манлайлах үүрэг түүнээс ч дутахгүй чухал юм. Дэлхийн 2-р дайны үед холбоотон улсуудын төр арми, иргэдээ зоригжуулж, ялалтанд уриалж манлайлж чадсан бол эдийн засгийн хямрал, байгалийн гамшгийн үед төр нь иргэддээ бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хат, урам зориг өгч хамтдаа даван туулдаг, жирийн үед хөгжил дэвшил, нийтлэг сайн сайхан өөд иргэдээ дагуулдаг жишиг дэлхийн соёлт хүн төрөлхтөн, шинэ үеийн төрийн дүр төрх болон төлөвшиж байна.
Тэгвэл шударгыг эрхэмлэж, манлайлагчдыг дэмжих бус, бусармагийг өөгшүүлж, худлыг тэтгэдэг төрийг манлайлагч гэх үү? Татвар төлөгчдийн мөнгийг тансаглалдаа зориулж, талхны мөнгөөр саналыг нь авахаар санаархагчид манлайлагчид мөн үү? Хүмүүсийг нас хүйс, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж үндсэн хуулиндаа тунхагласан байтлаа иргэдээ эр эмээр нь ялгаварлан орох гарах газрыг нь зааж, төрийн эрхэнд зөвхөн хөрөнгөлөг хэсэг гарч болох жишиг тогтоож байгаа төрийн үйлдлийг ардчилсан төр нийгмээ манлайлж байна гэж үзэх үү? Ард түмний баялгийг хууль бусаар цөлмөж, уул усаа үл хайрлан, ирээдүй үеийнхээ амьдрах эрхийг булааж буй шинэ үеийн сайд нарыг манлайлагч төрийн манлай түшээд гэх үү? Нийгмийн үнэт зүйлсийг уландаа гишгэлж, мөн чанарыг өнгө мөнгөөр арилжигсдыг бид магнайдаа залж манлайлагчдын дайтай шүтсээр байх уу?
Шударгыг эрхэмлэхгүй төр нь ямбанд самуурч, манлайлагчдыг дээдлэхгүй муйхарууд хойморт тухалж үндэстний оюун санааг хордуулах үйлийн үрийг яалтай вэ? Харсаар байтал худалч түшмэдийн төр, хулгайн үлгэр болж байгаа нь юутай хөнөөлтэй вэ? Төлсөн татвар нь нийгмийн үйлчилгээнд бус, төр тойрсон бүлэглэлийг баяжуулдаг тогтолцоонд хэн татвараа шударгаар төлж, өөрөөрөө бахархаж чадах вэ? Талхны мөнгөөр саналаа худалдсан ядарсан иргэдэд хөгжлийн талаар бодох сөхөө байгаа болов уу? Эм хүйстэн болж төрснөөр нь өөнтөглөглөж эхнэр хүүхдээ дарангуйлагч харгис эрийг эр эмээр нь иргэдээ ялгаварладаг энэ төр хэрхэн шүүх болоо? Зөвхөн хөрөнгөлөг хэсэг сонгогдох эрхтэй болвол нийгмийн эе эв хэрхэхэд санаа зовох хүн байна уу? Шударга ёс, тэгш боломж дийлэнхэд үгүйлэгдэж, өнгө мөнгө эрх мэдлийн өмнө хүн чанар, үнэт зүйлс хөсөр хаягдах цагт бид юунд найдаж, юугаар баримжаалж урагшлах вэ?
Ямар үр суулгана, тийм жимс хураана. Шударга нэгнийхээ тэнэгийг нь гайхаж, хулгай хийснээ чадаж байна гэх, бурангуйг эсэргүүцвэл буудан алах нь-Яалт ч үгүй МАНлай намын Манлайллын үр жимс.
Худалч, хулгайч түшмэдээс дууриал авсагсад, өчүүхэн олзны төлөө найзаа хөнөөж, эхээ дээрэмддэг болов. Нийгэм зэрлэгшив.– Хулгайч түшмэдийн манлайллын үр жимс.
Татвар төлөөд яах юм, авилгачдыг тэжээх гэж ажиллаагүй гэх. Буруутгаж түвдэмгүй бас л аргагүй үг - Төрөөс баяжигч түшээдийн манлайллын үр жимс.
Хатан ижий, хайрлам охидоо ад үзэв. Гишгэх газар хязгаартай, орох хаалга хаалттай. Эр эмээр нь ялгаварлах нь байн байсаар бүх монголыг бүрхэх орчин үежсэн тэнгэр язгуурт эрсийн агуу болох хосгүй санаа- Аргагүй, Жинхэнэ монгол, манлай эрсийн манлайллын үр жимс.
Үндсэн хууль гууль болов. Зөвхөн хөрөнгөлөг нь засаглаж, зөвхөн хөрөнгөлөгчүүдийг хүчирхэгжүүлэх бодлого хэрэгжиж байна. Ард түмэнд талх хэрэгтэй, түүнийг төр тэгш хуваарилна, Манай төр баян.- Бас л аргагүй, Олигархжсан төрийн улс төрийн манлайллын үр жимс.
Эдийн засаг өсч гэнэ. Өсөх өсөхдөө дэлхийг гайхуулж өсч гэнэ. Өрмийг нь төр тойрсон бүлэглэл харийн хүнтэй найрсаж хүртэв. Хусмыг нь Монолын үрс залбиран хүртэв. Эдийн засаг нь догонцож, уул ус нь бохирдон үлдэв. Монгол хүн ядуурав, чадавхигүйдэв, үнэгүйдэв.– Маргаангүй үнээн, Маниусын байгуулсан манлай төрийн манлайллын үр жимс.
Тиймээ, бид баян төрөөрөө манлайлуулсаар, үр жимсээ хураасаар, мандан бадрахыг мөрөөдсөөр.... Бурхан минь, цаашид тэд хэрхэн манлайлж хааш дагуулахыг би таашгүй....
Эдийн засагч, АН-ын ҮЗХ-ны гишүүн Намсангийн Туяа
2011.12.31 Улаанбаатар хот